Б.ГАРЬД

 

“…Ковид, Орос Украйны дайнтай холбоотой геополитикийн гулсалт болж, цоо шинэ дэлхий тогтоно” гээд байсан. Тэр дагуу эх дэлхийн эдийн засаг, геополитик аажмаар “гулсаж” байв. Харин Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ өөрчлөлт хурдлаад эхэлсэн. Трамп тангаргаа өргөсний дараа дэлхий улам хурдтай “эргэх” болов. Түүний нөлөө том, жижиг бүхий л улсад янз бүрээр тусаж байх шиг байгаа юм. Монголд ч ялгаагүй, муу сайнаар мэдрэгдээд эхэлж л байна. Ялангуяа эдийн засгийн тухайд шууд цочроог байн байн өгөх төлөвтэй байгаа аж. Ер нь ч тийм чимээ анир манайх байтугай улсаас дуулдаад л байна.

Яг энэ өөрчлөлттэй холбоотой бас нэг мэдээлэл чих дэлслээ. Америкийн тал манай “шувууд”-ыг шилжүүлэн өгөхөө илэрхийлсэн байна. Монголдоо авлига албан тушаал, хүн амины хэрэг зэрэг ноцтой гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд зугтаад Америкт очоод амьдарчихдаг.

Ингэж гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсээ авах хүсэлтийг манай улсын хууль хяналтын байгуулагаас Америкийн талд тавьсаар иржээ. Урьд нь тэднийг авчрахаар хууль хяналтынхан санал хүсэлт тавьдаг ч Америкийн тал огт хүлээж авдаггүй байжээ. Тэгвэл, Трамп ерөнхийлөгч болж, Америкийн засаг захиргааны бодлогод өөрчлөлт орсон. Түүний нөлөөгөөр “Кеннеди кейс” эргэж нээгдсэн. Түүнээс өөр бусад олон асуудал дэлгэгдэж эхлээд байна.

Тэдгээрт багтаж буй хууль бус цагаачид, тус улсад эх орноосоо зугтан амьдарч байгаа нөхдүүдийн асуудлууд давхар хөндөгдсөн. Тиймээс Америкийн тал анх удаа Монголын хууль хяналтын байгууллагын хүсэлтийг хүлээж авахаар болсон юм байна. Сэжигтнүүдээ авах ажил “Шувуу” ажиллагааны хүрээнд явагдах гэнэ.

Ер нь бол, Трамп ялснаар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ахиц гарч буй дам нөлөөлөл гарч байгаа хэрэг болж байна. Учир нь, Монголоосоо зугтаад Америкт амар тайван амьдарч буй С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүд болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс удахгүй эх орондоо буцаж ирэх нөхцөл үүсжээ.

Тодруулбал, өдгөө Америкт С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт хамаатай байж болзошгүй гэж сэжиглэгдэж буй хэд хэдэн хүн амьдардаг. Тэдний дунд 1998 онд уг хэргийн дараа зугтаад, түүнээс хойш Америкт амьдарч байгаа этгээд ч байдаг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 37, 38 (7533, 7534)