П.Лхагважаргал 

ДЭМБ-ын шийдвэрээр гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгосон бөгөөд энэ өдрийг тохиолдуулан тус өвчний эсрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Уг өдрийг угтаж эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгээс сүрьеэгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой олон нийтээр удирдуулсан хяналтыг нэвтрүүлэх бодлогын талаар танилцууллаа.

Манай улс нь сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэг хэвээр байна. Энэ өвчин нь урт хугацааны эмчилгээ шаарддаг тул өвчтөнийг нийгмийн ялгаварлан гадуурхалд өртөж, өвчтөнд сөрөг үр дагавруудыг дагуулдаг. Иймд эрүүл мэндийн бодлогын хүрээлэн ТББ нь ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сан, ЭМЯ-ны дэмжлэгтэй сүрьеэ өвчинд өртсөн хүмүүсийн үзэл бодол, санал, туршлагыг нэгтгэх замаар сүрьеэгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх зорилготой “Олон нийтээр удирдуулсан хяналтыг нэвтрүүлэх” бодлогын төслийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Хэнтий, Дархан-Уул аймагт хэрэгжүүлж байна. Эдгээр аймаг, дүүрэг нь Монгол Улсдаа сүрьеэгийн өвчлөл өндөр, шилжилт хөдөлгөөн, хүн ам ихтэй бүс нутаг юм. Энэ дөрвөн газартаа 11 хүний бүрэлдэхүүнтэй нэгдсэн зөвлөлийг тус тус байгуулж ажиллажээ. Тус зөвлөлийн 30 хувь нь төрийн албан хаагч, 70 хувь нь сүрьеэ өвчнийг даван туулсан болон тэдгээрийн ар гэр тэргүүтэй иргэний нийгмээс бүрдсэн аж. Ингэхдээ сүрьеэгээр өвчилсөн хүмүүсээс сар тутам мэдээлэл цуглуулдаг. Тодруулбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой ямар асуудал тулгамдаж байна, хэр хүртээмжтэй, чанартай байгаа эсэх, эрүүл мэндийн болон бусад байгууллагаас ялгаварлан гадуурхах хандлага мэдэрсэн талаар санал асуулга авч, дүн шинжилгээ хийдэг ажээ. Энэхүү ажлыг өнгөрсөн оны аравдугаар сараас холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, суурь судалгааг хийсээр байна. “Олон нийтээр удирдуулсан хяналтыг нэвтрүүлэх” бодлогын төслийг Азийн орнуудад амжилттай хэрэгжүүлж үр өгөөжээ өгсөөр байгаа аж. 
15-50 насны тэр дундаа 20-30 насныхны дунд сүрьеэгийн халдвар өндөр байна
Сүрьеэгээр ямар хүмүүс өвчилдөг, халдвар хэрхэн авдаг, хэр хугацаанд эмчлэгддэг гээд энгийн мэдлэг дутмаг байдаг нь тус өвчний тархалт нэмэгдэх, тус өвчнөөр өвчилсөн хүнийг нийгмээс ялгаварлан гадуурхах зэрэг сөрөг зүйлсийг дагуулдаг. Иймд уг нийгэмлэгээс “Сүрьеэг тэглэхэд нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо юу вэ гэдэг баримтын цомог” гаргажээ. Ажиглалтын үед энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хангалттай түвшинд хэрэгжүүлэхээс  гадна эмчилгээний үед элэг хамгаалах болон эмийн гаж нөлөөг бууруулах эмийг хөнгөлөлттэй олгох, оношилгоогоо эрчимжүүлэх шаардлагатай зэрэг байдал ажиглагджээ. 
15-50 насны тэр дундаа 20-30 насныхны дунд сүрьеэгийн халдвар өндөр байна. Энэ нь биологийн цагтаа унтахгүй, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхгүйгээс үүдэн дархлаагаа бууруулж, эрүүл мэнддээ хайнга хандсантай холбоотой байна. Мөн шинж тэмдэг илэрснийг анзааралгүй цаг хугацаа алдаж байгааг мэдээллийн үеэр онцоллоо.