Б.Нямсүрэн

Өнгөрсөн гуравдугаар сард хорт хавдраар өвчилснөө гунигтайгаар дуулгаж байсан Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдраа ялан дийлснээ зарлалаа. Өнгөрсөн есдүгээр сард түүний химийн эмчилгээ дуусч, хавдраас ангижрахын төлөө бүх анхаарлаа хандуулж байгаа тухайгаа мөн мэдэгдэж байсан юм. Түүнээс хойш томоохон арга хэмжээнд бараг оролцоогүй Катерин гүнж шинэ оны эхэнд өөрийн эрүүл мэндийн талаарх сайхан мэдээг дуулгав.

Тэрээр “Хорт хавдраас ангижирч, эргээд хэвийн амьдралдаа орох нь хүнээс асар их хүч, цаг хугацаа шаарддаг.  Ирж байгаа цаг хугацаа, ирээдүйд болох олон сайхан зүйлийг тэсэн ядан хүлээж байна. Үргэлж туслаж сэтгэлийн дэм өгч байдаг хүн бүрт баярлалаа” хэмээн Х платформдоо бичсэн байна.

Уэльсийн гүнж мягмар гарагт Лондон хотын The Royal Marsden эмнэлэгт хорт хавдар өвчинтэй тэмцэж буй өвчтөнүүдтэй уулзсан байна. Мөн энэ үеэр түүнийг тус эмнэлгийн томоохон сайн дурын албан тушаалд албан ёсоор ажиллах болсныг мэдэгджээ. Нэгэн цагт түүний хадам ээж Уэльсийн гүнж Диана энэхүү албыг хашдаг байсан бөгөөд түүний хүү Уиллиам ерөнхийлөгчөөр нь ажиллаж байжээ. Харин одоо тэрээр энэхүү үүргээ өөрийн гэргий Кейттэй хамтран гүйцэтгэх болсон байна. Шинэ ажлаараа хавдрын эсрэг сүүлийн үеийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, энэ хүнд өвчинтэй тэмцэж буй өвчтөн болон тэдний гэр бүлийн сайн сайхныг дэмжихэд голлон анхаарна гэж гүнж Кейт мэдэгджээ.