Б.НЯМСҮРЭН
ХБНГУ-ын Бундестагийн ээлжит бус сонгуулийн санал хураалт дуусч, ялагчид тодорлоо.
Сонгуульд арав орчим нам, хүчин өрсөлдсөнөөс консерватив үзэлтэй Христийн ардчилсан холбоо 28.6 хувийн саналаар ялалт байгуулж, хэт барууны үзэлт гэгддэг AfD (Alternatives for Germany) нам 20.8 хувийн саналаар хоёрдугаар байрт бичигдэв. Ийнхүү Христийн Ардчилсан холбоо эвслийн тэргүүн Фридрих Мерц тус улсын канцлер болох нь тодорхой боллоо.
Тэрээр олон улсын нөхцөл байдал тэр дундаа Европын холбоо, АНУ-ын харилцааны тун эгзэгтэй цаг үед Европын хамгийн том эдийн засагтай улсын засгийн газрыг толгойлох гэж байна. Сонгуулийн сунгааны эхнээс нэр хүндтэй байсан тэрээр санал хураалт болохоос өмнө сонгогчдод хандаж үг хэлэхдээ “Европын холбоонд Германы дуу хоолой илүү хүчтэй байх болно. Мөн цаашид Европын холбоо гол тоглогч хэвээр байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засаг нь хумигдаж, цагаачлал, аюулгүй байдлын хурцадмал байдалтай, нийгмийн туйлшралтай тулгараад байгаа тус улсын хувьд АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн бодлого, худалдааны дайн зэрэг нь ихээхэн бэрхшээл үүсгэх магадлалтай байна.
69 настай Мерц өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй ч тэрээр Германы дараагийн канцлер болбол Европт манлайлал үзүүлж, Украиныг дэмжихээ амласан.
Түүний ялалтад баяр хүргэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Германчууд америкчуудын нэгэн адил эрчим хүч, цагаачлалын асуудал зэрэг хэрэгцээгүй олон асуудлаас залхсаны нотолгоо” гэжээ.
Түүний ялалтыг Европын холбооны удирдагчид мөн талархалтай хүлээн авч баяр хүргэсээр байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Германы шинэ канцлер сонгогдсоноор дэлхий дахинаа болон Европ тивд тулгарч буй томоохон сорилтуудыг даван туулахад зөв шийдэл болох сайн хамтрагчтай боллоо" гэсэн бол Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер “аюулгүй байдлаа хамтран бэхжүүлж, хоёр орны өсөлтийг хангахад анхаарах”-аа мэдэгджээ.
Сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн тус улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Кристиан Линднер улс төрөөс зодог тайлахаа мэдэгдлээ. Түүний удирдсан Либерал чөлөөт ардчилсан нам энэ удаагийн сонгуулиар таван хувийн босго давж чадаагүй, парламентад суудалгүй болсон учир ийм шийдвэрт хүрсэнээ Х сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.
Эх сурвалж: zms.mn