Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Энэ удаагийн “Элчин сайд ярьж байна” буландаа Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатарыг урьж ярилцлаа.

-Монгол, Япон улстай дипломат харилцаа тогтоогоод 43 жил болжээ. Энэ хугацаанд харилцааны хэд хэдэн шатыг туулж 2010 онд стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн байгаа. Тэгэхээр хоёр улсын харилцаа өнөөдөр хангалттай сайн хэмжээнд явж байна гэж болох уу?

 -Монгол, Японы харилцаа өнөөдөр хамгийн сайн үедээ явж байна. Хоёр орны харилцаа эхний хагасдаа төдийлөн идэвхтэй хөгжих боломж хязгаарлагдмал байв. Энэ нь тухайн үеийн хоёр орны нийгмийн байгуулал, үзэл суртал өөр,  хүйтэн дайн, өрнө дорнын зөрчил зэргээс шалтгаалж байсан. Гэхдээ хүнд цаг үе байсан гэхэд харин ч хоёр орны харилцаа 1972-1990 оны хооронд хэвийн явж ирсэн.

Ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт эхэлснээс хойш хоёр талын харилцаа үсрэнгүй хөгжсөн. Энэ нь Монгол, Японы эрх ашиг, нэг шугам, цэг дээр огтлолцсонтой холбоотой. Тухайлбал, Ардчиллын замыг сонгосон Монгол Улсад тусалж дэмжих түншүүд хэрэгтэй байсан.

Тухайн үед Япон өрнөдийг төлөөлсөн Азийн их гүрний хувьд олон улсын харилцаанд гүйцэтгэх үүрэг ролио өсгөх зорилт тавьж байсан. Азийн социалист орнуудаас ардчилал руу хөл тавьсан анхны улс Монголыг дэмжих нь Японы тавьж байсан зорилттой нийцсэн.

Ингээд хоёр улс үнэт зүйлсээр холбогдож, үүнээс үүдэн Монгол, Японы харилцаа 1990 оноос эрчимтэй хөгжсөн гэж болно. Япон улсын Ерөнхий сайд асан Т.Кайфү 1991 оны наймдугаар сард Монголд айлчилсан нь тус улсаас манайд айлчилсан анхны япон Ерөнхий сайд байв. Япон төдийгүй Өрнөдийн орнуудаас Монголд айлчилсан анхны Ерөнхий сайд байсан. Энэ айлчлалаар Монголын ардчиллыг дэмжих Японы бодлогыг  тунхагласан. Хоёр улсын харилцаа төдийгүй олон улсын тавцанд Монголыг дэмжих механизмийг бий болгож хөгжүүлэх бодлогыг зарласан. Олон улсын тавцан дээр дэмжих механизм гэдэг нь Дэлхийн банктай хамтран 1992 оноос хойш 10 удаа Монгол Улсад, туслах хандивлагчдын хурлыг зохион байгуулсан юм. 1997 оноос хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн зарчимд шилжсэн. 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлахдаа дараагийн шинэ шат болох стратегийн түншлэлийн харилцаанд шилжих тохиролцоонд хүрч өнөөдөр стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх ажил ид хэрэгжих шатандаа сайн явж байна.

-Та бид хоёрын яриа ч гэсэн стратегийн түншлэлийн хүрээнд Япон, Монголын харилцаа хэрхэн түлхүү хөгжиж байгаа талаар өрнөх болов уу. Мэдээж энэ хүрээнд худалдаа эдийн засаг, соёл боловсрол зэрэг тэргүүлэх салбаруудын талаар сонирхож асуумаар байна?

-Стратегийн түншлэл нь таван баганаас бүрэлдэж байгаа харилцаа. Нэгдүгээрт, улс төрийн салбарт бие биеэ харилцан ойлгосон, итгэмжилсэн харилцаа сайн явж байна. 2013 онд Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монголд айлчилсан. Үүнээс хойш хоёр жилийн хугацаанд манай Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайдтай долоон удаа уулзсан байдаг. Энэ он гарсаар манай УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бүх аймгийн дарга нар Японд айлчилсан. Мөн PM 2+2 гэсэн томьёололтой хоёр улсын Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлүүдийн удирдлагууд зөвлөлдөх уулзалт хийж хэвшсэн. Гадаад яамд хооронд стратегийн бодлого  зөвлөлдөх уулзалтыг ч хийдэг. Батлан хамгаалах яамд хоорондоо шууд харилцаж, бүс нутаг, түүний аюулгүй байдлын асуудлаар санал солилцдог болсон. Одоогоор Монголын 20 орчим залуу Японы Батлан хамгаалахын академид суралцаж байгаа зэргээр энэ салбарын харилцаа өргөжиж байна. Аюулгүйн зөвлөлийн дарга нар харилцан айлчилж, энэ салбарт хэрхэн хамтрах талаар санал солилцож байгаагаар улс төрийн харилцаа, яриа хэлэлцээнүүд тэлж байгаа. Зайлшгүй онцлох нэг зүйл бол парламент хоорондын харилцаа. Парламент хооронд 1974 онд харилцаа тогтоосноос хойш тогтмол харилцаж, төлөөлөгчид жил бүхэн харилцан айлчилж байна. Японы парламентад Монголтой харилцдаг хоёр бүлэг бий. Манай парламентын 76 гишүүний 57 нь оролцсон Монгол, Японы бүлэг ажилладаг.Монгол, Япон улс төрийн ойр дотно харилцаатай болж чадсан.

-Тэгвэл Япон, Монгол бүс нутгийн хэмжээнд хэрхэн санаа зорилго нэгтэй хамтарч байгаа бол?

-Стратегийн түншлэлийн улс төрийн баганын нэг чухал хөл бол бүс нутгийн хамтын ажиллагаа. Монгол, Япон Зүүн хойд Азид оршдог. Хоёул энэ бүс нутгийнхаа хурцадмал, төвөгтэй байдлыг намжааж, энх тайван, тогтвортой байдлыг бий болгох, үүндээ дөрөөлж бүс нутгийн эдийн засаг бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх замыг нээх эрмэлзэлтэй орнууд. Японы Ерөнхий сайд Ш.Абэ хоёр орны харилцааг “Монгол, Япон хоёр орон Зүүн хойд Ази дахь хамгийн ойр дотно стратегийн чухал түнш орнууд” гэж дүгнэж хэлсэн. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарын диалогийг зохион байгуулах санаачлагыг дэвшүүлсэн. Манай улс Япон БНАСАУ-ын уулзалтыг Улаанбаатарт хоёр удаа зохион байгуулсан. Хамтын ажиллагааны хэд хэдэн тодорхой чиглэл бий. Нэгдүгээрт, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд зургаан талт хэлэлцээг сэргээх. Хоёрдугаарт, Солонгосын хойгт тогтвортой байдал бий болгож, түүн дээр үндэслэн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Цаашдаа бүс нутагт яриа хэлэлцээний механизм бий болгох.

-Хамтын харилцааг илтгэх өөр чухал хэсэг нь эдийн засгийн салбар. Хоёр улсын худалдааны эргэлт жилд дунджаар 500 сая ам.доллар байдаг юм билээ. Эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулах ямар боломжууд байна вэ?

-Стратегийн түншлэлийн гурав дахь багана бол худалдаа, эдийн засаг. Энэ харилцаа одоохондоо даруухан байгаа гэж болно. Мэдээж энэ салбарын харилцааг улс төрийн сайн харилцааны төвшин рүү ойртуулах зорилт тавьсан. Тухайлбал, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох. Одоогоор жилдээ 500 сая ам.долларын худалдаа хийж, Японы 200 гаруй компани 200 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Сүүлийн үед эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл, сонирхол өргөжиж байгаа нь чухал юм. Монголын хувьд Японы тэргүүний технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах харин Япон улс манай эрдэс баялгуудыг худалдаж авах сонирхолтой. Хоёр талаас ийм сонирхолтой байгаа учраас хамтын ажиллагааг хөгжих сууриудыг нь тавьж өгөх учиртай. Юуны өмнө эрхзүйн үндсүүдийг бүрдүүлэх. Дараа нь хөрөнгө оруулах таатай нөхцлийг бий болгох. Энэ чиглэлээр худалдааны гэрээ, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хэлэлцээр байгуулсан. Хоёр жилийн өмнө Японы экспортын зээлийн шугамыг нээх тухай хэлэлцээр байгуулсан. Энэ жил эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгууллаа. УИХ үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой хоёр хуулийн төслийг баталсны дараа хэлэлцээр хэрэгжиж эхлэх юм. Энэ нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд шинэ үеийг авчрах ач холбогдолтой.

-Хөрөнгө оруулалтын тухайд японууд хэр сайн мэдээлэлтэй бас ямар бодолтой явдаг юм бол?

-Сүүлийн үед эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахын өмнөх, байгуулах, байгуулсны дараах шатанд хөрөнгө оруулалтын семинаруудыг идэвхтэй зохион байгуулж байна. Саяхан гэхэд Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо -“Кэйданрэн” нийгэмлэгийн ерөнхийлөгч 39 том компаниудын захирлуудтай хамт ирж Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар семинар хийлээ. Хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан мэдлэгээ өргөжүүлэх, бие биенээ таних шаардлагатай байдаг. Тэр утгаараа энэ төрлийн семинарыг олон удаа хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ийм семинаруудыг, Улаанбаатар, Токио болон орон нутгуудад идэвхтэй зохион байгуулсан. Тэр хэрээр японуудад хөрөнгө оруулах, хамтрах сонирхол нэмэгдэж байгаа.

-Боловсролын салбарын хувьд Монгол оюутнуудыг Японд сургах чиглэлд Засгийн газар нь хамгийн их дэмждэг шүү дээ?

-Соёл, боловсрол, олон нийт, спорт, орон нутаг хоорондын хамтын ажиллагаа нь стратегийн түншлэлийн дөрөвдүгээр багана болдог. Монгол 1980-аад оны эхээс оюутнуудаа Японд бэлтгэж эхэлсэн. Одоогоор 1700 орчим оюутан Японд сурч байна. Японы Засгийн газрын тэтгэлгээр аспирант докторууд сурдаг. Үүний зэрэгцээ Японы байгууллагууд, хувь хүний тэтгэлгээр суралцдаг оюутан ч бий. Цаашид оюутны тоог нэмэгдүүлэх гол хүрээнд оюутны мэргэших чиглэл буюу Монголын өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх талаар ярилцаад бүтэмжтэй явж байна. Тухайлбал, уул уурхай,уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, зам барилга, электроник зэрэг чиглэлээр ирэх таван жилд 1000 оюутан сургах хэлэлцээр байгуулсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхний оюутнууд ирж сурч эхэлсэн. Мөн эрдэмтдийг сургах, эрдэм шинжилгээний хамтарсан баг гаргах, судалгаа хийж үр дүнг нь ашиглах, шинжлэх ухаан технологийн парк байгуулах талаар хамтран ажиллах яриа идэвхтэй хийгдэж байна. Үүнээс гадна мэргэжилтэй ажилчин бэлтгэхээр хамтарч ажиллаад эхэлсэн. Энэ чиглэлээр Японы Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн.

-Соёлын салбарын тухайд?

-Монгол, Японы хооронд соёлын харилцааны тухайд дуу хөгжим, бүжиг, уран зураг, үндэсний баяр наадмын тухай харилцан бие биедээ таниулах солилцоо өргөжиж байна. Манай морин хуурын чуулга Японд жил бүр тоглодог уламжлал тогтсон.МУГЖ Д.Сосорбарамын удирддаг язгуур урлагийн хамтлагууд Токио, Осака бусад мужид нэр хүнд олж байна. Үүний зэрэгцээ Монголын түүх, соёл, угсаатны зүй, зан заншил, байгаль, хөгжлийн асуудлаар танилцуулга хийх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах олон талын арга хэмжээ явдаг. Үүнтэй адил Японы соёлыг танилцуулах үйл ажиллагааг ч Монголд зохион байгуулдаг. Мэдээж сүмогоор дамжуулан спортын салбар амжилттай байгаа бол бусад төрөлд ч ахицтай явааг дурдах хэрэгтэй.Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хамтрах тухай ярьж байна. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн харъяанд орчин үеийн оношлох, эмчлэх тоног төхөөрөмж бүхий эмнэлэг барих ажил эхэлсэн гээд олон ажил бий.

-Орон нутгийн байгууллагууд шууд харилцаа холбоотой байж чаддаг уу?

-Энэ чиглэлээр амжилттай ажиллаж байна. Манай хэд хэдэн аймаг Японы 10 мужтай шууд хамтарч ажилладаг. Тухайлбал, Улаанбаатар Саппоро хоттой, Нийгата муж Хөвсгөл, Шизүока муж Дорнод, Ойта муж Баянхонгор, Тоттори муж Төв аймагтай холбогдсон. Орон нутгийн байгууллага шууд харилцах нь Монголд хэрэгтэй жижиг дунд үйлдвэрийн технологиудыг нутагшуулах ач холбогдолтой. Хоккайдо муж гэхэд эрс тэс уур амьсгалтай газар ногоо тарих, мал аж ахуйн тэжээл бэлтгэх чиглэлд, Ишикаво мужийн бага оврын дулааны цахилгаан станцуудыг орон нутгуудад байгуулах судалгааг хийж байгаа. Мөн хоёр орны олон нийтийн байгууллагуудын хамтын харилцаа 1970 оноос хойш тасралтгүй явж ирснийг хэлэх хэрэгтэй. Хоёр улсын Засгийн газар тэднийг дэмжихээс гадна өөрсдөө сайн хөгждөг. Монголд Японтой хамтарч ажилладаг 30 гаруй нийгэмлэг байдаг бол Японд 80 орчим нийгэмлэг бий. Тэр дунд гурван мянган гишүүнтэй хүчирхэг нийгэмлэг байхад хоёрхон хүнтэй нь ч бий. Сонирхуулахад япон хүү аавтайгаа хамт өглөө бүр гүйхдээ хүүхдүүдийн хаясан зурагтай, үлгэрийн номуудыг цуглуулж цэвэрлээд монгол оюутнуудаар орчуулуулдаг. Ингээд жилдээ 15-20 хайрцаг номтой Монголд ирж нийслэл болон орон нутгийн хүүхдүүдэд тараадаг байх жишээтэй. Нийгэмлэг хооронд сайн харилцаатай байхаас гадна хувь хүмүүсийн хооронд ч сайхан харилцаа тогтож байна.

-Таны ярианд Монгол, Япон бие биеэ дэмжиж байдаг тухай олон удаа дурдагдлаа. Энэ асуудлыг хоёр тал ихэд чухалчилж байгаа бололтой?

-Стратегийн түншлэлийн тавдугаар багана бол олон улсын тавцан дээр Монгол, Япон хоёр бие биеэ дэмжсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, байгаль орчноо хамгаалах, терроризмтэй тэмцэх, НҮБ-аар хэлэлцдэг бүх глобаль асуудлаар саналаа солилцож, байр сууриа зохицуулдаг.

- Монгол Улсын эдийн засаг сайжирч байгаатай холбоотой Япон улс өнгөрсөн жилээс буцалтгүй тусламжаа зогсоосон гэх мэдээлэл бий. “Өвсний үндэс” төсөл хөтөлбөр гэхэд боловсролын салбарт хамгийн урт хугацаатай, үр дүнтэй хэрэгжсэн. Одоогоор Японы хөрөнгө оруулалтаар хамтарсан ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа вэ?

-Сүүлийн 25 жилд японууд Монголд 2.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ хүрээнд олон салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Эдийн засаг сайжирч, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 3000-аас дээш гарвал буцалтгүй тусламж зогсдог журамтай. Гэхдээ Япон улс буцалтгүй тусламжаа бүгдийг зогсоогоогүй байгаа. Сургуулиудын өргөтгөл, засварын тусламжаа үргэлжлүүлнэ. Хөнгөлөлттэй зээлийн төслөөр олон улсын нисэх онгоцны буудлыг барьж байна. 2017 оны эхний улирал гэхэд дуусна. Цаашид уул уурхай, төмөр зам, эрчим хүчний салбарт ажиллана гэж ярьж байна. Мөн хөнгөлөлттэй зээлээр дулааны цахилгаан станцуудыг барьж эхлэх юм. Зэс гүнзгийрүүлж боловсруулах, нефть боловсруулах, нүүрс шингэрүүлэх, төмөрлөгийн үйлдвэр барих тухай ч яригдаж байгаа. Мөн мал аж ахуйн болон газар тариалангийн бүтээгдэхүүн үр тариа боловсруулах, хөрс боловсруулах шинэ технологийг хэрэгжүүлэх чиглэлээр судалгаанууд идэвхтэй хийж байна. Зарим ТЭЗҮ нь гараад эхэлсэн. Мөн зүүн төмөр замыг барих асуудлаар санал солилцож эхэлсэн. Ер нь ойрын үед эдийн засгийн хамтын ажиллагааны хувьсал гарах болно.

-Япон руу зорчих визний нөхцлийг хөнгөлөхөд нэлээд ахиц гарсан. Энэ талаар?

-Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих, энгийн паспорттай хүмүүст нэг, хоёр, гурван жилээр олон удаагийн виз олгож эхэлсэн. Иргэдийн солилцоо ч нэмэгдэж байна. Тэр дундаа хоёр орны бизнесийн харилцаатай болохыг хүссэн иргэдийг мэдээллээр хангах, хамтрагчаа олоход нь туслахыг Элчин сайдын яамны зүгээс хичээж ажиллаж байна.

-Танай Элчин сайдын яам хэдэн ажилтантай вэ. Монгол иргэдтэйгээ хэрхэн ажилладаг вэ?

-Японд ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаална гэдэг Элчин сайдын үйл ажиллагааны нэг чухал хэсэг. Элчин сайдын яам найман ажилтантай. Иргэдтэйгээ харилцах шууд ажлыг Элчин сайдын яамны Консулын газар хариуцдаг. Иргэддээ бүх төрлийн консулын үйлчилгээ үзүүлэх, цаашлаад хөдөлмөрийн харилцаатай, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой бүхий л төрлийн асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлж,  мэдээлэл, зөвлөгөө өгдөг. Мөн тухайн улсын хуулийг сахих, элдэв зөрчилд орохгүй байх талаас нь анхаарч ажилладаг. Одоогоор Японд 6000 орчим монгол хүн амьдарч байна. Жил бүр шинээр ирсэн оюутнуудтай уулзаж, зөвлөгөө өгдөг байдал хэвшсэн. Манай оюутны холбоо, Монгол иргэдийн холбоо ЭСЯ-тай сайн харилцаатай байдаг. Зөрчлийн хувьд жуулчны визээр ирээд ажил хийх буюу хууль бусаар амьдрдардаг тохиолдол бий. Гэхдээ энэ нь сүүлийн үед харьцангуй багассан. Хоёр улсын харилцаа өргөжин тэлж байгаа энэ үед манай яамны ажилтнууд өндөр ачаалалтай ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин