Б.СОЛОНГО
Цав цагаан даашинз өмсөөд, үсэндээ цэцгэн тууз хатган үлгэрт л гардаг үзэсгэлэнт гүнж болчихоод, энэ орчлонг элээж дуустлаа хамтдаа байхаар шийдсэн хайртай залуудаа хөтлүүлээд, зөвхөн өөрт нь зориулсан тэр өдрийг аз жаргалаас өөр юу ч бодохгүй өнгөрүүлэх. Бүсгүй хүн бүрийн хуримын тухай төсөөлөл минийхтэй ижил болов уу. Хүний амьдралд ганцхан тохиох тэр өдрийн дурсамжаа хожим гэрэл зургийн цомогноосоо харах бүртээ дахин баясаж, инээмсэглэж сууна. Хуримын өдрийн аз жаргал, гоо үзэсгэлэн, хайр сэтгэл, баяр хөөр бүхнийг гэрэл зургийн дурандаа буулгаж, хожим дурсах түүхийг бүтээдэг хариуцлагатай үүрэг зурагчных. Ийн оршилдсоны учир нь “Амьдралын тойрог” шинэ дугаартаа аавынх нь нэртэй зэрэгцэн “Хуримын” гэсэн үг бас нэгэн овог нь болчихсон зурагчин залууг урьсан хэрэг. Түүнийг С.Сайнжаргал гэдэг. “Хуримын Сайнаа” гэвэл эчнээ таних хүн илүү олон байх. Сошиал сүлжээнд бол хайртай хосуудын өөрийн авсан гайхалтай зургуудыг атаархал төртөл нийтэлдэг “Mongolian wedding photographer” хуудасны эзэн. Өөрсдийн хүч хөдөлмөр, идэвх зүтгэл, зөв сэтгэлээр хийж бүтээж яваа залуу үеийнхний нэгэн төлөөлөл болсон энэ залууг “Амьдралын тойрог” зочноор урьсандаа баяртай байлаа.
“Монгол” дээд сургуулийн байранд хүрээд ирээрэй гэсний дагуу очихдоо гэрэл зургийн студи хүлээж байгаа гэдэгт бат итгэлтэй явсан юм. Гэрэл зургуудыг нь л харж байснаас нүүр тулж уулзаж байгаагүй болохоор аппарат, компьютерээр тоноглосон ажлын байранд очно гэж төсөөлсөн. Гэтэл бодсоноос тэс өөрөөр буюу “Монгол” дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн багш С.Сайнжаргал хэмээн өөрийгөө танилцуулсаар тэрээр угтлаа.
Багш, гэрэл зурагчин, аялагч, уулын спортын тамирчин, дугуйчин гээд түүний “мэргэжил” олон юм. Багаасаа зураг зурах сонирхолтой байсан нь түүнийг гэрэл зургийн салбараас салгаж чадаагүй гэнэ. Аав нь , өвөө нь нягтлан байсан учир тухайн үед гэр бүлийн шаардлагаар нягтлан болохоор дээд сургуульд элсчээ. Салгаж чадаагүй гэдгийн учир нь оюутан байхдаа гудамжны уран зураг буюу графит зурдаг байсан, найзуудтайгаа нийлж захаас том цагаан даавуу авч байгаад тоглолтын зарлал зурж бизнес хийдэг байжээ. 2000 оны эхээр фм-д хип хоп чиглэлийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр хүртэл ажиллаж байсан гэнэ. Гэхдээ аав, өвөөгөөс удамшиж үлдсэн нягтлангийн мэргэжлээ хаялгүй сургуульдаа багшаар үлдэж, сүүлийн 10 жил тасралтгүй багшилж байгаа гэсэн. Гэргий нь мөн л нягтлан мэргэжилтэй, одоо гуравдугаар ангийн хөөрхөн охинтой С.Сайнжаргал “Юмыг арай өөр өнцгөөс харах гэж оролддог маань гэрэл зурагчин болоход нөлөөлсөн гэж би боддог. 10 жилийн жаахан хүүхэд байхдаа л дүрслэх урлагийн чиглэлээр авьяастай байсан” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
АСУУЛТ: Өөрөө хуримаа хийсэн үү?
