Х.МОНГОЛХАТАН

Дэлхийн хэдэн зуун сая хүний өдөр тутам хэрэглэдэг Google хайлтын системд Монголын газар нутгийн зургийг оруулж буй “Google street view”төслийн удирдагч С.Нацагдоржтой ярилцлаа.

-Интернэтийг тэр дундаа Google-ийг ашиглаж Монголыг сурталчлах ямар боломж байна вэ?

-Гаднын улс оронд Монгол Улсыг сурталчлахдаа гол төлөв гоё зурагт хуудас, алдартай дуучид, ардын урлаг, ганган хүүхнээр төлөөлүүлдэг. Гэтэл тэднийг хараад Монголд ирсэн жуулчид хөдөө орон нутгийн зарим газар очоод үнэн дүр зураг, амьдралтай тулаад урам нь хугардаг. Тиймээс Монголыг гоё ганган, сайн муу, сайхан муухайтай нь үнэн зөвөөр сурталчилж, интернэтэд оруулах хэрэгтэй.

Google компани хүн төрөлхтөнд зориулж үнэгүй хайлтын систем хийлээ. Үр дүнд нь хүн хүссэн мэдээллээ олж авдаг болсон. Боломж гарвал гадагшаа дотогшоо аялж зугаалж, юм үзэж нүд тайлахыг хүн бүр л хүсдэг. Үүний тулд Google map буюу замын 360 градусын зураглалыг оруулж байгаа юм.

Дэлхий дээр Монголд очиж үзэх хүсэлтэй хэдэн зуун сая хүн бий. Гэвч танай сурталчилгаа олон хүнд хүрч чаддаггүй учраас тэд ирж чадахгүй байнагэж Google-ийн захирал хэлсэн. Үнэн л дээ. Жирийн аялагч Монголд таван одтой буудалд буух гэж ирэхгүй шүү дээ. Тэд байгалийн онгон төрх, нүүдлийн ахуй амьдралын сайхныг мэдрэхийг л хүсч ирнэ. Тиймээс замд нь тохирох унаа, цэвэрхэн буудал, чанартай хоол байхад болно. Хамгийн гол нь яг одоогийн Монголын тухай үнэн зөв мэдээллийг оруулснаар гадныхны сонирхлыг татаж аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг Google map олгож байна.

-“Google street view” төсөл манайд хэзээ эхэлсэн юм бэ. Төр, засгийн аль нэг байгууллага хамтран ажиллаж байгаа юу?

-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас бид ажлаа эхэлсэн. Жилийн хугацаанд Улаанбаатар хот зүүн бүсийн аймгуудын зураглалыг оруулаад байна. Ирэх хавраас баруун аймгуудаар явна. Өвөл ч хэдэн газрын зураг авсан. Ерөнхийдөө Монгол Улсын газар нутгийн 40 хувийн зургийг аваад Google map-д оруулчихлаа.

“Google street view” төслийг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хот болон БОНХАЖЯ-тай хамтран ажиллаж эхэлсэн. Яамныхан хаашаа очиж, ямар газрын зураг авах талаар зөвлөж байна. Одоогоор Google map-д Улаанбаатар хотыг тэр чигээр нь оруулсан. Ирсэн жуулчид долоон буудалд ч очиж үзэж болно. Тиймээс жуулчдыг татахын тулд гоё ганган биш, үнэн сурталчилгаа манайд хэрэгтэй байгаа юм.

-Google map-ийг хэрхэн хэрэглэх талаар та зөвлөөч?

-Google map гэж бичээд оронгуут баруун буланд шар өнгөтэй хүний зураг бий. Тэр хүнийг газрын зургийн голд авчрахад хөх зураас зам гарна. Тэндээс 360 градусаар авсан зураглалууд гарч ирж хүссэн газартаа очно гэсэн үг. Энэ бол дэлхийд зориулж хийж буй Монголын газрын зураг юм. Жуулчид сонирхсон газраа хэдэн талаас нь эргүүлж тойруулж үзнэ, энд нь ийм уул, тэнд нь тийм гол байна. Замдаа ийм зочид буудалд байрлаж болох юм. Гэхдээ боловсон жорлонгүй юм байна. Энэ хэсэгтээ замгүй юм байна, тэнд нь айл байх нь гээд бодит мэдээллийг авах юм. Хүн гутал авахын тулд харж, барьж, өмсч үзээд авах эсэхээ шийддэг биз дээ. Үүнтэй адил Монгол руу аялахын тулд бодит бүх мэдээллийг Google map-ээс аваад хүсвэл аялах юм. Google map-д одоогоор дэлхийн 68 орон байна. Хамгийн идэвхтэй нь Япон, Сингапур, Англи, Америк гээн аялал жуулчлал өндөр хөгжсөн орнууд байдаг.

-Энэ том төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө шаардлагатай. Санхүүжилтээ хэрхэн зохицуулж байна вэ?

-Бусад улс өөрийн орныхоо Google map-ийг хийлгэхийн тулд мөнгө төлдөг юм билээ. Харин манайд эсрэгээрээ Google санхүүжүүлж байгаа. Эх орныхоо газар нутгаар машинтай явж зураг авахын тулд надад шатахуун авах, хоол идэх мөнгө хэрэгтэй болно. Тиймээс БОНХАЖЯ-тай гэрээ байгуулж, зургаан сая төгрөгийн санхүүжилт авсан. Гэрээнд ямар аймаг, сумын ямар газар нутгийн зургийг оруулах талаар тусгасан. Тэр гэрээгээрээ орон нутгийн удирдлагуудтай зөвлөлдөж ажилладаг.

-Зургийн баг ямар бүрэлдэхүүнтэй явж байгаа вэ?

-Би жолооч, зураглаачтайгаа машинаар явдаг. Нэг секундэд хоёр зураг дардаг 15 камераар 360 градусын зураглалаар авдаг тусгай аппаратур тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Google-ийн машинтай явдаг. Тиймээс Google map-ээр орж тухайн газар нутгийг харсан хүн өөрөө дотор нь аялаад байгаа юм шиг санагддаг. Хүссэн газар руугаа сум заагаад явж үзэж болно. Тэгээд л тэр газрыг биеэрээ ирж үзэхийг хүснэ. Мөн ирж чадахгүй ч дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хэн ч байсан Google map-ийн тусламжтайгаар Монгол Улстай танилцах боломж бүрдэнэ.

Мөн зургийг нь авсан газартаа гурван жилийн дараа дахин очиж зургийг нь авна. Тэгэхэд байгалийн хүчин зүйл болон хүний нөлөөгөөр уул, ус, цэцэг навч хэрхэн өөрчлөгдсөнийг харж болох юм билээ. Ийм төрлийн цаг хугацааны үзэсгэлэн сүүлийн үед гардаг болсон.

Саяхан Лондон хотын 20 жилийн үзэсгэлэн гарсан. 20 жилийн хугацаанд Лондонгийн зарим байшин улаан өнгөтэй байснаа ногоон, хөх болж, гудамжууд нь өөрчлөгдөөд маш сонин юм билээ. Улаанбаатар хотоо ч энэ жишгээр оруулна. Анх зураг авахад ямар байсан, гурван жилийн дараа хэрхэн өөрчлөгдөж, хаана ямар барилга байшин баригдаж, аль чиглэлд зам тавьж вэ гэдэг нь харагдана.

-Та ямар мэргэжилтэй вэ. Яаж яваад Google-тэй холбогдчихов?

-Би Монгол Улсын мэдээллийн технологийн анхны мэргэжилтэн. 1980 оноос хойш энэ салбарт ажиллаж байна. Хөрөнгийн бирж, банкны болон бусад олон байгууллагын программын системийн ажлыг удирдан хийж байлаа.

