Н.МӨНХЖИН

Израилийн нисэх хү­чин Сирид хоёр өдөр дараалан цохилт өгч Сирийн армийн 42 цэр­гийн аминд хүрлээ хэмээн Лондонд төвтэй хүний эр­хийн Syrian Observatory for Human Rights (SOHR) байгууллагаас мэдээлэв. Зуу орчим хүн сураггүй алга болоод байна хэмээн тус байгууллагын тэргүүн Абдель Рахман ярилаа. Израиль улс агаарын довтолгооны хариуцлагыг албан ёсоор өөртөө аваагүй ч Израилийн нисэх хүчин сүүлийн хэдэн өдөрт Сирийн газар нутгийг хоёр удаа дов­толсныг нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж баталж байна. Еврейн улс лалын “Хезболла” хө­дөлгөөнд зориулагдсан Ираны зэвсэглэлийг уст­гах гол зорилгоор дээрх довтолгоо хийсэн болол­той. Тель-Авивын эрх баригчид Сири дахь иргэний дайны хүчний хуваарилалтад хөндлөн­гөөс оролцох бодолгүй байгаа ч Ливаны өмнөд хэсэгт төвлөрдөг лалын “Хезболла” бүлгийн байр суурь бэхжихийг ямар ч аргаар зогсоохыг хүсч байгаа юм.

Дамаскийн Засгийн газар Израилийн агаарын довтолгоог дайн зарласан­тай адил хүлээн авчээ. Сирийн албаны төлөөлөгч “Израилиуд дахин дов­толбол бид зохих хариуг нь өгч, өшөөгөө авах болно” хэмээн мэдэгдэв. Сирид Ираны зэвсэг хадгалагдаж байгаа гэсэн мэдээллийг Тегераны тал няцаажээ. Одоогоор Сирийн арми байнгын бэлэн байдалд орж, Оросоос худалдаж авсан “Газар-газар” ан­гиллын пуужин болон пуужингаас  эсэргүүцэн хамгаалах системээ ажил­луулахад бэлэн болжээ. Израилийн тал АНУ-тай зөвшилцсөний үндсэн дээр агаараас довтолсон хэмээн Сири улс үзэж байна.

Иран улс болон лалын шийтүүдийн “Хезболла” хөдөлгөөн нь Сирийн Ерөн­хийлөгч Башар Асадын дэглэмийн гол холбоотнууд билээ. Иран улс Ливан дахь лалуудтай холбогдож Израилийг пуужингаар заналхий­лэхэд Сири улс гол суваг болж өгдөг. Тиймээс Сири нь Тегераны хувьд гео­политикийн томоохон ач холбогдолтой аж. Сирийн эрх баригч дэглэм “Хезболла” бүлэгт баллис­тик пуужин нийлүүлж эхэллээ гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах болсон юм. Сирид суннитуудаас голдуу бүрддэг босогчид эрх мэдэлд гарч ирвэл Иранд ямар ч ашиггүй. Б.Асадын дэглэм нурвал Тегеран Израилийн хил дээрх чухал холбоотон “Хезболла”-тай холбоо тасрах ажээ.