ХАРИУЛТ: Хүн бүр л асуух юм. Хийж амжаагүй ээ. Дийлэнх залуучууд над шиг байгаа байх. Эхлээд орон гэртэй больё гэж боддог. Би тийм л бодолтой. Гэхдээ хэмжээндээ хийнэ гэсэн төлөвлөгөө бий. Ойрын 2-3 жилдээ багтаагаад хийх байх. Хурим гэхээр л заавал баян тансаг байх албагүй. Гол агуулга нь ойр дотныхноосоо ерөөлийн үг сонсох шүү дээ уг нь.
АСУУЛТ: Гэрэл зурагчин хүнд сайн техник, авьяас хоёрын аль нь чухал юм бэ?
ХАРИУЛТ: Сүүлийн үед зарим залуус техник чухал гэж боддог болсон байна. Түүнийг буруутгаж байгаа хэрэг биш л дээ. Гэхдээ гэрэл зурагчин, сонирхогч хоёрын ялгаа нь толгойноос нь гарч байгаа зургандаа байдаг болов уу гэж боддог. Технологи хөгжсөөр байгаад нэг цэгт очно. 2006 онд бидний мэргэжлийн аппаратаар авдаг байсан зургийг одоо халаасны аппаратаар авчихаж байна. Ингэж явсаар бүх технологи адилхан болсон үед ялгарах зүйл нь тухайн хүний уураг тархинаас гарч эхлэх болов уу.
-Тэс өөр хоёр мэргэжлийг хослуулж ажиллахад хэцүү биш үү. Магадгүй зөвхөн санхүүгийнчиглэлээрээ ажилласан бол гэж одоо бодогддог уу?
-Эзэмшсэн мэргэжлээрээ дагнан ажиллаагүй шалтгаан гэвэл надаас нэг тийм уран бүтээлч санаа гарч ирээд байдаг юм. Нэг ёсондоо юмнаас амархан уйддаг, аливаа зүйлийг өөр өнцгөөсө харахыг хүсдэг гэх үү дээ. Гэтэл эзэмшсэн мэргэжил маань миний энэ занд бүрэн тохироогүй. Нягтлан бодогч бол байнга л нэг юмаа хийдэг. Сар болгон түүнийгээ давтаж хийнэ. Гэхдээ мэргэжлээ муулж байгаа хэрэг биш шүү. Тийм болохоор сургуульдаа багшаар үлдэх санал ирэхээр нь хүлээж авсан. Нягтлангаас ялгаатай нь багш байна гэдэг өдөр бүр өөр зан араншинтай оюутнуудтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, өдөр бүр шинэ зүйлтэй тулгардаг болохоор өнөөх сонирхол, зан характерт маань нийцээд байгаа хэрэг. Сургуульдаа 10 жил тасралтгүй багшиллаа.
-Энэ олон ажлыг яаж амжуулаад байдаг юм бэ. Хуримын гэрэл зурагчин, багш, уулчин, тэгээд группуудынидэвхтэй гишүүн гээд л?
-Хувийн зохион байгуулалтаа сайн хийчихвэл болох л асуудал шүү дээ. Хичээлээ заана, сул цагаар нь зургаа авна. Ерөнхийдөө зургаагаас есдүгээр сард сургууль амрах үеэр хуримнууд болдог. Тийм болохоор ажил маань таараад байдаг юм.
“Манай зарим багш нар Сайнаа танай оюутнууд замбараагүй байна гэдэг. Гэхдээ багш гэсэн хана хэрэм байснаас илүү нээлттэй, чөлөөтэй харилцах нь илүү санагддаг юм”
“ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧДЫГ НЭГТГЭЖ ЧАДСАН НЬ БИДНИЙ ГАВЬЯА БАЙХ”
Салбарынхан нь Сайнааг suuder.com, agshin.mn гээд гэрэл зургийн томоохон сайтуудыг үүсгэн байгуулсан гэдгээр нь андахгүй. Ерөнхийдөө Монголд гэрэл зургийг илүү бүтээл тал руу нь хөгжүүлэхэд эдгээр сайтууд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ талаар тэрээр ингэж ярилаа. “Yahoo группийн www.flickr.com гэж гэрэл зургийн маш том цахим хуудас бий. 2006 онд энэ сайтын Монгол дахь группийг яагаад нээж болохгүй гэж бодсон юм. Тухайн үед интернэт хэрэглээ ид хөгжчихсөн, хүмүүс нүүр тулаад уулзахгүй ч онлайн ертөнцөд хүрээллээ үүсгээд эхэлчихсэн байсан үе. Тэр үед монгол залуус яагаад өөрсдийн авсан зургийг яг flickr шиг оруулдаг сайттай байж болдоггүй юм гэж бодоод agshin.mn сайтыг нээж байсан. Дайн ба энх хамтлагийн ахлагч, “Гэрэл зураг” номын зохиогч Энхтайван, “Asuult.net”-ийн захирал Эрхэмчухал, Амар зэрэг залуустай хамтарч “Агшин.мн”-ийг нээж байсан. Уг нь анхнаасаа 3-4 хүн л зургаа оруулж байна гэсэн бодолтой байлаа. Гэтэл зураг тавиад эхлэнгүүт нутгийн өнцөг булан бүрээс залуучууд холбогдож эхэлсэн. Үнэндээ гэрэл зураг сонирхдог өчнөөн хүн байгаад байдаг. Гэтэл өөр хоорондоо холбогдож чаддаггүй байсан хэрэг л дээ. Тэгээд маш олон хүн сайтад зургаа тавих хүсэлтээ явуулсан болохоор агшин сайтыг нээлттэй болгож хүссэн хүн бүр гэрэл зураг оруулах эрхтэй болгосон юм. Дараа нь тодорхой хэмжээний гишүүнчлэлтэй, илүү бүтээлч агуулгатай, урлаг талаас нь гэрэл зургийг харуулах зорилгоор suuder.com сайтыг нээсэн. Анх Мөнхдэлгэр гэдэг залуу надад санал тавиад ажиллуулж байлаа. Түүнээс хойш гэрэл зураг сонирхогчид асар ихээр нэмэгдэж байна. Бидний гавьяа гэж хэлэхээр зүйл юу байсан бэ гээд одоо бодоод үзэхээр цаг үеэ олж гэрэл зураг сонирхогчдыг нэгтгэсэн юм болов уу гэж боддог. Одоо гэрэл зураг сонирхож, оролдож, мэргэшиж байгаа залуусаас Монголын нэрийг дэлхийд гаргах мундаг зурагчин гарна гэдэгт итгэж байгаа. Одоо гадаадад яг гэрэл зургаар дагнан мэргэжил эзэмшиж байгаа 4-5 залуу байгаа байх. Миний хувьд яг мэргэжлийнх нь сургуульд сурсан зүйл байхгүй. Одоо Ерөнхийлөгчийн гэрэл зурагчин Л.Элбэгзаяа миний анхны багш. Хадаг барьж мөргөсөн багш биш ч мэргэжлийн аппарат авахаас эхлээд л энэ хүнээс асууж, студи дээр нь бараг амьдардаг байлаа.”
“300 ОРЧИМ ХОСЫН ХУРИМЫН ЗУРАГ НАДАД БИЙ”
АСУУЛТ: Хурим гэдэг сайхан бүхний илэрхийлэл. Сайхан энерги авдаг биз?
ХАРИУЛТ: Тэгэлгүй яахав. Хурим болгон дээр өөрөө хийж байгаа юм шиг л огшоод байдаг юм. Өөрөө сэтгэл хөдлөлтэй байж зурган дундаа орно. Хосууд бүжиглээд диско яваад эхэлвэл бүжиглэж байгаад шахуу л зураг авна даа.
Хуримаа хийх гэж байгаа хосуудын хувьд Сайнаа эрэлт ихтэй. 2008 оноос хойш хуримын гэрэл зургаар дагнан ажилласан болохоор арга ч үгүй биз. Хосуудын хувьд мартагдашгүй баярын өдрийг нь гэрэл зургийн дуранд буулгаж, үнэтэй, торгон мөч бүрийг алдалгүй авах үүрэгтэй болохоор түүнийг “Амьдрал гэрчлэгч”, “Аз жаргал мөнхлөгч” гэж яагаад ч юм нэрлэмээр санагддаг. Өнөөдрийг хүртэл нийт 300 орчим хосын хуримын зургийг авч, бүгдийнх нь зургийг архивтаа хадгалдаг гээд бодохоор энэ нэр тохирохоос аргагүй мэт.
-Хуримын анхны зургаа авч байсан үеэ дурсаач?
-Ер нь гэрэл зураг сонирхогчид байгалийн зургаас л эхэлдэг шүү дээ. Би ч тийм л байсан. Монгол орон минь үзэсгэлэнтэй сайхан учраас татагдахгүй байхын аргагүй. Харин 2008 онд нэг найз маань хоёр дүүгийнхээ хуримын зургийг аваад өгөөч гэж хүссэн. Тухайн үедээ би хуримын зургийг яаж төсөөлж байсан гэхээр айл бүрийн альбомонд байдаг шүү дээ. Ордны хээтэй хаалганы наад талд хамтдаа зогсож авахуулсан зураг. Ер нь арай өөр байлгамаар санагдаад судалж эхэлсэн л дээ. Интернэтээр багагүй хайж, ухсан. Гэтэл хуримын гэрэл зураг аль хэдийнэ бие даагаад хөгжчихсөн салбар болчихсон байсан. Тэгээд л өөр хэлбэрээр авч үзсэн юм. Зохиомж оруулаад уран сайханлаг гоё байдлаар авахыг хүссэн. Гэхдээ хэтрүүлэгтэй биш. Зүгээр л номхон зогсоолгоод авахыг хүсээгүй юм. Тэгээд тэр зургаа “агшин” дээр тавьтал хүмүүс хандаж эхэлсэн. Өөрөөр чинь зургаа авахуулья гээд. Тэгээд л хуримын зурагчин болчихсон доо.
-Хосуудын хамгийн чухал өдрийг авч үлдэхээр ажиллаж байгаа хүний хувьд маш их хариуцлага ирнэбиз?
-Тэр мэдээж. Цаг барихаас эхлээд хариуцлага өндөр. 2008 онд найзынхаа дүүгийн хуримын зургийг авчихаад “Гамма” агентлагийн Цацрал ахад үзүүлэхэд намайг хуримын зургаар дагна гэж зөвлөсөн. Гэхдээ миний өмнөө тавьсан зорилго бол хуримаа хийж байгаа хосууд мэргэжлийн зурагчин авдаг жишиг тогтоох. Хүний амьдралын хамгийн баярт өдрийн хамгийн чухал зүйл бол гэрэл зураг байдаг. Тэр өдөр өнгөрнө, харин гэрэл зураг үүрд үлдэнэ шүү дээ. Миний үеийнхэн, бас дээш насныхны ярьж байгааг сонсоход нэг таньдаг хүнээрээ зургаа авахуулсан л гэж ярьдаг байсан. Харин одоо мэргэжлийг зурагчин ажиллуулахыг хаана хаанаа боддог болж. Өөрөөр хэлбэл, хүмүүс хуримыг бусдад зориулж хийдэг байсан бол одоо цагт өөрсөддөө илүү анхаарсан, нандин дурсамжаа үлдээхэд илүү ач холбогдол өгдөг болж.
АСУУЛТ: Өнөөгийн нийгмийн талаар ямар бодолтой явдаг вэ?
