С.УРТНАСАН

“Монгол орны бүс нутгийн хөрс, усны бүтэц, онцлогт тохирсон шүдний ооны судалгааг хийжээ. Судалгаагаар иргэдийн 95 хувьд тархаад байгаа шүд цоорох өвчлөлийг 50 хувь бууруулж, урьдчилан сэргийлэх боломжтой талаар “Юргана индастри” компаниас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Амны хөндийн эрүүл мэндээс шалтгаалан бүх насныхны дунд шүдний өвчлөл газар аваад байгаа талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам “Нутаг нутгийн онцлогтой усны бүтцэд тохирсон шүдний ооны талаарх мэдээллийг  иргэдэд түгээхийн ач холбогдол болон “Эрүүл шүд” аяныг эхлүүлж байгаагаа хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдье.

“Юргана” брэнд нь 400 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны маарамбуудын жор дамжлагыг орчин үеийн технологитой хослуулан Монгол хүнд тохирсон байдлаар үйлдвэрлэдэг онцлогтой. Энэхүү судалгааны үр дүнд газар газрын бүтээгдэхүүнийг хэрэглэснээс өөрсдийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хөгжүүлэн хэрэглэх нь практик ач холбогдолтой. Мөн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгаанд тулгуурлан зургаан бүс нутагт тохирсон фторын агууламжтай оонуудыг санал болгож байгаа. Манай хүн амын 95 хувь нь шүд цоорох өвчлөлтэй байгаа ба төв, говь, зүүн бүсэд аарц, зөгийн жилий, хадаасан цэцэгтэй оог том хүмүүст зөвлөж байна. Бид эрт дээр үеэсээ ааруул цагаан идээг хэрэглэж ирсэн нь одоогийн шүдний өвчлөлөөс найм дахин бага буюу 13 хувьтай байжээ. Ооны орц дахь ээзгий нь ааруулаас хүчиллэг чанараар бага боловч кальцийн агууламж өндөртэй. Нэг удаа ээзгийтэй бүтээгдэхүүн хэрэглэхэд 180 цагийн хугацаанд кальцийн эрдсийг шүдний паланд байлгах чадвартай. Тийм учраас ээзгий ааруулыг бүх төрөлд хэрэглэх хэрэгтэй. Одоогоор үйлдвэрлээд байгаа зургаан бүсийн таван төрлийн оо дээр нэмж таван төрлийн оог гурван бүсэд зориулан хөгжүүлэх шаардлагатай” гэв.

Мөн анагаах ухааны магистр, хүүхдийн нүүр амны эмч Ч.Сувданчимэг “ Шүдний өвчин нь дэлхий дахинд төдийгүй манай улсын хувьд тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байна. Сургуулийн өмнөх насны болон сургуулийн насны хүүхдүүдийн дунд хийгдсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 86-94 хувьтай байгаа гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь 10 хүүхэд тутмын 9 хүүхэд нь шүд цооролтой гэдгийн баталгаа юм. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ сүүн шүдэнд ихээр ач холбогдол өгдөг гэвч сүүн шүд нь өвчлөлтэй бол 92 хувьд байнгын шүд нь мөн адил өвчлөлтэй байдаг гэсэн судалгааг Япон улсаас гаргажээ. Таны хүүхдийн сүүн шүд  эрүүл байснаар байнгын шүд нь 86 хувьтай эрүүл байна. Өвчин хэлж ирдэггүй ч шүдний өвчин хэлж ирдэг. Жишээлбэл, цагаан өнгөтэй шүд өнгөө хувиргаж дараа нь зовуурилдаг байх нь ээ. Шүд цоорох өвчлөлийг үүсгэж байгаа хүчин зүйлсийг хянаж шүдний өвчлөлөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг хэлье” гэлээ.

Түүнчлэн Монгол орны нийт аймгийн 47.7 хувь нь усны фторын агууламж багатай байгаа ба ундны усны фтор нь хүний шүдний өвчлөл буюу (Флюозор-К00.3 болон Кариес-К02)-ийн тархалтад хүчтэй хамааралтай байна. Устай холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газрын дарга З.Батбаяр “Одоогоос 20 гаруй жилийн өмнө ярьж байсан сэдэв ажил болж хэрэгжих гэж байна. Энэ нь шүд угаах асуудал юм. Ус хэмнэх асуудал нь өглөө сэрэхээс орой унтах хүртэлх хугацаанд хийгдэх ганц нэг үйлдлээс шалтгаалдаг. Усыг хуримтлуулах асуудлыг 50-60 жил ярьсан боловч одоог хүртэл ажил хэрэг болоогүй шалтгаан нь бидний толгойд нөөцийн хуримтлал бий болоогүйтэй холбоотой. Нөөцийн хуримтлалыг шүд угаахдаа ч хийх боломжтой. Усны цоргыг онгорхой орхиод гурван литр усаар шүдээ чанаргүй угаах уу, 250 грамм усаар үр дүнтэй угаах уу гэдэг нь өөрөө усны нөөцийн хуримтлалын тухай асуудал юм. Крантны усыг үр ашиггүй зарцуулснаар 36 жил ашиглах усыг нэг жилд ашиглана гэсэн үг. Үр хойчоо хэрэглээний цэвэр устай үлдээхийн тулд усны нөөцийн асуудлыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж байлаа.

Эх сурвалж: zms.mn