Ц.ГАЛБАДРАХ

 

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Л.Дашням нарыг Оросын Санкт-Петербургийн их сургууль, Татарстаны Зохиолчдын хороо, Казанийн их сургуульд зочилж лекц уншаад ирснийг дуулаад уулзаж цөөн хором хөөрөлдөв.

 

DSC00167-Энэ жилийг Оросууд яруу найргийн жил болгон зарласан юм байна. Жишээ нь, Сахад сайхан сайхан ажил их зохиогдож байгаа гэсэн шүү.

-Өө, за...?

-Саяхан Санкт-Петербургийн Их сургуулийн Дорно дахин судлалын тэнхим төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр бид хоёрыг яруу найргийн жилтэй ч нэг их холбоогүй байх аа, гэхдээ ирж лекц уншина уу гээд бид хоёр очоод ирлээ.

-Сэдэв нь мэдээж утга зохиолын чиглэлээр үү?

-Монгол уран зохиолын хөгжил, монгол сэтгэлгээний өнөөгийн байдлын тухай оюутнуудад дэлгэрэнгүй ойлголт өгөхийг хүссэн юм. Батбаяр монгол сэтгэлгээ, монгол зан заншил, монгол хүний ааш аягыг уран зохиолд тусгаж байгаа тухай, монгол хүн-байгалийн харилцаа, монгол хүн-адгуус амьтны харилцааны тухай яриад, түүнийг ойлгохгүйгээр монголчуудыг ойлгохгүй дээ гэсэн санаа хэлж байна лээ, тэдэнд. Эхдээ гологдсон ботгыг авахуулж байгаа бичлэг үзүүлээд гүн утга учиртай тайлбарласан нь хүмүүсийн сонирхлыг их татсан.

Найруулагч Хишигтийн “Ингэн эгшиг” баримтат киног оросууд сайн мэддэг юм билээ. Батбаяр харин түүнээс арай өөр, сүүлийн үеийн аятайхан бичлэг авч очсон байна. Их сайхан хөөсөлдөг эмэгтэй, морин хуурч залуу, голсон ботгоо “таниад” ивлээд нулимс унагаж байгаа ингэ... зэргийг үзээд даган уярч суугаа хүмүүст ингийг яагаад тэгж хөөсөлдөг тухайд нарийн тайлбарлан хэлж, учир утгыг нь гүнзгий сайхан ойлгуулсан. “Гайхамшигтай зүйл байдаг юм байна аа” л гэцгээж байсан.

Ийм л, амьтан адгуусны хэлийг мэддэг, тэдэнтэй харилцаж чаддаг хүмүүсийг л монголчууд гэдэг юм даа. Одоо чинь амьтантай байтугаа хүн нь хүнтэйгээ хэл амаа ололцохоо больжээ л гэж дүгнэж байх шиг байна лээ дээ.

-Батбаяр гуайн хэлсэн тэр санааг арай тодотгож болох уу?

-Монголчууд амьтны хэлийг мэдэх, амьтантай харьцах, байгалиа хайрлах, хамгаалах  талаар асар их мэдлэг хуримтлуулж, дагаж мөрдөж ирсэн маш их хүнлэг, байгальллаг ард түмэн. Одоо цагт хүмүүс байгалиа хайрлах биш аль болохоор ашиглах, цөлмөх, сүйтгэх буруу үйлтэй болсон.

Ер нь дэлхий ертөнц маань сүйрэл рүүгээ яваад байна гэдгийг онцолж, өнөөдөр л санаж сэрэхгүй бол болохоо байж байгааг сануулж, залуусаас бие биенээ хайрлах, хүнлэг байх, байгаль дэлхийгээ хайрлахыг бараг л  гуйж байна лээ дээ.

Байгалиа хайрладаг сэтгэлгээ нь монгол зохиолчийн бүтээл туурвилд их тусдаг, түүнийг л ойлгох юм бол монгол хүнийг ойлгоно, монгол уран зохиолыг ойлгоно. Юуны төлөө санаа зовоод байгааг нь ойлгоно гэдгийг хэлж байсан.

