Бэлтгэсэн Д.ЦЭРЭННАДМИД
ЧОНОНД ЗӨВХӨН БАЙГАЛИЙН ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ
Чоно гэдэг амьтныг мэдэх үү? гэвэл хүн бүхэн мэднэ гэх. Чухам юуг мэдэж байна вэ гэвэл малын дайсан, айхтар араатны нэг гэсэн л бүдүүвч ойлголт бий. Тэр дундаа хүн бүрийн сэтгэлд шингээстэй үлгэр домог, үүх түүхийн салшгүй хэсэг гэдгийг сүүлийн үеийн ном зохиолоос үздэг л биз. Гэтэл чонын унаган төрх, зан араншингийн онцлог, амьдралын нарийн нууцлаг бүхнийг үнэхээр мэддэггүй нь илт. Энэ амьтны судлал манай шинжлэх ухаанд төдийлөн хөгжөөгүй байна. Харин хэн нэгэн хөндлөнгийн сонирхогчдын болон зохиолч нөхдийн бичил туурвилд зарим санаа гарсан байдаг нь олзуурхууштай юм билээ. Зохиолч Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь”-аас эхлээд ӨМӨЗО-ны зохиолчийн “Чонон сүлд”, улсын сайн анчин Б.Бандийн “Чонын тэнгэр” зэрэг зохиолд чоно нь нүүдэлчин монголчуудын амьдралын нэг тод гэрч, замын хань болж байсныг илтгээд түүний гайхамшигтай чанар, байгалийн гоц шалгарлын тухай өгүүлсэн бий.
Чоно байгаль орчиндоо зохицож чаддаг, хатан зориг, эр чадлаараа ямар ч үед хоолоо олж идэж амьдрах ухаантайгаараа дэндүү эрх чөлөөтэй юм шиг яригддаг. Гэтэл хийморьлог амьтан гэж магтах хэрнээ хэн ч, хаана ч хамаагүй алж устгаж болох “хуулийн заалт”-тайгаараа хачин эрх чөлөөгүй амьтан болж таардаг юм. Үхэл амьдралын зааг дээрээс холдоогүй амьтан даа. Үнэхээр энэ амьтны талаар төрийн бодлогод үг, үсэг бараг байдаггүйгээс баячуудын цаг завны зугаа, ашиг хонжоо хайгчдын шуналд өртөгдсөөр байна. Гэвч хүн, чоно хоёр мөнхийн дайсагнасан байдалтай байдаг ч харилцан ил, далд олон шүтэлцээтэй, бие биенээ сэрээж, илүү дутуугаа нөхөж амьдардаг ажгуу. Ингээд тэнгэрлэг амьтныхаа тухай нууцаас дэлгэе үү!
ЧОНЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ
Дэлхийн бөмбөрцгийн аль ч бүс нутагт нэлээд түгээмэл тархсан хөхтөн амьтны нэг нь чоно юм. Судлаачдын үзсэнээр манай гаригийн эх газар төдийгүй зарим арлын оронд ч нэгэн төрөл зүйлийн чоно байж. Тухайлбал, Тундрын гэж бий. Австралид уутат, болон цөөвөр чоно байдаг аж. АНУ-ын Колорадо муж улсад Кайот хэмээх талын жижиг чоно байсан гэдэг. Өнгө зүсний хувьд нийтлэг нь саарал. Гэтэл цагаан, улаан, хар, харавтар зүсмийнх цөөн биш юм. Тэр дотор монгол чоно бол газар нутгийн онцлог, жилийн дөрвөн улирал, цаг агаар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан бие галбир, өнгө зүс, арьс үсний байдал нь байнга өөрчлөгддөг. Түүнээсээ болж уулархаг нутгийн, говь талын, дорнод бүс нутгийн гэдгээрээ өнгө төрхийн онцлогтой билээ.
Азарган чоно. Бусдаас бие том, бараа сүртэй ер нь юм юмаараа ялгарна. Ялангуяа хүзүү цээжний хөгжил бадриун, лагс, эрүү шүд бат бэх, харьцангуй тайван хөдөлгөөнтэй.
Гичий чоно. Илүү цэмцгэр, жавхаалаг дүр төрхтэй, хурдан гавшгай хөдөлгөөнтэй, бөгсөн бие нь бүдүүвтэр, гөлөглөх дөхөхөөрөө дэлэн хөх сэртийж харагддаг.
БИЕ ЭРХТНИЙХЭЭ ХӨДӨЛГӨӨНӨӨР “ЯРИЛЦДАГ”
Чонын хөдөлгөөн тэр чигээрээ ойлголт байдаг аж. Бэлтрэг байх үеэсээ л элдэв хөдлөлийнхөө хүчээр ойлголцож амьдарч сурдаг байна. Түүний нүүр, нүд, чих, ам, толгой, сүүлний хөдөлгөөн нь баяр хөөр, харуусал, энхрийлэл, заналхийлэл зэрэг олон дохиоллыг бие биедээ дамжуулдаг. Тэр дотроос чих нь есөн дохиог илэрхийлж чадна. Бас сүүлний хөдөлгөөн нь чонын хувийн араншинг тодорхойлдог. Чоно сүүлээ шарвагануулан бие биенийхээ цаана, наана үсчин хэвтэж босч байгаа харагддаг. Энэ нь маш жаргалтай нэг нэгэндээ эелдэг байна гэсэн үг. Сүүлээ тас хавчаад зугатаж байвал аюулын дохиог бусдадаа өгч буй нь тэр юм. Мөн үнэрлэх эрхтэн нь ямар ч амьтнаас илүү хөгжилтэй гэж болно. Гэхдээ чоно өөрийн гэсэн авиа дуудлагаараа ямар ч хол зайд ижил сүрэгтээ мэдээ өгдөг. Энэ нь улих юм.
