М.ГАН

УИХ энэ долоо хоногт 2016 оны төсвийн хуулийг хэлэлцэж эхэлнэ. Уг хуульд Засгийн газрын хэрэгжүүлэгч хэд хэдэн агентлагийг хооронд нь нэгтгэх, заримыг нь татах буулгахаар тусгасан. Татан буулгах агентлагийн тоонд Худалдан авах ажиллагааны газар бий. Иймд тус газрын даргаар ажиллаж байсан Д.Энхжаргалтай ярилцлаа.

-Та энэ агентлагийг удирдаж байсан хүн ирэх оны төсвийн агуулгыг мэдэж байгаа болов уу. Таны удирдажбайсан агентлагийг татан буулгах юм билээ. Энэ тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэдэг нэг засаг өөрчлөгдөхөд татан буугддаг байж болохгүй. Худалдан авах ажиллагааны агентлаг нь 55 хүний орон тоотой, нийслэл, дүүрэг, аймагт орон нутгийн хэвтээ удирдлага бүхий нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн.  Татан буугдвал эдгээр хүний нийгмийн асуудал яригдана. Нөгөөтэйгүүр энэ агентлаг болон бүтцийн байгууллагууд бий болсноор 42.7 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт бий болгосон. Энэ нь ХААГ-ын гурван жилийн үйл ажиллагааны нийт төсөв болох 3.1 тэрбум төгрөгтэй харьцуулахад 14.2 дахин их байгаа талаар хэд хоногийн өмнөх мэдээллээс харсан. Татан буугдлаа гэхэд ажилтнууд буцаад яамд руу шилжиж, өөрсдөө бүх зүйлээ хийх болно. Яам, агентлаг, тамгын газруудад худалдан авах ажиллагаа хариуцсан 1-4 хүний орон тоог бий болгоно, энэ нь 55 хүнтэй, мэргэшсэн цомхон бүтэц байсан нь улам нэмэгдэнэ. Энэ нь олон талаар хүрсэн үр дүнгээсээ ухарсан, гарах үр дүн нь тодорхойгүй алхам болж байгаа нь илт харагдаж байгаа.

-Та бараг гурван жил Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилласан. Энэ хугацаанд ямар ажилхийв?

-Анх суух ширээ, сандалгүй газар шинээр байгуулж байлаа. Яамдаас худалдан авах ажиллагааг хариуцдаг мэргэжилтнүүд шилжин ирж 10 хүнтэйгээр ажлаа эхэлсэн. Худалдан авах ажиллагааны газар бусад агентлагаас онцлогтой. Цахим худалдан авалт хийдэг болсон. Олон мянган цаасны хэрэглээг халж ганцхан CD-нд тендерийн бүх материалаа хийгээд ирдэг болсон гээд дэвшилт олон гарсан. Энэ салбарт үүнээс ч илүү хийх ажил байгаа. Хэдий шинэ агентлаг ч гэлээ гуравхан жилийн хугацаанд сангийн яам, олон улсын байгууллага дэмжиж, албан хаагчдыг чадавхижуулъя, цахим системийг илүү сайжруулъя гэж ханддаг болсон. Азийн хөгжлийн банк төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байсан. Одоо энэ ажил юу болсныг мэдэхгүй. Мөн Европын сэргээн босголтын банк цахим дэлгүүрийн ажилд тусламж үзүүлэх байсан ч удааширчихлаа. Худалдан авах ажиллагааны газар шинээр байгуулагдсанаар эхний хоёр жилд 26-28 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байсан.

-Та ийм ажил хийчихээд яагаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан юм бэ?

-Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны 140 дүгээр тогтоолд “Өөр ажилд шилжин ажиллах болсон тул гаргасан хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэсэн илт хууль бус үндэслэл гаргасан байсан.  Би өөрөө огт тийм хүсэлт гаргаагүй.

[caption id="" align="alignnone" width="689"] “Засгийн газар гаргасан тогтоолоо хэрэгжүүлж өөр ажилд шилжүүлээгүй зургаан сар боллоо”[/caption]

-Та ямар ажилд шилжсэн юм бэ?

-Би өөр ажилд шилжээгүй. Гаргасан хууль бус тогтоолынхоо дагуу ч Засгийн газар намайг өөр ажилд шилжүүлээгүй, томилоогүй. Тогтоол гарах үед би Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байсан. Хоёр удаа хүнд мэс засалд орчихоод байсан үе.

-Та өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй юм уу?

-Тийм асуудал огт байхгүй. Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх болон түүний зөвлөхүүдийн зүгээс “...улс төр хүнд байна, ажлаа өг...” гэсэн шахалтыг өдөр бүр гаргадаг байсан нь цаад утгаараа өөрийн намын хүнийг уг албан тушаалд томилох гэсэн санаа байсан. Гэхдээ төрийн алба улс төрөөс ангид байх ёстой учраас ажлаа өгөх үндэслэл байхгүй гэж би тухайн үед үзсэн.

[caption id="" align="alignnone" width="579"] “У.Хүрэлсүх болон түүний зөвлөхүүдийн зүгээс “...улс төр хүнд байна, ажлаа өг...” гэсэн шахалтыг өдөр бүр гаргадаг байсан нь цаад утгаараа өөрийн намын хүнийг уг албан тушаалд томилох гэсэн санаа байсан”[/caption]

-Тэгвэл өөрийн тань хүсэлтээр бус өвчтэй байхад тань ажлаас чөлөөлжээ. Ийм зүйл болчихоод байхад тасанал гомдол гаргаагүй юм уу?

