Б.НОМИН
Хууль зөрчсөн зарим ойн мэргэжлийн байгууллагын эрхийг цуцалжээ. Энэ талаар БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагчтай ярилцлаа.
-Ойн мэргэжлийн байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ, энэ чиглэлийн хэдэн байгууллага байдаг юм бол?
-Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохицуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн байгууллага гэнэ. Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг эрхлэн зохицуулах эрх олгох журмыг Засгийн газар баталсан.
Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ авсан 370 орчим байгууллага ойжуулалт, мод үржүүлэг, ой зохион байгуулалт, хайгуул судалгаа, хортонтой тэмцэх, арчилгаа, цэвэрлэгээ, ойн үндсэн ашиглалтын огтлолт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
-Саяхан Байгаль орчин ногоон хөгжлийн сайд ойн мэргэжлийн байгууллагуудын эрхийг хүчингүй болгох тушаал гаргасан, тэд ямар зөрчил гаргасан бэ?
-Ойн мэргэжлийн байгууллагын эрх авах хүсэлтийг хянах явцдаа газар дээр нь үзэх үүргийг орон нутаг дахь байгаль орчны байгууллага хүлээж, тэднээр хянуулж, магадлуулдаг. Гэтэл газар дээр нь очиж үзэхгүйгээр яаманд тодорхойлолт ирүүлснээр хуурамч бичиг баримтыг үндэслэн зөвшөөрөл олгосон тохиолдол гарсан. Жишээлбэл: “Хөтөл-Овоо” ХХК-д шаардлага хангасан гэсэн бичгийг Нийслэлийн байгаль хамгаалах газраас ирүүлснийг үндэслэн мэргэжлийн байгууллагын эрх олгосон байгаа юм. Гэтэл энэ компани хуурамч бичиг баримт бүрдүүлж ойн мэргэжлийн байгууллагын эрх авсан нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар тогтоогдсон учир “Хөтөл овоо” ХХК-ийн эрхийг хүчингүй болголоо. БОНХЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран хийсэн шалгалтаар анх эрх авахдаа мэдүүлсэн шаардлагадаа тохирсон мэргэжлийн боловсон хүчин, техник тоног төхөөрөмжийн хангамж байхгүй, мод бэлтгэх үйл ажиллагааны явцад технологийн зөрчил гаргаж холбогдох журмын заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Сор хүдэр”,”Их хүдэр Ерөөлт”, “Сэлэм хайрхан”, “Тарс”, “Хүдэр амжаа”, “Хүдэр өсөх” ХХК-иудын ойн мэргэжлийн байгууллагын эрхийг мөн хүчингүй болголоо.
-Зөвхөн нэг аймгийн нэг суманд хийсэн шалгалтаар ийм олон зөрчил илэрчээ. Бусад аймаг, суманд байдал ямар байгаа бол?
-Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа 370 гаруй ойн мэргэжлийн байгууллага гэдэг нь 2010-2012 оны хооронд эрх авсан ойн мэргэжлийн байгууллагын тоо. Иймд дээрхи зөрчил илэрсэн байдалд дүгнэлт хийж Байгаль орчин ногоон хөгжлийн сайд энэ оны эхний хагас жилд багтааж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллагуудыг дахин бүртгэж үзлэг хийх, аттестатчилах, технологийн төвшин тогтоох зэрэг ажлуудыг хийх үүргийг манай хэлтэст өгөөд байгаа. Үүний зэрэгцээ Ойн мэргэжлийн байгууллагуудад тавих шаардлага, ажиллах журмыг ногоон хөгжлийн бодлогын дагуу шинэчлэн баталлаа.