Р.Оюун

Монгол Улс Франц улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, "Габо паблишинг" хамтран "Мишеле лицейн монгол сурагчид" архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж олон түмэнд хүргэж байна. Тэр үеийн БНМАУ-ын төр, засгийн бодлогоор дунд сургуулийн боловсролтой 35 хүүхэд, залуусыг 1926-1930 онд Герман, Франц улсад сургажээ. Тэд хожим нь шинэ Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болсон байна. Ардын Засгийн газрын 1925 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр хуралдсан 42 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, Л.Намсрай, Л.Уртнасан гэсэн дөрвөн сурагч 1926 оны долдугаар сараас эхлэн Франц улсад суралцаж эхэлжээ. Энэ хүүхдүүдийг Ардыг гэгээрүүлэхийн сайд Эрдэнэбатхан өөрийн биеэр Парис хотод хүргэж өгчээ. 

Мөн оны намар энэ сурагчид дээр нэмэгдэж Мэргэн гүн М.Гомбожав, Ц.Бадамжав очсон аж. Тэд Сорбонны их сургууль, "Коллеж дэ Франс" сургуульд суралцахаар болсон байна. Монголын сурагч, оюутнууд 1926-1930 онд Францын Парис хотод Мишеле лицей, Сорбонны их сургууль, "Коллеж дэ Франс" сургуульд суралцаж, өрнийн соёлтой танилцаж байхад нь ЗХУ болон Коминтернийн шахалтаар сургуулийг нь төгсгөлгүй нутаг буцаажээ. Алсыг зорьсон энэ хүүхдүүд улс төрийн шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирсон байна. Тухайлбал, сурагч Ж.Дүгэрсүрэн 1945 онд хилс хэргээр шоронд хоригдож, 1946-1948 онд нутаг заагдан амьдарч байсан бол сурагч Л.Намсрайд "Франц, Герман, Япон гурван улсын тагнуул" хэмээн ял тулгаж, давж заалдах эрхгүйгээр таслан шийтгэж цаазаар авчээ. Мөн энэ хүүхдүүдийг Франц улсад суралцах хугацаанд нь удирдан чиглүүлж байсан бүх багшийг хувьсгалын эсэргүү гэх хилс хэргээр цаазаар авсан бол оюутан М.Гомбожав шоронд нас барж, оюутан Ц.Бадамжавын хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн байна. Харин хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд тэсэж үлдсэн сурагч Т.Аюурзана хожим Төрийн шагналт, гавьяат малзүйч, академич болсон бол сурагч Ж.Дүгэрсүрэн газар зүй, эрдэс судлалын шинжлэх ухааны анхны доктор болж алдраа мөнхөлжээ. "Мишеле лицейн монгол сурагчид" үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Эх сурвалж www.zms.mn