Чи мундаг байж болно, хэзээ ч Google-ийг олохгүй, харин чи мундаг бол Google чамайг хаанаас ч олногэж ярьдаг. Би Google-ийн хамгийн том захиралтай танилцаж, Монголд урьж уулзсан юм. Тэр хүнд миний туршлага хэрэг болж надаар энэ төслийг хийлгэхээр сонгосон байх. Одоо “Google street view” төслийг хэрэгжүүлэх Монгол дахь удирдагчаар ажиллаж байна.

Мэдээллийн технологи гэдэг хүмүүст орлогоо нэмэгдүүлэх, зардлаа багасгахад л зориулсан багаж юм шүү дээ. Албан газарт сууж, машингүйгээр ажиллах боломжийг интернэт олгодог. Өнөө цагт чухал салбар гэдгийг хүмүүс маш удаан ярьж байна. Гэвч монголчууд хиймэл маягаар л ашиглаж байна. Бүгд ухаалаг утас барьж, хэдэн үг бичиж зураг оруулж байгаа төдийхөн. Уг нь зөв ашиглавал ажил амьдралаа зардал багатайгаар явуулахаас эхлээд олон боломж бий.

-Энэ чиглэлээрээ цаашид ямар ажил хийх бодолтой байна?

-Хотын хүмүүс яг л хөдөөгийн нэг уулын энгэрт байгаа юм шиг замаа заадаг. Дэлхийд хотоо гудамжаараа бус дүрслэлээрээ нэрлэдэг ганц улс монголчууд юм. Нэг талын сонин байж болох. Монголчууд нүүдлийн сэтгэлгээнээсээ салаагүй байгаагийн илрэл. 100 жил болсон ч арилахгүй байх.

Тиймээс орчин үеийн хотын хөгжилд нийцүүлэн Google-ийн газрын болон замын зураг хийнэ. “Ухаалаг Улаанбаатартөслийн хүрээнд хотын гол гудамжууд, олон нийтийн үйлчилгээний газруудын зургийг оруулахаар төлөвлөж байна. Мөн Google-ийн урлагийн институтийн сан хөмрөгт олон музейг хамруулах санаа байна. Энэ бол Монгол Улсад хэрэгтэй чухал ажил юм. Манайхан энэ бүх ач холбогдлыг ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

-Google хайлтын системийг ашиглаад тухайн улс орны хүмүүс юу сонирхож үзсэнийг мэдэж болдог гэсэн. Монголчууд Google-ээр ихэнхдээ юу хайдаг юм бол?

-Хүмүүс интернэтээс мэдээллээ авч, фэйсбүүк, твиттер хөтөлж байгаа нь дэлхийн мэдээллийн баазын системд орсон гэсэн үг. Энд сайн, муу бүх мэдээлэл бий. Өнгөрсөн жилийн хугацаанд монголчууд Google хайлтын системийг ашиглан Тоёото автомашиныг хамгийн их хайж, сонирхож үзсэн байна лээ. Энэ аргаар дэлхийн аль ч улс орны хүмүүсийн сонирхол, хүслийг мэдэж, үнэлдэг болсон.

Өнөөдөр дэлхийн хүн амын тэн хагас нь интернэт хэрэглэхгүй байна. Тиймээс хүн бүр интернэтэд холбогдох бодлогыг Google компа­ниас гаргаж байгаа юм билээ. Интернэт газар нутгийн хол зайнаас хамаа­рахгүй сурах, мэдээ­л­эл авах, мэдлэг олох, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх боломжтой талбар. Тиймээс хэдэн арван хүнээс 100 мянган төгрөг авч байхаар хэдэн зуун сая хүнээс нэг төгрөг авах нь ашигтай, хүртээмжтэй гэдгийг энэ салбарынхан мэдэрч ажиллаж байна. Биднийг ч ийм л бизнесийн орчин хүрээлэх болсон гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин