“Барилга, орон сууц-2015” үзэсгэлэнгийн хаалга өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлттэй байлаа. Найм дахь жилдээ болж буй энэ үзэсгэлэнд гадаад, дотоодын 120 гаруй аж ахуйн нэгж оролцов. Нийслэлийн хэмжээнд барьж босгосон орон сууцны шинэ төслийг энэ үзэсгэлэнгээр танилцуулахын зэрэгцээ барилгын салбарт нэвтэрч буй орчин үеийн дэвшилттэй техник, технологийг дэлгэн үзүүлсэн юм.
Орон сууцны нийлүүлэлт өссөн ч үнэ төдийлөн буураагүйг эндээс харж болох аж. Уг нь эдийн засгийн онолоор бол нийлүүлэлт давсан үед үнэ буурах учиртай.
Тус үзэсгэлэнгээс танилцуулж буй шинэ орон сууцны ам.метр талбайн үнэ хамгийн бага нь нэг сая 250 мянга байна. Тэгвэл хотын төвд орон сууц хамгийн хямддаа ам.метр талбай нь 1.9 сая төгрөг бол дээд үнэ нь 5.5 сая төгрөг байгаа юм.
Үзэсгэлэнг зорьж ирэгсдийн санаа бодлыг сонсвол тэд орон сууцны байршил хэмжээ зэрэгт бус ам.метр талбайн үнэ ямар байгааг илүү сонирхож байсан юм.
Одоо нийслэлд барилгын компаниудын барьсан 20 гаруй мянган айлын сууц эзнээ хүлээж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн дэвшил нь өргөн олныг нэгэн зүгт татаж чаджээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин