С.УРТНАСАН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцан тэдний шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн ахлах багш, доктор Б.Билгүүнийг урьж, ярилцлаа.

 

Эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгээд 65 жил болжээ

Блиц: 

2008-2012 онд бакалавр “Дэд станцын тоон реле хамгаалалт”

2013-2014 онд “Дэд станцын хүчний трансформаторын реле хамгаалалтын харьцуулсан судалгаа загварчлал” сэдвээр магистр хамгаалсан

2015-2018 онд  БНХАУ-д “Mine Electro-mechanical Engineering” Ляонингийн техникийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

2013-2015 онд ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Сургалтын мастер

2018-2021 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш

2021-оноос  ШУТИС-ийн Эрчим хүчний Инженерчлэлийн сургуулийн Ахлах багшаар ажиллаж байна. 

-XX зууны 50-аад оны сүүлчээс Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийг түргэн шуурхай, хурдацтай хөгжүүлэх зорилт дэвшүүлж байсантай холбоотойгоор эрчим хүчний боловсролтой мэргэжилтнийг эх орондоо бэлтгэх шаардлага тавигдаж байсан.Энэ шаардлагыг биелүүлэхээр 1960 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний салбарыг нээж анх 42 оюутантай үйл ажиллагаагаа явуулж байсан. Харин одоо манай сургууль 1000 гаруй оюутантай болтлоо өргөжсөн байна. Үүний дараа үе шаттай хэд хэдэн төслүүд хэрэгжсэн байдаг. Тэдгээр нь эрчим хүчний хөгжилд нэлээд түлхэц болж өгсөн.

1960 оноос Эрчим хүчний сургууль анхны МУИС-ийн харьяа Эрчим хүчний салбар гэж байгуулагдаж 65 жилийн түүхтэй сургууль үйл ажиллагаагаа явуулсаар байна. Эрчим хүчний салбарыг авч явж байгаа эрчим хүчний мэргэжилтнүүдийн 90-ээс дээш хувь нь ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийг төгсөн гарсан. Хаана ч очсон манай үе үеийн төгсөгчид эрчим хүчний системийг авч явж байна.  Эрчим хүчний сургууль нь 13 мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалтуудыг явуулдаг. Шинжлэх ухааны их сургууль хэмээх их айлын нэг бүрэлдэхүүн сургууль болж явдаг учраас энэхүү сургуулийн зорилт, бодлогод нийцсэн чанартай, дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхээр зорьж ажилласаар л байна. Эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгээд 65 жил болсон байна.

Эрчим хүчний сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд хамгийн түрүүнд сургуульдаа математик, физикийн суурьтай, логик сэтгэлгээ хөгжсөн хүүхдүүдийг сонгон шалгаруулж авах хэрэгтэй. Их дээд сургуулиудын гол зорилго  нь олон оюутан элсүүлж авах, нөгөө талдаа хэрхэн сайн оюутан элсүүлж авах вэ гэдэг дээр анхаарах асуудлууд ч гардаг.  Манай сургуулийн босго оноо өндөр байдаггүй учраас сайн оюутнууд манайхыг сонгож ирэхгүй байх эрсдэл бий. Мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүдэд энэ салбарт орж ажиллахын давуу болон сул талуудыг маш сайн ойлгуулж өгөх нь чухал. Сургуулийн зүгээс чамлалтай нэг зүйл байгаа нь  сайн ажилладаггүй, бусад сургуулийг бодвол оюутнуудад өөрийн сургуулийг таниулан сурталчлахад сул ханддаг учраас  сайн оюутнууд элсэж орохгүй байх магадлалтай. Сайн оюутан, сайн хөтөлбөр, сайн багш нь сайн инженер бэлтгэх гурван үндсэн суурь юм.

 

“Сургалтын орчныг сайжруулах нь сургуулийн хамгийн чухал зорилт”

-Сайжруулах зайлшгүй зүйлсэд сургалтын орчин мэдээж багтана. Тэр дундаа лабораторийн орчныг сайжруулах нь  чухал. Инженерийн сургуулийн оюутны хувьд лабораторид туршилт хийж тухайн орчноосоо онолын мэдлэгийг баталгаажуулж байдаг. Манай сургуулийн сайн тал нь лабораториа шинэчилсэн боловч технологи өөрчлөгдөхийн хэрээр лабораторийг богино хугацаанд олон удаа шинэчлэх шаардлага гардаг. Үүн дээр хөрөнгө оруулалтын хувьд нэлээн учир дутагдалтай байдаг. Их зардал гарах нь эхний бөгөөд хамгийн том асуудал. Хууль, нийгмийн ухааны сургуулиуд сайн компьютер, номын сан гэх мэт зүйлс байдаг бол инженерийн сургуулийн хамгийн шаардлагатай зүйлд туршилт хийх лаборатори багтдаг. Мөн түүнийгээ цаг хугацаанд нь өөрчилж шинэчлэхгүй бол технологи нь хоцрох сул тал үүсдэг. Лабораторийг шинэчлэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг гэдэг нь ч ойлгомжтой.

Сүүлийн үеийн оюутнууд нийгмийн хандлагаасаа хамаараад ч юм уу жаахан сул болсон юм шиг санагддаг. Мэдээж давуу талууд бий.  Гэхдээ бие бялдрын хөгжил гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүй, оюун санаагаа удирдах тал дээр сул болсон. Амархан гомдох, анги нийтийн дунд хэлсэн үгийг тухайн оюутан дан ганц өөр дээрээ тусгаж авах гэх мэт. Бага зэргийн багшийн зэмлэлийг сонсож чадахгүй байх ч юм уу, сэтгэл зүй нь тогтворгүй, мэдрэг болсон нь анзаарагдах болсон. Бидний үед тийм байсангүй.  Хичээлээс хөөх тусам нь юу ч хийхгүй хэрнээ л суух гээд тэмцдэг байлаа. Залуу багшийн хувьд оюутнуудынхаа сэтгэл зүйн байдлыг анзаарч анхаарч ажиллаж байгаа. Оюутнуудыг өөр болсон гэдгийг хамгийн сайн анзаарч харж, дүгнэлт хийж байгаа хүмүүс бол бид.Тиймэрхүү зүйлийг оюутнууд давж гарч чаддаг байснаар нийгмийн харилцаанд ороход ч давуу тал болно.

 

“Инженерийн мэргэжил эзэмшихэд амар биш гэдгийг ойлгох хэрэгтэй”

 

-Оюутнуудын Roll-model нь дандаа л урлаг соёлын, цахим нэтворкоор их гардаг инфлүүнсэрүүд, менторууд, контент бүтээгч, ютубэрууд зэргийг ихээхэн roll model-оо болгох болсон. Тэдний амжилтад хүрсэн арга барилыг амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээдэг болжээ.  Нөгөө талаасаа тэр хүмүүсийн нийгэмд амжилттай талаа харуулж үзүүлж байгааг мэдэхгүй, ямарваа нэг зүйлийг сурах процесс өөрөө хэцүү гэдгийг жоохон мартсан юм уу гэж харж байгаа. Үүнээс үүдээд аливаа зүйлийг амархан байлгах гээд байдаг. Юуг ч сурах амархан биш хэрэв тийм байсан бол бүгд сайн сурах байсан. Нөгөө талаасаа математик, физик, байгалийн ухааны нарийн зохилдлогоо гэдгээс авхуулаад инженерийн мэргэжил эзэмшихэд тийм амар биш гэдгийг ойлгох хэрэгтэй.  Мөн сүүлийн үед оюутнууд цахим орчинтойгоо хамт хөгжиж байна. Одоо үед яригдаад байгаа хиймэл оюун буюу /AI/ -ийг ашиглаж даалгавар, бие даалт, курсийн ажлыг хийх сонирхол ихтэй болсон. Энэ нь давуу тал боловч нөгөө талаасаа тултал ашиглаж чаддаггүй. Үүнийг багш оюутнууд хамтарч ашиглах ёстой.  Мөн хэрэгцээтэй зүйл дээрээ л ашиглах нь чухал байна. Инженерийн сургуульд хиймэл оюуныг ашиглах нь тооцооны хичээл болон, зарим программыг бичүүлэхийг оролдож байна. AI-ийн хэрэглээтэй холбоотой оюутнууд хичээлээ амар хялбар аргаар хийхийг оролдох болсон.  Хятадад боловсрол эзэмших явцдаа хятад оюутнуудтай найзалсан минь буцаж ирээд салбартаа багшлахад нэлээд их зүйлийг ойлгуулсан. Тухайлбал, оюуны чадамжийн хувьд хятадын оюутнуудаас бараг илүү гэдгийг мэдсэн. Хятад оюутнууд сул талаа хичээл зүтгэлээр нөхдөг гэдгийг мөн мэдэж авсан.  Хэчнээн сайн сурдаг оюутан байсан ч хичээдэггүй бол ямар ч үр дүнгүй. Цагаа хэр их зарцуулна түүнтэй дүйцэхүйц мэдлэгийг эргүүлж олж авдаг.

 

Амжилтад хүрэх, сурах процесст нууц гэж байхгүй

 

-Номын санд ихэнх цагаа зориулдаг. Ажлын байрны өрсөлдөөнөөс шалтгаалж оюутнууд маш шаргуу суралцдаг. Монгол оюутнууд тэдэнтэй адил мэрийдэг бол ямар амжилт гаргах талаар нэлээд бодсон. Монгол оюутнууд энэ хэмжээний суралцдаг бол ямархуу хэмжээний инженерүүд болж бэлтгэгдэх бол, хэр хэмжээний мэдлэгийг өөрсдөдөө хуримтлуулах бол гэж бодох нь залуу багш хүний хувьд маш сонирхолтой санагдаж байсан. Монголд тэгж суралцдаг оюутнууд цөөхөн шүү дээ. Энэ мэт хичээл зүтгэл гаргадаг бол маш сайн мэргэжилтэн болж гарч ирэх бүрэн боломжтой. Цагаа өгөөд мэдлэгийг тэр хэмжээгээрээ олж авах боломжтой. Энэ нь хоорондоо тэнцүү гэж ойлгож болно. Багш хүн оюутнуудынхаа хувьд нөгөө л нэг алдартай инфлүүнсерүүдийн хэмжээний үлгэр жишээ хүн байх хэрэгтэй. Би тэр хүнд хичээл зааж ойлгуулахын тулд тэдгээр оюутнуудад багш шигээ мундаг хүн болох ёстой гэсэн ойлголтыг өгөх нь чухал. Багш нарын хувьд байнга л хөгжиж байх ёстой. Мэргэжлийг нь сонгосон хүмүүс гэж ойлгодог. Оюутнуудад өгч байгаа мэдээллээ хүртэл улирал тутам өөрчилж шинэчилж байх ёстой. Ямар нэг шинэ зүйлийг өөрийнхөө хичээлд бага зэргээр нэмж тусгах зайлшгүй хэрэгтэй гэж бодож ажилладаг.

 

“Эрчим хүчний салбар бол дан ганц хэмнэхийг уриалга болгоод байна”

 

-Эрчим хүчний салбарын гол онцлог нь үйлдвэрлэл хэрэглээ хоёр зэрэг явдаг. Гэвч бид үйлдвэрлэхээсээ хэрэглээ нь илүү их байдаг. Энэ нь манай салбарын хамгийн том асуудал. Хоёр тоог хооронд нь хасаад ямар асуудал үүсээд байгааг мэдэж болно. Энэ асуудлыг ойлгохын тулд элдэв янзын ухаантай хүн байх хэрэггүй. Бидний амьдралд тохиолдож байгаа зүйл шүү дээ.  Манай улсаас хэрэгжүүлж байгаа бодлого нь эрчим хүчний эх үүсвэрүүдийн тоог нэмэх юм.  Эрчим хүчний салбарыг тодорхойлоход бүхий л түвшинд хэрэглээгээ багасгах хэмнэх талаар маш их суртал ухуулга явуулж байна. Егөөдөөд хэлэхэд, миний утсанд хоёр өөр байгууллагаас зурвас ирж байна. Нэг нь сайжрахын тулд хэмнэж байхад нөгөө нь илүү ихийг хэрэглэгчдэд давуу байдлаар санал болгож байх жишээний. Аливаа нэгэн салбар хөгжье гэж байгаа бол илүү ихийг зарцуулж өөрийн бизнест хөрөнгө оруулснаар хөгждөг. Манай эрчим хүчний салбар бол дан ганц хэмнэхийг уриалга болгоод байна. Ихийг зарж борлуулж байж л хөгжил яригдана. Үйлдвэрлэж байгаа эрчим хүч дутуу учраас хэрэглэгчдэд илүү ихийг санал болгож чаддаггүй. Энэ бол аргаа л барьсан байдал үүгээр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал илэрхийлэгдэж байгаа юм. Улсын оролцоотой буюу төрийн өмч, хувийн зүйлийн ялгаа нь энэ л дээ. 

 

 Салбар салбарын бүтээгдэхүүн ажил олгогч хоёрын шаардлага асар зөрүүтэй

 

-Эрчим хүчний салбараас гарч ирж байгаа мэргэжилтний мэдлэг чадвар, ажил олгогчийн тавих шаардлага хоёр асар зөрүүтэй. Энэ хоёр нь яг цав нийцнэ гэсэн ойлголт дэлхийн хаана ч байхгүй. Сургууль гэдэг нь өөрөө нэг төрлийн бүтээгдэхүүн. Эрчим хүчний салбарын оюутнууд өөрсдөө нэг төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч буюу ажил олгогчийн шаардлагад хэрхэн нийцүүлэх вэ гэсэн асуудал гарч ирдэг. Энэ дээр нэг төрлийн цоорхой буюу сүүлийн үеийн технологийн асуудал үүссэн байдаг. Үүний нэг нь мэргэжлүүд хосолсон хөтөлбөрөөр явагддаг болсонтой холбоотой. Усан цахилгаан станц дээр жишээ авч үзэхэд техникүүд нь сүүлийн үеийнх болж шинэчлэгдсэн байх ба тэр газар ухаалаг төхөөрөмж дээрээ ажиллаж чаддаг байх мэдлэгийг шаардах нь ойлгомжтой. Манай сургууль сүүлийн жилүүдэд үүнийг ажиглаж хараад сургалтын хөтөлбөрүүдээ тодорхой хэмжээгээр өөрчлөх болсон. Технологийн хөгжлийн хэрээр бүх мэргэжлүүд хоорондоо уялдаа холбоотой болж байгаа учраас давхар мэдлэгийг эзэмшүүлэх нь давуу тал болж байна.  Оюутнуудад оновчтой мэдлэгийг өгөх сургалтын арга олон бий. Ямар ч сургалтын арга хэрэглэж зааж сургасан тухайн оюутны хичээл зүтгэл маш чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүх л сургалт инээж хөхрөлдөж аз жаргалтайгаар явагдах боломжгүй. Ялангуяа инженерийн сургалтын нойр хүргэсэн лекцүүдийг заавал сонсож түүнээс ямар нэгэн мэдлэгийг олж авах нь хамгийн чухал. Мэргэжлээ тухайн оюунтан өөрөө л сонгосон учраас хэцүүг нь ойлгох л хэрэгтэй. Инженер мэргэжлийн тоо бодлого, тооцооллын лекцийг яаж ч хөгжилтэй байдлаар орох боломжгүй гэдгийг анхнаасаа ойлгож өөртөө суулгах шаардлагатай. 

 

“Бид байхгүй зүйлээ бүтээх буюу үйлдвэрлэх хэрэгтэй”

 

-Мэргэжил сонголт мэдээж чухал. Оюутан болохоор бэлдэж байгаа хүүхэд бүрийн ээж аав өөрийнхөө хүсдэг мэргэжлээр сур гэж зөвлөж байгаа. Сонирхсон дуртай зүйлээ сонгоод түүнийхээ араас тууштай яв гэж эцэг эхчүүд зөвлөдөг байх нэг талаасаа зөв. Нөгөө талаасаа мэргэжил сонгохдоо ирээдүйд энэ мэргэжил ямар үнэ цэн хэрэгцээтэй байх вэ, оюутан өөрөө ямар үнэ цэнийг бүтээх вэ гэдэг гэдгийг бодож сонгох хэрэгтэй. Би өөрийн мэргэжлийг биш мэргэжлийг минь сонгож өгөх хүнийг сонгосон байдаг.  Бид байгаа юмаа үр ашигтай зөв зарцуулах хэрэгтэй нөгөө талаас байхгүй зүйлээ бүтээх буюу үйлдвэрлэх хэрэгтэй. Эрчим хүчээ хэмнэх биш нэмж үйлдвэрлэх хэрэгтэй. Манайх шиг хөгжингүй буурай орны хувьд байгаа зүйлээ ашиглах нь бусад орны хувьд нээх чамлалтай зүйл биш. Байгаагаас нүүрсээ түлээд, цахилгаан станцаа нэмж бариад утааг бууруулахаа дараагийн асуудал болгож болно.  Баахан хоньтой байж цагаан хоолтон болох гээд байх шаардлагагүй шүү дээ. Түүнтэй л адил юм уу даа. Нарны, газрын, салхины зэрэг эрчим хүчнүүдээ үйлдвэрлээд явах нь давуу тал юм. Хөгжлөө харж байгаа дараагийн үйлдвэрлэх олон төрлийн энергийн эх үүсвэр эрчим хүчнүүдээ горим тооцоо, хамгаалалт зэрэг шинэ тооцооллуудыг мэдээж оруулж ирэх хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28.  ДАВАА ГАРАГ. № 78 (7575)