С.УЯНГА
“Өвөлд бэлэн үү” булан энэ удаа Хэнтий аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Төрмөнхтэй холбогдлоо.
-Танай аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-Өвөлд бэлтгэх аймгийн Засаг даргын албан даалгавар гарч бүх сумдад хүргэсэн. Мөн дөрвөн аж ахуйн нэгжтэй хамтарч аймгийн нөөцөд 450 тонн өвс бэлдүүлэхээр гэрээ хийлээ. Аймаг сумдынхан бололцоогоороо хадлан тэжээл бэлтгэхээр талбайгаа үзэж, сонгоод явж байна. Хадлангийн хажуугаар газар тариалангийн аж ахуй нэгжүүд ногоон тэжээл бэлтгэж байна. Гандуу байснаас болж ургац муудсан учраас оройтож ургасан талбайгаа ногоон тэжээлийн зориулалтаар хадаж хурааж авах тооцоо хийсэн. Мөн мичин жил гарахтай холбогдуулаад сумын Засаг дарга нар өөрсдийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс 10 тонн тэжээл бэлтгэхээр даалгавар авчихсан байгаа.
-Мичин жилийн өвөл хүндэрч магадгүй гэж ярьцгааж байгаа?
- Малчид ерөнхийдөө ирэх өвөл хүндэрч магадгүй гээд малаа чанар тарга хүчээр нь ангилаад борлуулж байна. Малын ханш их муу байна. Төлөг 40, 50 мянгаас илүү гарахгүй байна. Аймгийн хэмжээнд 3.8 сая мал өвөлжинө. Тиймээс аймгийн Засаг даргын нөөцөд бэлдсэн 450 тонн байгалийн хадлан 50 тонн тэжээл хөнгөлөлттэй үнээр малчдад өгнө. Мөн 100 тонн байгалийн хадлан 10 тонн тэжээл сумдад нөөцөлж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин