Хэн нь хэн бэ?

Ө.СОНОР

Дэд сайд Д.Доржпүрэв гэж  хэн  бэ. Эрчим  хүч­ний салбарыг М.Соном­пилтэй  хамт авч  явах үүрэг хүлээсэн түүнийг  улстөрчид, олон нийт хэр­хэн таньдаг  вэ. Үүнд  “Хэн нь  хэн бэ”  булан­гаараа  дамжуулан товчхон  хариулахыг оролдъё. Тэ­рээр 1973 оны  арван­нэгдүгээр сарын  28-нд нийслэлийн октьябрын  районд одоогоор  бол Баян­гол дүүрэгт төржээ. Ган­дангийн дэнжид  тоглож  өссөн  тэрээр 1981-1987 онд нийслэлийн 22, 1991 онд  77 дугаар    сургуулийг  дүүргэж, 1994 онд Эдийн  засгийн  кол­лежийг  банк, санхүүгийн эдийн засагч  мэргэжлээр төгссөн, бизнесийн  удирдлагын магистр зэрэгтэй  гэж боловсролынх нь намтарт  бичсэн  байв. Харин  улсад  ажилласан  жилийнх нь түүх гэвэл “Эрдэнэт”  хот дахь “Хотш”  банкинд эдийн засагч, “Финсер­вис”, “Би энд  Жи Финанс ББСБ” компанийн захи­рал, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанийн ТУЗ-ийн  дарга, одоо  Эрчим хүчний  дэд  сайд гээд дуусч байна.  Түүнийг  одоогийн дэд сайдын  албан тушаалд суухад нэг зүйл туршлага болсон гэж  үздэг юм  билээ. “Дархан Сэлэнгийн цахил­гаан түгээх сүл­жээ”-нд очиж  нэлээд өр­тэй байсан  компанийг хоёрхон жилийн дараа ашигтай  ажиллуулж  чад­сан  онцгой менежменттэй  залуу  гэж ярих  хүмүүстэй  таарч байсан.  Тэрээр Төв  аймгаасаа  хоёр  ч удаа  нэр дэвшээд УИХ-д орж  чадалгүй өвдөг шороодсон юм. Харин  орон нутгийн сонгуульд  намаа  удирдан амжилтад хүрсэн.  Хэзээ ч ялж  байгаагүй  түүхэн ялалтыг Төв  аймагт  ав­чир­сан  гавъяа нь Д.Дорж­пүрэв дэд сайд болох  шалт­гаан байсан нь  гар­цаагүй. Цаад утгаар нь шагнал  ч гэж  хэлж  болох юм  шиг.

“Та хэзээ улс төрд ор­сон бэ” гэдэг асуултад тэрээр2005 оноос хойш. Нэг сургуулийн Идэрцогт гэж залуу их нөлөөлсөн. Нийгмийн идэвхитэй, хувийн бизнес хийж байсан чам шиг хүмүүс улс төрд орох хэрэгтэй байна. Идэвхтэй дэмжигчээр яв гэлээ. Сонирхоод үзтэл өөрчилмөөр засвар хий­мээр юм байгаад, саналаа гаргаж тавьж эхэлсэн. Намын дотоод ажилд оролцож яваад 2007 онд шийдвэр гаргаж 2008 оны сонгуульд нэр дэвшсэн. Дэмжлэг их, нөхцөл байдал сайн байсан ч үр дүн хүлээж байснаас тэс өөрөөр эргэсэн. Шинжлэх ухааны зарчмаар гаргасан тооцоо судалгаа бодит байдал дээр эсрэгээрээ байлаа. Шударга өрсөл­дөөн ямар ч нөлөө үзүүлж чадаагүй. Шалгуулъя, ха­руулъя гэтэл тийм юм байх­гүй гээд хаалга хаагд­сан. Ийм байхад үнэнээр яваад үхэр тэргээр туулай гүйцнэ, иргэдийн дуу хоолой шударга юманд хүрнэ, жижиг дунд бизнес эрхэлж амьдралаа дээш­лүүлнэ, хөгжинө гэдэг яриа байж болох уу. Үүнийг л өөрчилье гэж зорьсон”  хэмээн хариулж байжээ.  Тэгэхээр улс төрд орсон гэх тэр  цагаасаа хойш сонгуульд өөрөө  нэг ч  удаа  ялж  үзээгүй  бо­ловч,  намынхаа ялалтын  буянаар  дэд  сайд болох  аз нь  гийсэн  болж таарч байгаа  юм. 

Орон нутгийн  сон­гуульд Төв  аймагт  АН ялсны  дараа  Засаг дар­гаар хэнийг тавих тухайд  нам дотроо бөөн юм болсон гэдэг.  Өнгөрсөн сонгуу­лиар аймгийн ИТХ-ын  төлөөлөгчдийн 18-д  МАН, 20-д нь  АН ялж  Засаг даргаа тавих  болжээ.  Уг нь  УИХ-ын дэд дарга асан До.Ганболд  Засаг дарга болох  байх гэтэл  Д.Дорж­пүрэв наагуур, цаагуур  гүйж Хорпүрэв болоод өөрийн  хүн болох Б.Баяр­батыг томилсон гэдэг юм. Гэтэл шинэхэн  Засаг  дарга нь  тамга тэмдгээ  авсан өдрөө  архи  ууж, агсам согтуу  тавиад  эрүүл­жүүлэхэд  орсон тухай үлгэр шиг  юм өнөөг хүртэл Төв аймгийнхны  ярианы сэдэвт  байдаг юм. 

Д.Доржпүрэвийн ту­хай ерөнхийдөө  иймэр­хүү.  Зэр зэвсэг  сонирхдог  /буудлагын спорт  шүү/, бүжигт  дуртай /“Улаан  сарнай” хамтлагийн ги­шүүн  байсан/ гэж түүний энэ  хоббиг  нэрлэж  болох  юм билээ. Ямар боловч  улс төрд  мань хүн  нэлээд хорчин  ажиллагаа  явуул­даг гэсэн. Харин одоо­хондоо   эрчим  хүчний салбарт ямар гавъяа  бай­гуулсныг нь хэлж  мэдэх­гүй юм. Мэдэх  хугацаа нь  ч арай  болоогүй байх л даа.