Т.САЙХАН
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /04.30/ танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэдэг заалт байдаг. Үүсмэл орд нь стратегийн ордоо түшиглэсэн баялаг. Өнгөрсөн хугацаанд уурхайнуудыг түшиглэсэн үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалт хийхгүйгээр ашиглуулдаг байсан. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор үүсмэл ордын зөвшөөрлийг олгохдоо ар өврийн хаалгаар авч, гэрээ байгуулдаг байдлыг таслан зогсоож байна. Нэг ёсондоо уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэнцсэн бол гэрээ хийдэг болно. Цаашлаад стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг Засгийн газрын тогтоолоор албажууллаа.
Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэсэн гурван үүсмэл орд буюу "Ачит ихт", "Зэс эрдэнийн хувь", "Эрдэнийн" гэсэн компаниудын үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцээрийн явцтай танилцсан. Засгийн газрын шийдвэрээр ирэх өдрүүдэд бид Баялгийн сангийн хуулийн дагуу төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулж дуусгана. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн үг. Мөн өнгөрсөн хугацаанд уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр өөрийнхөө овоолго буюу үүсмэл ордыг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Үүнийг Засгийн газрын тогтоолоор зогсоож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон. Хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж, тэнцсэн компани нь гэрээ байгуулж, төрийн эзэмшлийн 34 хувийг Баялгийн сандаа хуримтлуулан ашиглалтын болон бусад төлбөрөө тухайн үйлдвэртээ төлөөд явна. Өнгөрсөн хугацаанд энэ овоолгыг нэг хоёр захирлын гарын үсгээр асуудлыг шийддэг, өөрөө 34 хувиа өгье гэхэд нь тухайн үйлдвэр нь аваагүй, үүсмэл ордыг ашиглахдаа Баялгийн санд хуримтлал үүсгээгүй гэдэг асуудал яригддаг байсан. Тийм учраас зарим хэрэг маргааш шүүх дээр явж байна. Бид цаашдаа "Эрдэнэт" үйлдвэрийн үүсмэл ордын гурван компанийн хэлэлцээрийг дуусгавар болгохоор ажиллаж байна. Мөн хуралдаан дээр хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр гурван тогтоолыг гаргалаа. Булган аймагт өнгөрсөн Даваа гаригт болсон бүсийн зөвлөгөөн, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг албажуулсан. Таван салбар хуралдаан зохион байгуулж, нийт 190 гаруй санал зөвлөмжийг иргэд гаргасан. Үүнээс хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай, хойд бүсэд үйлдвэр технологийн паркийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Оюутолгойн татварын маргаан арбитрын шүүхийн асуудал дээр хатуу байр суурийг илэрхийлнэ. Ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Хууль давсан хэлэлцээр гэж байхгүй" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn