Ц.МЯГМАРБАЯР
Уул уурхайн салбарын өсөлт, тэр дундаа зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж буй Оюу толгойн уурхай 2025, 2026 оны эдийн засгийн өсөлтөд гол түлхэц үзүүлнэ. Мөн хөдөө аж ахуйн салбар энэ онд сэргэх төлөвтэй гэж Монгол банк гадаад худалдааны төсөөллөө гаргаад байгаа. Түүнчлэн нүүрсний экспортын тасалдсан орлогыг зэсийн орлогоор нөхөх тухай Сангийн сайд ярьж байна. Нүүрсний экспорт агшсан ч Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулалтын том нөлөөгөөр зэсийн экспорт томрох нь сайн. Гэхдээ манайд бодитоор наалдах нь бага гэж эдийн засагч хэлж байна. Энэ жил төсөвт зэсийн экспортоос 4.9 тэрбум ам.доллар төвлөрнө. Үүний 3.2 тэрбум ам.доллар нь “Оюутолгой”-оос, 1.1 тэрбум нь Эрдэнэт үйлдвэрээс тус тус орж ирэхээр байна. Гэхдээ “Оюутолгой” 2.0 тэрбум ам.доллароор урсгал зардлаа санхүүжүүлдэг. Түүнчлэн хоёр жилийн дараагаас өрөө дарж эхэлнэ гэвэл төсөвт нүүрсний орлогыг нөхөх хэмжээний орлого, зэсийн экспортоос орж ирэх боломж маш бага байхаар байна гэж албаны эх сурвалж тайлбарласан. Экспортод гаргаж буй ашигт малтмалын олон улсын зах зээлийн үнийг АМГТГ-аас 2025 оны гуравдугаар сарын дунджаар тооцоход зэс тонн тутамд 9.7 мянган ам.доллар бол нүүрсний үнэ тонн тутамд 100 ам.доллар байна. Харин энэ дөрөвдүгээр сард зэсийн үнэ 10.6 мянган ам.долларт хүрч өссөн бол нүүрснийх 80 ам.доллар болж буурчээ. Даруй 60 ам.доллар болох магадлал байгааг ч шинжээчид анхааруулжээ.
Нүүрсний орлого буурсан ч зэсийнх өссөнөөр өсөлтийг хадгалсан
Үндэсний статистикийн мэдээгээр 2024 онд Монгол Улсын нийт экспорт 17.8 тэрбум ам.доллар болж, 3.9 хувиар өссөнөөр түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Үүний 14.7 тэрбум ам.доллар нь ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Түүхий эдийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан ч зэс, алтны үнэ өндөр, төмрийн хүдэр, газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байсан нь эрдсийн экспорт өсөхөд чухал нөлөө үзүүлжээ. Зэс, алт, төмрийн хүдэр, жоншны экспортын орлого өссөн бол нүүрс, газрын тос, цайр, молибденийн экспортын орлого буурсан байна. Хэдий нүүрсний орлого 200 сая ам.доллароор буурсан ч зэс, алт, төмрийн хүдрийн орлого нийлээд нэг тэрбум ам.доллароор өссөнөөр экспортын өсөлтийг хадгалж чаджээ.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 74 (7571)