-Харин та ямар сэдвээр лекцдэв?

-Би ч яахав, ноднин намар тэнд очиж өнөөгийн Монголын нийгмийн байдал, улс орны хөгжлийн тухай нэлээн том лекц уншсан юм. Миний тэр лекцийн материалыг сургалтдаа хэрэглэдэг болсон юм гэсэн. Монгол түргэн хөгжиж байгааг миний лекцнээс ч тэр, Монголд ирээд буцсан хүмүүсийн яриа хөөрөөнөөс ч тэр их анзаарч олзуурхаж байгаа нь харагдаж байна лээ.

Залуусын орон ямар амжилттай, ямар алдаатай байдгийг ний нуугүй л хуучилсан даа. Ардчиллын ололт, бэрхшээл зовлонгийн талаар их л шалгааж байна лээ. Нээлттэй, магадгүй дэндүү их нээсэн орны сайн, мууг өөрийн мэдсэн, бодсондоо тулгуурлан ярьсаан ярьсан.

-Та хоёрын лекцийг сонсогчид нь ямар хүмүүс байх юм...?

-Монгол хэл сурч байгаа нэг, хоёрдугаар курсийн оюутнууд, багш нар. Тэд Монголтой танилцах, Монголд ирж үзэх хүслээ илэрхийлж, монгол судлалаар цаашид хамтарч ажиллах хийгээд бас бус асуудлын талаар олон л санаа хэлж байна лээ. Санкт-Петербург бол монгол судлалын гол төвийн нэг. Оросдоо ганц том төв нь ч гэж хэлж болно доо. 

Монгол хэл сурч, Монголыг судалж эхэлсэн үүсгэл угшил Казаниас Петербург рүү шилжсэн түүхтэй юм. Түүнийг үргэлжлүүлж олон монголч судлаачдыг бэлтгэж байгаа газар бол одоо Петербург болсон. Монгол хэл, уран зохиол дээрээ Монголын түүх судлалын анги шинээр нээсэн байна. Тэр ангид оюутан элсэх хандлага илүү байгаа гэнэ. Оросоос гадна Халимаг, Сахагаас ч оюутнууд суралцдаг юм байна.

-Петербургийн нөгөө алдарт Гал бичмэлийнх нь хүрээлэнгээр оров уу?

-Очсоон, очилгүй яахав. Академийн том хүрээлэн шүү дээ. Ховор гар бичмэл, түүхэн дурсгалын зүйлс, хувь хүнээс бэлэглэсэн, худалдаж авсан... асар их юм байдаг юм байна аа. Тэнд элдвийг сонирхож явахад нэг л зүйл санаанд бууж байсан.

-Тэр нь юу вэ?

-Оросоос гадаадад сууж байгаа элчин сайдууд нь өөрийн улстай холбоотой ямар өв, соёл, дурсгал ажиллаж байгаа оронд нь байна вэ? гэдгийг маш их судалдаг, түүнийгээ мэдээлдэг, зарим нэг үнэт зүйлийг нь өөрийн хөрөнгөөр худалдаж авдаг, түүнийгээ төрийнхөө сан хөмрөгт бэлэглэдэг, бас зардаг ч байсан юм байна. Гэтэл манай элчингүүд Монголынхоо түүх соёлтой холбоотой зүйлсийг судалсан, ямар нэг дуудлага худалдаан дээр очиод Монголын соёлын ийм тийм өвийг худалдаж аваад улсдаа бэлэглэсэн гэдэг ч юм уу, тодорхой үнээр улсдаа худалдсан тохиолдол сонсогдсон бил үү, үгүй бил үү?

-Тэр тухай дуулж байгаагүй юм байна...?

-Дуулдаагүй байх аа. Уг нь тийм байвал зүгээр л юм байна гэж бодогдож байлаа.

Ер  нь Монгол маань дэлхийн их эзэнт гүрэн байсан учраас манай соёл биет болоод биет бус байдлаар дэлхийгээр нэг тарчихсан. Гадаадад байгаа тэр соёлын өв, дурсгалыг мэдэж, судлах, цаашлаад Эх орондоо авчрах талаар элчин сайдуудаасаа эхлээд санаа тавих ёстой байх л даа. Гар бичмэлийн хүрээлэнг үзэж явахдаа л тэгж бодлоо.

-Тэнд манай улстай холбоотой зүйлс хэр элбэг байх юм...?

-Одоогоор манайхаас өгсөн, хадгалуулсан гар бичмэлийн зүйл, бичгийн дурсгал тийм ч олонгүй бололтой юм. Хэрвээ гар бичмэл, бүтээлээ өгье гэвэл болохгүй ч газаргүй юм байнаа. Манай судлаачид, эрдэмтэд харин нэлээд очиж ажилладаг юм байна шүү.

-Эрмитажид мэдээж өнжөө байлгүй. Петербургт хөл тавьсан хүн түүгээр оролгүй гарсан гэвэл итгэхгүй дээ?

-Өө, үзлээ. Эрмитажийн Монголын түүхийн холбогдолтой хэсгийг бид хоёр нэлээд тогтож сонирхлоо. Хүннүгийн үеийн үзмэрүүд нэмэгдсэн байна. Ноён уулын булшнаас олсон зүйлсийн судалгаа их сайн явж байгаа юм байна. Судлаад, шинжлэх ухааны хувьд бодитой мэдээлэл өгөх хэмжээнд хүрэхээр нь үзмэр болгож гаргаж ирдэг юм байна.

Эд өлгийн зүйлсийг нь л гэхэд ямар эдээр гэдэг юмуу, ямар бөс даавуугаар, тэр нь ямар хийцээр, нэхмэлээр, сүлжээсээр хаана, хэдийд, хэн урласан зүйл вэ? гэхчилэн бүгдийг нарийн судалдаг нь мэдэгдэж байна. Судалгаа хийж байгаа эрдэм шинжилгээний ажилтантай нь уулзаж, “анхны хүнээс нь” гэгчээр олон сайхан үг сонслоо.

-Ноён уулын булшнаас олдсон зүйлсийг үзмэр болгоод тавьчихаж уу?

-Тийм л дээ. Олон үзмэр бий. Дэлгэж тавиагүй олон зүйлийн судалгаа нь дуусч байгаа юм байна. Ирэх жил гэхэд каталог гаргах, судалгааны үр дүнг бүрэн мэдээлэлж, 1900-гаад үзмэрийн тухай танилцуулга толилуулахад бэлэн болох гэнэ. Нэгэн бодлын тэр олон зүйл Эрмитаж-д очсоноор алдсангүй, сайхан хадгалагдаад, одоо түмэн олонд эргээд хүрэх нь дээ гэж бодогдож байлаа.

-Зөв газраа очсон гэсэн үг үү?

-Энд байсан бол нөгөө динозаврууд шиг маань дэлхийгээр нэг тараад явчихсан байхыг үгүй гэхгүй л байх. Бид ер нь Монголын соёлтой холбоотой ямар зүйлс хаана байгааг эхний ээлжинд мэдэх нь чухал л даа. Түүнийг Монголдоо авч ирэх, ирэхгүй нь дараагийн “том” асуудал юм. Чадах ч юм бий, чадахгүй ч юм бий байх.

- Та хоёр мөн Татарстаны Казанийн их сургуульд зочилсон гэл үү?

-Петербургээс миний нэг найзын урилгаар тийшээ очсон. Урьсан хүн маань нийгмийн идэвхитэй хүн учраас тэндэхийн Зохиолчдын хороо, Түүхийн хүрээлэнтэй яриад уулзалтуудыг товлочихсон байсан. Татарын Зохиолчдын хороо нь тусгай том сайхан байртай юм. Баян худалдаачны шилтгээн байсан түүхтэй юм гэнэ. Зохиолчдын хорооны дарга нь гурван орлогчтой гээд бодохоор төсөв, хөрөнгийн бололцоо, улсын анхаарал байнаа байна. Зохиолчид нь ном бичээд шагнал хөлс авдаг юм байна. Манай 1990 оны өмнөх шиг л юм л даа.

Казанийн их сургууль бол байгуулагдсанаар нь яривал Москвагийн их сургуулийн дараа ордог эртний сургууль шүү дээ. Лобачевский гэдэг аугаа их хүний бүтээл л дээ, нэг үгээр.

-В.И.Ленин, Л.Н.Толстой нарын сурч байсан сургууль биз дээ?

-Тийм ээ. Толстой оюутан байхдаа лут сүрхий хүн байсангүй. Салхилгагүйтэж, шийтгүүлж ч явсан түүхтэй юм байна. Түүхийн салбараас философийн салбар руу шилжүүлж өгнө үү гэсэн өргөдлийнх нь зургийг би аппаратандаа буулгаж л явлаа.

Бид хоёр тэнд Лениний сурч байсан танхим, сууж байсан ширээг сонирхлоо. Сандал дээр нь нэг нэг суугаад зургаа татуулчихлаа.

-Ленин багшийн сууж байсан ширээ нь тодорхой байх юм уу?

-Урдаасаа гуравдугаар эгнээнд хамгийн захад суудаг байж. Вова хүү бол сурлага, бүх талаараа онцгой байсан гэнээ.

Казаньд байхад Чувашийн зохиолч Илья Иванов бид хоёртой зориуд ирж уулзлаа. Татарстаны ч тэр, Чувашийн ч тэр зохиолчид манай зохиолчидтой харилцаа холбоо бараг байдаггүй юм байна. Бид харин Муса Жалильтайгаа юм аа.

Татаруудтай бид он жил олон олныг туулж,нэгэн нутгийнхан байсан нь “түүхэн явдал” болж холдсон ч, эрт үеийн хэлхээ холбоо, угшилын ул мөр байнаа, байна. Хэн нь монгол, хэн нь татар болохоо ярьцгааж л байна.

-Тухайлбал...?

-Өө яахав, одоо “Татаро-Монгольская ига” /Татар-Монголын түрэмгийлэл/ гэж ярьдаггүй болсонд аль аль нь таатай л байлаа. Би нэг багашаархан “Орос-Татар толь” сонирхон худалдаж авсан. Маш олон монгол үг байна шүү. Угсаа гарвал нэгтэй улс гэдгийг тэр нь нотолж байх шиг байна.

Татар хэлээр хацрыг янаг гэдэг юм байна. Манайхан ч XIII зуунд хацрыг янаг гэдэг байсан байж мэднэ. Духан дээр нь үнэрлэдэг байсан нөхдийн хэн нэг нь хацар дээр нь шовхийлгэснээс тэрхүү янаг хэмээх хацар нь хацраасаа холдоод хүн дээр гүйгээд оччихсон ч байж болно. Тэгээд утга өөр үг болоод шилжрээд явчихсан байхыг ер байг гэхгүй.

- Казаний их сургуульд сурч байгаа монгол оюутан байх юм уу?

-Бидэнтэй хэн ч таарсангүй. Номын санд нь бид хэрдээ удсан. Тэнд сонирхолтой монгол ном байснаас “сонирхолтой” монгол нэг ч харагдсангүй. Музейд нь бол бүүр ч удсан. Тэнд ч монгол хүн орж ирсэнгүй. Төгссөн хүн ч ер нь байхгүй байх аа. Тийм болохоор татар гэдэг эртний монгол хүнтэй л уулзаж яваад ирлээ дээ.

-Их баярлалаа, сайхан явжээ.