С.Уртнасан
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад тохиох газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгон улсын хэмжээнд “ Монгол хүн – Эрсдэлийн боловсрол” аяныг эхлүүлж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэгийг иргэд, олон нийтэд олох зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Монгол хүн – Эрсдэлийн боловсрол” аяныг энэ сараас эхлэн үе шаттайгаар зохион байгуулахаар зэхэж байсан. Тус аян өнөөдрөөс эхэлж байна. Аяны талаарх мэдээллийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн нар өгсөн юм.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Улсын хэмжээнд 2021-2024 онуудад гарсан ой, хээрийн гал түймрийн 49.8 хувь нь зүүн бүсийн аймгуудад тохиолдсон. Сүүлийн өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна. Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 24-ний өдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна” гэв.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Булган аймгийн Сэлэнгэ суманд, нийт найман аймгийн 20 суманд 28 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 887 га, хээрийн 1,390,761 га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, зургаан автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.Түймрийн шалтгаан нөхцөлүүдийг тогтоохоор холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна” гэв.
Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн “Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагт газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдөр энэ жил гуравдугаар сарын 26-нд тохиож байна. Мөн Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу гамшгийн тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагыг энэ пүрэв гарагт буюу 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэх тухай” А/01 дүгээр тушаалын хүрээнд II улирлын бие даалтын долоо хоног орон нутагт өнөөдрөөс эхэлж байна. Бие даалтын долоо хоног орон нутагт гуравдугаар сарын 24-28, нийслэлд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг өнөөдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж байна” гэж байлаа.
Эх сурвалж:www.zms.mn