-Би ажил хийж, амьдрах хэрэгтэй шүү дээ. Засгийн газар гаргасан тогтоолоо хэрэгжүүлж өөр ажилд шилжүүлээгүй зургаан сар боллоо. Иймд Хөдөлмөрийн хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлд хандсан. Тус зөвлөлөөс Засгийн газрын тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 39.1.1-ийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг яаралтай шийдвэрлэх албан тоот ЗГХЭГ-т удаа дараа явуулсан байдаг юм билээ. Тиймээс өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хуулийн дагуу шийдэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өгсөн.  Засгийн газар гаргасан тогтоолоо хэрэгжүүлэхгүй байгаа учраас шүүхэд хандаад таван сар болж байна. Шүүх хурал болох гэхээр ЗГХЭГ өмгөөлөгч авна гэсээр хурлыг удаа дараа хойшлуулсаар байгаа. Хоёр удаа өмгөөлөгч томилсон ч хэргийн материалтай танилцаагүй, эсвэл өмгөөлөгчтэйгээ хөл­сөө тохироогүй гэдэг шалтгаанаар хойшлуул­даг. Уг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бүхэл бүтэн хуулийн асуудал хариуцсан хэлтэстэй мөртлөө миний эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан энэ асуудал дээр гаднаас гэрээгээр өмгөөлөгч-хуульч хөлслөн авч ажиллуулж байгааг ойлгохгүй байгаа. Хамгийн наад зах нь нөгөө өмгөөлөгч-хуульчдаа улсын төсвөөс л хөлсийг нь төлж байгаа шүү дээ.

-Тухайн үед АТГ-аас таныг шалгасан гэсэн үнэн юм уу?

-АТГ намайг шалгаад өнгөрсөн тавдугаар сарын 28-нд дүгнэлт гаргасан. Надад зургадугаар сарын 21-нд өгсөн. Ямар ч асуудал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гаргасан. АТГ-аас жил бүр төрийн байгууллагуудад үнэлгээ өгдөг.  Энэ үнэлгээгээр манай Худалдан авах ажиллагааны газар 120 гаруй төрийн байгууллагаас эхний таван байрт ордог байсан. Энэ бол АТГ-аас миний ажилд өгсөн үнэлгээ гэж бодож байна. Төрийн албан хаагчид ажлаа үр дүнгээр харуулдаг байх ёстой. Жил бүр үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнүүлдэг. Үүгээр дандаа 98, 99 хувийн үнэлгээ авдаг. Энэ бол манай агентлаг, тэнд ажилладаг төрийн албан хаагчийн ажлыг дүгнэсэн гэж бодож байна.

-Тендер зохион байгуулдаг байгууллага учраас олон жилийн турш явсан хардалт танайд ч байдаг байсаншүү дээ?

-Би аливаа зүйлийг ил тод, шилэн дансаар явуулдаг байсан. Цахим хуудастаа шилэн тендер гэдэг линк нээж, тендерт шалгарсан байгууллагын тухай материалыг анх удаа цахимаар зарласан. Энэ бол худалдан авалт хэр ил тод,  нээлттэй болсны том дэвшил гэж бодож байна. Эрдэмтэн хүний хувьд би хийсэн ажлын үр дүнгээ л харуулъя гэж шинэ агентлагийг удирдан ажилласан. Шинэчлэлийн Засгийн газрын үед агентлагийн дарга нар, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар долоо хоногт нэг удаа цуглаж асуудлаа ярьцгаадаг байсан нь төрийн ажил шуурхай  явахад хэрэгтэй байсан. Төрийн албан хаагч ямар ч үед хуулийн дагуу ажиллах ёстой.

-Төрийн албанаас тантай адил “өөр ажилд шилжих” нэрээр халагдсан хүн олон бий. Тэдний зарим нь эрхээхамгаалдаг ч үр дүнд хүрэхгүй байх шиг. Үүнд хэн анхаарах ёстой вэ?

-Зөвхөн би ч биш ийм асуудалтай төрийн жинхэнэ албан хаагч олон бий. Тэд эрхээ хамгаалуулах гээд явж байгаа байх. Энэ байдалд төрийн албан хаагч тогтвор суурьшилтай ажиллах, мэргэшсэн байх, залгамж чанартай байхад ЗГХЭГазар анхаа­рах хэрэгтэй болжээ. Төрийн албан хаагчид хэзээ халагдах, солигдох бол гэж айдастай ажил­ладаг болсон нь нууц биш. Төрийн албанд олон жил ажилласан турш­лагатай, мэргэшсэн хүмүүсээ тогтвортой ажил­луулах талаар ЗГХЭГ, ТАЗ анхаарах цаг болжээ. Ер нь төрийн жинхэнэ алба улс төрөөс ихээхэн хамааралтай болж Засгийн газар солигдох, аль нэг сайд дарга өөрчлөгдөхөд төрийн мэргэшсэн албан хаагчдыг бөөнөөр өөрчилдөг гажиг тогтолцоо бий болоод байгаа нь Монголын төрийг хүчгүйдүүлж, чадваргүй болгож байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин