Б.БАЯРЖАВХЛАН
Дэлхий дээрх найман тэрбум гаруй хүн бүгд өөр өөрийн гэсэн зан араншин, үйл хөдлөл, гадаад төрхтэй. Эдгээр ялгаа нь тэр хүний дотоод ертөнц буюу хувь хүний оршихуйд нь байдаг гэж боддог. Бусдын нүдээр ертөнцийг харахгүй, бусдын биеэр амьдралыг туулахгүй, бусдын тархиар бодохгүйгээс л хойш хувь хүний орон зай, тусгаар тогтносон ертөнцийг нь хүндэлж байх нь чухал. Тиймээс энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа бусдын бодол санаанаас үл хамааран өөрийгөө бүтээж яваа Б.Нандин-Эрдэнийг бид онцолж байна.
Бусдын үгийг үл тоож байж хүн өөрийгөө бүтээдэг
Б.Нандин-Эрдэнэ 15 настай. Зураач, загвар зохион бүтээгч, make up artist бас амьтанд хайртай нэгэн. Багаасаа зурах дуртай байсан түүний авьяасыг аав, ээж нь хөгжүүлж зураач болгожээ. Харин тэрээр өөрийн зурах авьяасаа нүүр будалтын урлагтай хослуулан make-up artist болж, өөрийн өнгө төрхийг бүтээж яваа юм. Өөрийн хэв маягийн талаараа “Би будаггүй байхдаа царай муутай. Өөртөө итгэлтэй болохын тулд 2019 оноос нүүрээ будаж эхэлсэн. Анхандаа энгийн будалт хийдэг байсан. Яваандаа өөрт тохирох будалт, хэв маягийг бий болгосон. Одоо бол нүүр будалт, хувцаслалт маань намайг илэрхийлэх нэг хэсэг минь болсон” гэсэн юм.
Түүний хувцаслалт болон нүүр будалтыг хараад хүмүүс “Мансууруулах бодис хэрэглэдэг үү. Галзуу, солиотой байх” гэх зэргээр хүлээн зөвшөөрөхгүй, сөргөөр харах хандлага их гардаг аж. Гэвч нөгөө талдаа түүн шиг хувцаслаж, нүүрээ будах хүсэлтэй охидод үлгэр дуурайлал, итгэл, урам зориг өгдөг байна. Энэ тухайгаа Б.Нандин-Эрдэнэ “Над шиг хувцаслаж, нүүрээ будахыг хүсдэг хүүхдүүд маш олон байдаг юм билээ. Гэвч аав, ээж нь хүлээн зөвшөөрдөггүй учир өөрийнхөөрөө байж чаддаггүй тухайгаа надад ярьдаг. Тиймээс би өөрийнхөөрөө байж чадахгүй байгаа тэр хүүхдүүдэд урам зориг өгөх зорилготой цахим орчинд идэвхтэй байх болсон. Гэхдээ цахим орчинд хүмүүс маш бүдүүдэг авир гаргадаг. Миний бичлэг болон зургийн дор их сөрөг сэтгэгдэл бичдэг. Намайг “Галзуу, солиотой, архи, тамхи, хар тамхи хэрэглэдэг байх” гэсэн сэтгэгдэл маш их байдаг. Би хоёр удаа өөрийн зургийн үзэсгэлэнгээ хийж байсан. Миний зургийн үзэсгэлэн дээр ирсэн нэг хүн зургуудаас минь нэгийг нь онцлоод “Хар тамхи хэрэглэдэг хүмүүс л яг ийм зүйл зурдаг” гэж хэлж байсан. Гэхдээ би хэзээ ч тэр зүйлүүдийг хэрэглэж байгаагүй. Тэр ч бүү хэл хүүхдүүдийн маш их хэрэглэдэг электрон тамхийг ч хэрэглэж үзээгүй. Хэрэглэх ч үгүй. Би зүгээр л аливаа зүйлийг бусдаас өөрөөр хардаг хүн. Бусдаас өөр байхаараа заавал муу хүн гэсэн үг биш шүү дээ” гэсэн юм.
Нарыг улаан өнгөтэй гэж хардаг гэж Б.Нандин-Эрдэнэ ярьсан юм. Зураач хүний дотоод ертөнц, сэтгэхүй ийм л өөр байж сайн бүтээл төрдөг байх. Энэ тухайгаа тэрээр “Би бүх зүйлийг ид шидийн болгож хардаг. Ер нь энгийн хүнээс заримдаа жаахан өөр. Тухайлбал, хүмүүс намайг үзэн ядлаа гээд би тэднийг зөрүүлээд үзэн яддаггүй. Зүгээр л хайрладаг. Учир нь би хайрлагдаж өссөн учраас хэнийг ч үзэн ядахыг хүсдэггүй. Тэр хүн намайг хайрладаг болтол би тэр хүмүүсийг хайрлана гэж боддог” гэсэн юм. Тийм дээ ч түүний уран бүтээлүүд ялгаварлан гадуурхалтын эсрэг, хүний эрхийг хамгаалсан бүтээлүүд байдаг байх гэж бодсон юм.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 55 (7552)