ХАРИУЛТ: Яалт ч үгүй мэдээ уншихаар стрессдээд байх юм. Гэхдээ өөдрөг л мөрөөдөлтэй байхыг хичээдэг. Би хүртэл Чингис бондын өрийг яана аа гээд улстөржөөд уурлаад эхэлвэл юу болох вэ. Тийм болохоор залуучууд үүргээ ухамсарлаад дор бүрнээ өөрсдийгөө хөгжүүлээд, хичээвэл болохгүй зүйл үгүй.
-Бодсон зохиомжинд чинь хосууд хувирч чадахгүй үед яадаг вэ?
-100 хувь нийцдэггүй юм гэхэд 80-90 хувьтай нийцүүлэхийг л бодно. Заримдаа ч хосуудаа загнана, аргадна янз бүр болно. Манай монгол залуус чинь бүрэг шүү дээ. Яагаад тэгж хэлж байна гэхээр гурав, дөрвөн жилийн өмнө хоёр америк Монголд хуримаа хийсэн юм. 50 гаран настай хосууд байсан. Монголд жуулчилж яваад танилцсан болохоор энд хийсэн гэсэн. Тэгэхэд 50 гарчихсан хосууд манай 20-той залуучуудаас илүү гал халуун байсан л даа. Би бараг өмнөөс нь санаа зовчих гээд байдаг /инээв/. Гэхдээ зураг авахад надад илүү аятайхан байсан. Мэдээж бүрэг, ичимхий байлаа гээд орхихгүй л дээ. Хэрэв тэгээд орхидог байсан бол би өдийд хуримын зурагчин гэж нэрлэгдээд иймэрхүү амжилттай явахгүй л байсан байх. Хосуудтайгаа эхэлж уулзахдаа инээлгэж үзнэ. Тэгээд ерөнхий ойлголтоо авна. Сүүлдээ олон зураг аваад ирэхээр тэд ядарна. Тухайн үед нь амраана. Хосуудаа хөгжилтэй байлгах гээд онигоо ярина, маазрана. Тэр дундаас л зураг сайн гардаг. Хуримын зураг аз жаргалтай байх ёстой шүү дээ. Болохгүй байна гэхээр эхнэр нь нөхөртөө уурлана “Чи одоо дургүй байгаа юм уу” гэж тунина. Зарим үед нь нөхөр нь бүр гөжүүдлэнэ. Юм юм л болно доо. /инээв/
-Сайн өдөр хурим ихтэй үед захиалга зэрэгцэж ирвэл яадаг вэ?
-Хамгийн түрүүнд захиалсныг нь л авдаг юм. Сайн өдөрт 100 хурим боллоо гэхэд 30 нь над руу залгадаг. Мөнгөтэй, төгрөгтэй хүмүүс нь үнэ хэлж ч ярина. Гэхдээ ёсзүй байх хэрэгтэй шүү дээ. Ганцхан тэр хуримыг аваад л миний ажил дуусчихгүй учраас. Зарим нь яасан үнэтэй юм л гэнэ. Аппарат барьсан л бол зурагчин гэж боддог шиг байгаа юм. Танай сонины зурагчин бол үйл явдлаа аваад сурчихсан байдагтай адил хуримын зурагчин хуримын ордонд болдог үйл ажиллагааг бүрэн дүүрэн мэддэг байх хэрэгтэй. Хуримын ордонд өглөө зураг авах, өдөр авах хоёр шал өөр. Одоо ингэж үг хэлээд юмаа өгнө. Эхнэр нөхөр үнсэлцэнэ. Тэр үед нь энд нь зогсож байхгүй бол урдуур хүн орно гэх мэт бүх зүйлийг төлөвлөж ажилладаг. Хуримын ёслол дээр сэтгэл хөдөлгөсөн үйл явдлууд болно. Сүйт бүсгүй аавтайгаа бүжиглэдэг шүү дээ. Тэр үед охин нөхөр хоёроо хараад сууж байгаа ээжийн харц ямар байна. Зарим нь уяраад уйлна. Тэр мөчийг алдалгүй авна. Охиноо гэрээсээ гаргаж өгөхдөө аав ээж нь ямар байх уу, аав нь нулимс унагавал хүлээж байгаад зургийг нь дарна. Энэ бүхнээ нарийн мэдэж байгаа учраас мэргэжлийн гэдэг үнэ цэнэ нь оршиж байгаа юм. Яагаад үнэлгээ яриад байна гэхээр хөтлөгч, машин, ресторан гээд олон зүйлд их мөнгө зарцуулдаг. Тэгсэн хэрнээ эцэст нь үлдэх дурсамж болсон гэрэл зураг, бичлэгнээс мөнгө харамлачих гээд байдаг хүмүүс бий. Гэхдээ харьцангуй гайгүй л дээ. Зарим хосууд би хоёр жилийн өмнө нөхөртэйгээ танилцаагүй байхдаа хурим хийвэл заавал танаар зургаа авахуулна гэж боддог байсан гэж ярина. Зарим нь таны ажил болохгүй бол бид хуримын өдрөө өөрчилье гэнэ. Янз бүр шүү.
-Зургаа авахуулж чадаагүй нь сэтгэл дундуур үлддэг байх даа?
-Зөндөө байгаа. Яалтай ч билээ дээ. Би ямар биеэ хоёр хуваалтай биш. 100 хурим болж байсан ч би өдөрт нэг л хуриманд үйлчилнэ. Ялгаагүй шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд захиалсныг нь авдаг юм.
-Хуримын зургаараа үзэсгэлэн гаргах тухай боддоггүй юм уу?
-Бодолгүй яах вэ. Өнгөрсөн хавар гаргах гэсэн сул өдөр олдоогүй. Ирэх хавар гаргах санаа байна. Гэрэл зургийн үзэсгэлэн гэснээс 2008 оны сүүлээр агшин.мн-ийн хоёр жилийн ойн үеэр бидний хэдэн гэрэл зурагчин хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан. Тухайн үедээ зургаа хэтэрхий их засварласан байна гэсэн шүүмжлэл сонсч байлаа. Гэхдээ миний бодол өөр байдаг. Сонин сэтгүүлийн баримтат зурагнаас гадна гэрэл зургийн өчнөөн төрөл жанр байна. Нэгэнт л дижитал гэрэл зургийг засварлах программууд олноороо байна. Миний бодлоор засваргүй зураг давсгүй хоолтой адил. Ямар ч орчинд очоод дижитал зураг авахад өөрийн нүдээр харж байгаа юм шиг авах боломж хомс. Гэхдээ засварлана гээд хэтрүүлнэ гэсэн үг биш. Донжийг нь олоод давс хужрыг нь тааруулаад тухайн үед байгаль миний нүдээр харахад ямар байсан бэ гэдгийг илэрхийлэхийн тулд засвар хэрэгтэй. Энэ асуудал байнга маргаан дагуулдаг. Сайн зурагчин бол ерөөсөө засвар хийх ёсгүй гээд л эхэлнэ. Яагаад гадаадын мундаг зурагчдын ард бүхэл бүтэн баг байдаг юм бэ. Гэхдээ анхны үзэсгэлэн түүхий л байсан шиг байгаа юм. Дараа нь хараад өөрсдөө голсон тал бий. Ирэх хавар үзэсгэлэнгээ гаргахдаа оронгуут хуриманд оролцож байгаа сэтгэгдэл төрүүлэхээр орчин бүрдүүлье гэж бодож байгаа. Зүгээр нэг жаазтай зураг өлгөх нь сонин биш шүү дээ.
“ҮХЭЭД СЭХСЭНИЙ ДАРАА Л МИНИЙ АМЬДРАЛ ИДЭВХТЭЙ БОЛСОН БОЛОВ УУ”
АСУУЛТ: Стрессээ яаж тайлдаг вэ?
ХАРИУЛТ: Ерөөсөө л аялал. Ойрхон ч бай агаар салхинд гарч байж л тайвширдаг. Хотын залуучууд тийм болоод байна уу би тэгээд байна уу амархан юмнаас стрессдэх гээд л байдаг болчихож. Би өөрөө хүртэл хуримнаасаа стрессдэх гээд байна .Өөрийн мэдэлгүй хуриман дээр хүмүүст муухай ааш гаргачих үе бий..
АСУУЛТ: Монгол орны хамгийн сайхан нутаг хаана санагдав?
ХАРИУЛТ: Гэрэл зурагчин хүн очсон газар болгоноосоо л энерги авдаг. Өөрөөрөө бахархмаар санагдах үе ч бий. Хотоос гардаггүй залуус байна шүү дээ. 30 хоног хөдөө яваад ирлээ гэхээр гайхаад байдаг юм. Би Завханыг хамгийн сайхан нутаг гэж боддог байсан. Байгаль орны бүхий л тогтоц Завханд байдаг. Говь хангай нь байна, том нуур, мөнх цастай уул, хээр тал бүгд байна. Харин хоёр жилийн өмнө Баян-Өлгийд очиж үзээд их сайхан санагдлаа. Уулын спортод дурлачихсан болохоор сүрлэг уулс нь сэтгэл татсан байх.
С.Сайнжаргалтай ярилцаж суухад гэрэл зурагчид зүгээр суухгүй юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Тэрээр сүүлийн гурван жил уулын спортоор идэвхтэй хичээллэж байгаа гэсэн. Аялал нь түүний хувьд хобби нь бөгөөд Монгол орны 21 аймгаар аялж, бүх нутгийн шилэгдмэл сайхан уул уурхайн, үзэсгэлэнт газруудаар аялжээ. Оргилд нь гарсан оргилуудын тухайд Сутай хайрхан 4090м, Мөнххайрхан Барилгачин оргил 4204м, Алтай таван богд Хүйтний оргил 4374м, Малчин оргил 4037м, Цэнгэл хайрхан 3943м зэргийг дурдаж байлаа.
“2008 онд миний нүүрэн дээр гарсан хатиг сэдрээд тэр үед Бээжинд байж таараад бие гэнэт муудсан юм. Улаанбаатарт ухаангүй ирээд сэхээнд орж бараг л үхээд боссон. Идэвхтэй амьдрал минь тэр үеэс л эхэлсэн байх гэж боддог. Одоо бодоход дээд сургууль төгссөнөөс хойш яасан идэвхгүй амьдарсан юм дээ” гэж хааяа гайхдаг. Хагалгааны дараа би тал уушигтай үлдсэн. Бүтэн амьсгаа авч чаддаггүй. Эмч нар намайг нэг бол байнгын идэвхтэй амьдар, эсвэл Зүүн Өмнөд Азийн чийглэг уур амьсгалтай газар амьдар гэж хэлсэн. Ямар нутгаа орхиод далай бараадалтай биш. Түүнээс хойш явган аяллын, уулын гээд группуудэд идэвхтэй явж эхэлсэн дээ. Гэрэл зурагчин болохоор хөдөө гадаа явах сонирхолтой ч нийцэж байлаа. Манайхан их спортлог болсон байна лээ. Амралтын өдрүүдээр Богд уул руу алхаж үзвэл Нарантуулд явж байгаа юм шиг л их хүнтэй байдаг болсон” гэв.
Хуримын Сайнаа нэрээр олонд танил болсон эгэл нэгэн залуугийн тухай ийм. Сайхан гэсэн тодотголтой бүхнийг шингээсэн гайхалтай ажил хийдэг болохоор өөрт нь зөв эерэг энерги үргэлж ирдэг гэдэгт тэр итгэдэг гэнэ лээ.
АСУУЛТ: Өөрийн чинь зурганд сэтгэл дундуур үлдсэн хос бий юу?
ХАРИУЛТ: Одоогоор тийм юм мэдэгдсэнгүй. Хуримын зураг авахын тулд хосуудтайгаа хэзээний найзууд юм шиг нээлттэй байж зураг гарна шүү дээ. Нэр хочоор нь хүртэл дуудна. Надаар өмнө нь зургаа авахуулж байсан хосууд эргээд сайн холбоотой байдаг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин