Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох тухай зөвшилцөх саналыг УИХ-д оруулж ирсэн саналыг хэлэлцлээ. УИХ дахь намын бүлгүүдэд болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох дэмжсэн юм. Санал дүгнэлтийг ЕТГ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Төгрөг нуурын асуудал нэлээд хүчтэй яригдаж байна. Мэдээллийг нь сонсохоор татвараас зайсхийсэн байж магадгүй сонсогдоод байна. Үүнийг шалгаж болдоггүй юм уу. Гурав, дөрвөн оффшороор дамнуулан мөнгө угаасан байж болзошгүй байна. Төрийн өндөр албан тушаалтан оффшортой холбогдвол нэлээд өндөр хариуцлагын заалттай хуультай. Улсын ерөнхий прокурор бусад орноос мэдээлэл авах боломжтой. Энэ хүний үнэн зөвийг тогтоогоод өгөөч ээ гэж хэлмээр байна. Үнэхээрийн хэвлэл дээр явж байгаа нь үнэн юм уу, худлаа юм уу гэдгийг нэг тийш нь болгох хэрэгтэй. Шалгах ёстой бол шалгаад өгөөч гэж хүсмээр байна. Та бол шударга ёсны манаан дээр байгаа хүн. Улс төрийн талаас нь бид төрийн оролцоог багасгах, татварын таатай бодлого явуулах гэх мэт авлигын хөрс суурь дээр нь танд тусалж ажиллана. Та өмнөх зургаан жил ажилласан шигээ хэн нэгний нөлөөнд автахгүйгээр шударга ёсны төлөө тууштай тэмцээрэй гэж хэлье.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: -Олон улсын байгууллагууд тэр тусмаа прокурорын байгууллагууд холбоотой ажилладаг. Энэ ажлынхаа хүрээнд тодорхой мэдээллүүдийг авдаг. Харилцаа улам өргөжиж байна. Энэ өргөжсөн ажлын үр дүнд Зүүн европ төв азийн 10-р хурлыг Монгол Улсад зургадугаар сард зохион байгуулах гэж байна. Үүн дээр хамтын ажиллагаа мэдээлэл авах асуудал яригдана. Наймдугаар сард БНХАУ-ын Ерөнхий прокурор манай улсад айлчлал хийх гэж байгаа. Таны ярьсан зүйл дээр нэлээд ахицтай зүйл гарна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn