Ц.МЯГМАРБАЯР

 

Өнгөрөгч долоо хоногт дэлхий дахиныг татварын зөрчил, маргаантай нөхцөл байдалд оруулж буй АНУ-ын нэмэлт  татвар  авах тухай  шийдвэр нь богино хугацаанд зарим хүндрэл учруулах боловч урт хугацаанд АНУ-ын эдийн засгийг сэргээх болно гэж Трампын Сангийн сайд, эдийн засгийн бодлогын зөвлөх нь үзэж байгаа юм. Учир нь бусад улс орноос худалдан авах бараа бүтээгдэхүүний импортын тарифыг нэмэгдүүлсэн нь дэлхийд худалдааны дайн эхлэх үүд нээгдсэн гэж үзэж буй ч тухайн улс дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, улмаар татвар төлөгчдөдөө таатай боломж олгож эдийн засгаа сэргээх тухай шийдвэр гэдгийг шинжээчид онцолж байна. Манай Засгийн газар, төрийн захиргааны байгууллагууд ч бусад улс орны компаниудад АНУ-ын Засгийн газрын тогтоосон импортын татварыг тойрох оролдого хийх нь илүү сөрөг үр дагаварт хүргэх болно гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг зарим эдийн засагчид сануулж байна. Тухайлбал, эдийн засагч Н.Энхбаяр “Яагаад Вьетнам улсын импортын бараанд хамгийн өндөр буюу 46 хувийн нэмэгдэл татварыг АНУ-ын Засгийн газар тогтоосон бэ гэвэл өнгөрсөн оны байдлаар Вьетнам улсын нийт экспортын 22.1 хувь буюу 119.6 тэрбум ам долларын барааг АНУ-д гаргасан экспорт эзэлжээ. Тус улсын АНУ-д гаргадаг экспортын бүтцэд төрөл бүрийн машин тоног төхөөрөмжөөс гадна оёмол бүтээгдэхүүн томоохон хувийг эзэлж ирсэн. АНУ-ын Худалдааны яамны үзэж буйгаар Вьетнам улсад хөрөнгө оруулалт хийсэн Хятадын компаниуд энэхүү экспортоос ихээхэн ашиг орлого олж, БНХАУ-ын эсрэг тогтоосон өндөр татварыг тойрч ирсэн гэж үзжээ. Иймээс энэ удаад АНУ-ын зүгээс Вьетнам улсын бараа, бүтээгдэхүүний импортод хамгийн өндөр татварыг тогтоосон” гэсэн юм. Тиймээс манай зарим сэргэлэн, овжин улсууд Хятад CN болон бусад улсын хөнгөн үйлдвэрийг Монголд оруулж ирээд худалдааны татварын зөрүүгээр ашиг олох боломжтой гэж боддог бол энэ удаад энэ нь улс орноо хохироох хортой үр дагавартай үйл явдал болно гэдгийг энэ гашуун туршлагаас сайтар ойлгож авч, онцгой анхаарах хэрэгтэй ажээ.

 

Хялбаршуулсан горимын нэг хувийн татвар шаталсан нэрээр 20 хувь болж өсөх нь

 

Өнгөрсөн долоо хоногт татвар төлөгчдийн дургуйцлийг төрүүлсэн асуудал бол Татварын хуулийн өөрчлөлтийн төсөл байв. Татварын шинэ хуулийн өөрчлөлтөөр  татвар нэг хувь болж буурах биш 20 хувь  хүртэл шаталсан татвар авах хуулийн төсөл  хэлэлцэгдэж буй тухай эдийн засагч хэлж байна. Тодруулбал, ХХОАТ-ын тухай хуулийн төсөлд иргэний үйл ажиллагаа болон бизнесийн орлогоос 10,15,20 хувийн шаталсан татвар авдаг болох нь. Өөрөөр хэлбэл, хялбаршуулсан горимын дагуу олсон ашгаас нэг хувийн татвар авахыг болиод оронд нь 10,15,20 хувийн шаталсан татвар авна гэсэн үг. Энэ нь татвар төлөгчдөд хүндээр тусна хэмээн  татварын зөвлөх онцолж байна. “Нийгмийн даатгалын хуулиар хувиараа эрхэлсэн ажил үйлчилгээний орлогоос тооцдог 24 хувийн НДШ-ээ аж ахуйн нэгж ,ажил олгогч яая даа гэж байхад шинэ хуулийн өөрчлөлтөөр бүр 20 хувь болгож нэмэгдүүлж буй нь татвар төлөгчдөө туйлдуулна”гэв. Уг нь энэ хаврын чуулганаар Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт орж татвар буурч эдийн засаг идэвхижнэ гэсэн хүлээлттэй байсан ч энэ нь талаар болох бололтой хэмээн бизнес эрхлэгч, иргэд, зарим эдийн засагчид эсэргүүцэж байна. Уг нь татвар буурах тусам татварын орлого нэмэгддэг урвуу хамаарлын тухай  хүн төрөлхтөн эртнээс ажигласаар ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийн татвар буурахаар татварын орлого нэмэгддэг болохыг эдийн засгийн муруйгаар тайлбарласан нь бий. Учир нь татвар буурахаар эдийн засаг идэвхижиж  хүмүүсийн татвар  төлөх сонирхол нэмэгддэг. Ингэснээр татварын бааз суурь өргөжиж орлого нь нэмэгддэг байх нь. Нөгөөтээгүүр, эдийн засаг идэвхжихийн хэрээр хүмүүс илүү их орлого олж улмаар төрөл бүрийн бизнес эрхлэж хоорондоо бараа бүтэгдэхүүнээ солилцох, худалдан авах, худалдах хэрэгцээ нь нэмэгддэг.  Ингэснээр олон компани, аж ахуйн нэгж нэмэгдэж бүтээгдэхүүний эргэлт хурдтай болсноор ДНБ-ны хэмжээ томорч, эдийн засаг тэлдэг. Эсрэгээрээ, хэрвээ татварын хувь хэмжээг өндөр тогтоовол хүмүүс татвараас зайлсхийхийг хичээнэ. Ингэснээр харин ч татварын орлого багасгадаг аж.  Харин эсрэгээрээ татварын хувь хэмжээг бууруулвал,  татвар төлөгчдийн тоо нэмэгдэж илүү их орлого олох логик харагдаж буй юм. Бусад улсын тухайд гэвэл Аргентин улсын  ерөнхийлөгч  татварынхаа тоог 90 хувиар бууруулах шийдвэр гаргаснаар энэ оны нэгдүгээр сард татварын орлого нь 7.0 хувиар өссөн байна. Тэгэхээр татварын хувь хэмжээ буурахаар татварын орлог нэмэгддэг урвуу хамаарал байдаг байна. Энэ агуулга ч том гүрнүүдийн сүүлийн үед гарсан шийдвэрээс харагдаж буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 63 (7560)