ИДЭШ, ХООЛОО ХҮНЭЭС ИЛҮҮ ЗОХИЦУУЛДАГ
Чонын амьдралын гол хэрэгцээ нь хоол олж идэх. Тийм ан ав хийх чадвар дадлага нь бусад махан тэжээлтнээс хавьгүй онцлогтой юм. Хоолоо олоход нь ур чадвар, ухаан их зарцуулдаг гэж болно. Тодосгож хэлбэл ямар нэг амьтан барьж идэхийн тулд тэр амьтныхаа амьдрах дэг, тэр бүхнийг “судалж мэдсэн” байдаг. Эрийн сайнд олсон хоолондоо хүнээс ч илүү дэглэмтэй нь сонирхолтой юм. Чоно долоо хоног мах идсэн бол дараа нь долоо хоног өвс, ногоо зулгааж ус ууж явдаг. Бас салхи залгих нь хоол тэжээлээ шингээхэд нь тус болно. Ходоод доторх хоолоо гүйцэд шингээсэн чоно сая том авд мордоно. Чоно өвс, ногоогоор хооллодог гэхэд худлаа гэх хүн байж мэднэ. Тэгвэл судлаачид нарийн хэлж өгнө. Бас нэг сонирхолтой нь нутаг нутгийн чонын хоол, тэжээл өөр өөр. Ой, хээрийн бүсэд амьдардаг чоно мал ахуйд халтай бас ан амьтан илүүтэй сонирхдог. Тарвага, зурам ч хоолны “цэс”-нд нь ордог байх юм. Хангайн чоно загасаар голдуу хооллодог болсон нь бий. Тэгвэл Говийнх нь шувуу, голио, царцааг үндсэн хоолоо болгодог тал байдаг ажээ. Чоно тариа будаа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, овьёос, эрдэнэ шиш, өвсний үндэс зэрэг ургамлын гаралтай бүхнийг иддэг. Энэ нь хүнийхээр юм бол хоолны хачир болдог байна.
ЧОНО БҮЛЭЭРЭЭ АМЬДАРДАГ
Чоно хамгийн үржил сайтай амьтан. Нэг удаад 12 хүртэл бэлтрэг гаргах магадлалтай юм. Сонирхолтой нь нэгэнт бүл үүсгэсэн азарган чоно, гичий хоёр насан туршдаа бие биедээ үнэнч байдаг. Гэнэтийн хагацал тохиолдохгүй бол бие биеэ хэзээ ч орхихгүй бас “чонын эхнэр энгэр султай” гэдэг ч худлаа ажээ. Монгол нутгийн саарал чоно бусад зэрлэг хөхтөн амьтны нэгэн адил жилд нэг удаа гөлөглөнө. Нийлэх хугацаа нь арванхоёрдугаар сарын сүүлчээс дараа жилийн хоёрдугаар сарын дунд үе. Чонын нийлүүлэг зул сард эхэлнэ. Ид хүйтэн цагт гэсэн үг. Энэ чанараараа тэмээтэй адил. Азарган чонын эр бэлгийн эс боловсорч ороо нь жигдрэхэд -25 хэмээс илүү орчин зохимжтой байдаг байна. Бас тийм хүйтэн биш үед азарган чоно гол, нуурын мөсөн дээр бөгсөн биеэрээ удтал сууж доод эрхтнийхээ тепературыг зохицуулдаг. Тэгвэл гичий чоно өнгө зүс нь илт сэргэж, хурдан шалмаг болж, хоногтоо хэдэн уул нуруу дамжиж гүйдэг. Энэ нь нэг талаас бие хамгаалах арга ч гэлээ нөгөө тал нь азарган чононуудын тэмцэл, шалгарлыг хүлээх био-мэдрэмж бололтой гэж судлаачид бичсэн бий. Чонын охин гөлөг дунджаар 18-20 сартайдаа, эр нь хоёр настайдаа бэлгийн бойжилт нь гүйцдэг байна. Нийлүүлгийн үед сүрэгт доод тал нь арав, хөвч тайгад 30 түүнээс олноор цуглардаг ажээ.
Чонын амьдралын бас нэг сонирхолтой хэсэг нь гэр бүлсэг амьдрал. Дөрөвдүгээр сарын дунд үеэс гичий чоно гөлөглөнө. Түүний хээл хүндрэх тусам ан авд явах нь багасч гөлөглөхөөс 2-3 хоногийн өмнө үүрээ барааддаг. Гөлөглөсний дараа эх чоно бэлтрэгнүүдээ биеийн илчээр дулаацуулж, хөхүүлж хэвтэнэ. Энэ өдрүүдэд азарган буюу эцэг чоно ан гөрөөнд явж, хоол авчирч өгнө. Бас гадна дотны аюулаас сэргийлж нүхний ойролцоо харуул манааны үүрэг гүйцэтгэнэ. Бэлтрэгнүүдийн хувьд халуунд халж, хүйтэнд хөрч, өлсөж цангах тусмаа сайн чоно болдог байна.