Б.Нямсүрэн

Зууван танхимд болсон таагүй уур амьсгалтай уулзалтын дараа хөөгдөх шахам Цагаан ордныг орхисон В.Зеленский Цагаан ордонд урилгаар дахин ирэх бололтой. Саудын Арабын Жедда хотноо  АНУ болон Украины тал найман цаг хэлэлцсэний эцэст 30 хоног гал зогсоох хэлэлцээрт амжилттай тохиролцож чадсан талаар хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Хэлэлцээрийн гол агуулга болох 30 өдрийн гал зогсоох тухай Америкийн саналыг Украин хүлээн авсан бөгөөд хариуд нь АНУ-аас үзүүлж байсан цэргийн тусламжийг сэргээхээр болжээ.

Гал зогсох хэлэлцээ нааштай урагшилж байгаа ч нөгөө талд ОХУ-ын хариуг зайлшгүй хүлээх шаардлагатай. Марко Рубиогийн мэдэгдсэнээр АНУ Оростой ярилцах юм байна. Тэрээр “Оросууд хариугаа түргэн өгнө гэдэгт итгэж байна. Ингэснээр дараагийн үе шат буюу жинхэнэ хэлэлцээрт шилжих боломжтой” гэсэн юм.

АНУ, Украин хамтарсан мэдэгдэл хийсний дараа Д.Трамп энэ долоо хоногт багтаан В.Путинтай гал зогсоох асуудлаар ярилцана гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Тэрээр “Энэ бүхэн ойрын үед эцэс болох байх” гэж Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдээлжээ. Мөн Цагаан ордон В.Зеленскийг дахин урина гэсэн байна.

Гурван жил үргэлжилсэн дайны галыг түр зогсоох хэлэлцээ амжилттай болж байгаад Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Трампад талархал илэрхийлжээ. Тэрээр "Одоо Оросыг ятгах АНУ-ын ажил л үлдлээ" гэж жиргэжээ.