Б.БАЯРЖАВХЛАН

 

Газрын тосны асуудлаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн органик химийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (PhD) Б.Хулантай ярилцлаа.

 

- Манай улс удахгүй газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, дотоодын түүхий эдэд түшиглэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах боломжтой болно. Газрын тос боловсруулах үйлдвэр нь ямар технологи ашиглаж, ямар ямар бүтээгдэхүүн гарган авна гэсэн тооцоолол байдаг вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 1.5 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай, Тосон-Уул, Тамсагийн нефтийн түүхий эдийг боловсруулан шингэрүүлсэн шатдаг хий 43 мянган тонн, Евро 4.5 стандартын авто бензин 380 мянган тонн, дизелийн түлш 800 мянган тонн, онгоцны түлш 40 мянган тонн, зуухны түлш 20 мянган тонныг үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байгаа.

2024 онд манай улс жилд 2.6 сая тонн нефтийн бүтээгдэхүүн импортоор авч ашигласан бөгөөд 58 хувь нь дизелийн түлш байна. Тус газрын тос боловсруулах үйлдвэр нь гидрокрекинг технологи ашиглан нефтийг гүнзгий боловсруулан бүтээгдэхүүн гарган авна гэсэн мэдээлэл байдаг. Монгол орны нефть нь асфальтен-давирхайлаг нэгдлүүдийн агуулга багатай, парафин, нафтены нүүрс-ус төрөгчдийн агуулга өндөр учир харьцангуй нам нөхцөлд задралд орж шингэн бүтээгдэхүүн үүсэх, гүн боловсруулах боломжтой. Хүхэр, азотын агуулга бага байгаа нь гарган авсан бүтээгдэхүүний чанарт эергээр нөлөөлөх давуу талтай юм.

-Нефть боловсруулах үйлдвэрийн технологийн ямар ямар процессууд  байдаг вэ. Орчин үеийн нефть боловсруулах технологийн чиг хандлагын тухай?

-Нефть боловсруулах үйлдвэрийн технологийн хувьд анхдагч боловсруулалт нь мэдээж уламжлалт нэрлэгийн зарчим дээр үндэслэгддэг атмосфер болон вакум нэрлэгийн процесс. Мөн нефтийг гүнзгий боловсруулах катализаторт крекинг, дулааны крекинг, гидрокрекинг болон висбрекинг зэрэг технологийн процессууд байдаг. Эдгээр нь нефтийг катализатор, температур, даралтын оролцоотой дулааны үйлчлэлд оруулан нүүрс-ус төрөгчдийг задрах, хувиралд оруулан шингэрүүлдэг бөгөөд нефтийн нүүрс-ус төрөгчдийн найрлага, шинж чанар болон ямар бүтээгдэхүүн түлхүү гарган авахаас хамааран технологийн сонголтууд хийгдэж байдаг. Үүнээс гадна нефтийг боловсруулан гарган авсан түлшний фракцуудыг хүхэр болон бусад хольцоос цэвэрлэх, зохимжтой найрлага бүхий Евро стандартад нийцсэн түлш гарган авах зэрэг гидро боловсруулалтад оруулдаг. Нефтээс зөвхөн бензин, дизелийн түлш гаргахаас гадна тосолгооны материал, асфальт, битум, мазут зэрэг нэн чухал бүтээгдэхүүн гарган авдаг. 100 хувь ашиглагддаг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал юм. Сүүлийн үед хөнгөн нефтийн нөөц шавхагдсантай холбоотой хүнд, өтгөн нефтийг гүнзгий боловсруулах, нефть өгөлтийг сайжруулах зэрэг орчин үеийн арга технологийг бий болгоход судлаачид анхаарлаа хандуулж байгаа. Үүнд нефтийг  хэт богино долгионоор үйлчлэх, микро организмаар идүүлэх, гэрлээр үйлчлэх гэх мэт ногоон технологи ашиглан боловсруулан шингэрүүлэх судалгааны ажлууд нэлээд хийгдэж байгаа.

-Мэргэжлийн хүний хувьд нефть гэж юу вэ. Ямар найрлага шинж чанартай байдаг вэ?

-Нефть  нь нүүрстөрөгч, устөрөгчөөс бүрдсэн парафин, нафтен, роматик  нүүрс-ус төрөгчид, асфальтен, давирхайлаг нэгдлүүдийн найрлага бүхий олон зуун органик нэгдлүүдийн хольцоос тогтсон шингэн шатах ашигт малтмал юм. Нефть нь амьтан, ургамлын үлдэгдэл газрын гүнд он удаан жил хуримтлагдан, температур, даралтын нөлөөгөөр задрах, исэлдэх процессын дүнд үүссэн, органик түүхий эд гэж үздэг. Иймдээ ч нефтийн найрлага шинж чанар цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөн хувирч байдаг. Тухайн найрлага шинж чанараасаа хамааран нефтийн гарал үүсэл, нүүрс-ус төрөгчдийн болон геологийн ангиллыг тогтоодог. Мөн нефтийн найрлагаас боловсруулах арга технологи, гарган авах бүтээгдэхүүний төрөл, шинж чанар ихээхэн хамаардаг.

-Монгол улс нефтийн хэд хэдэн орд газруудтай. Бид өмнө нь өөрийн нефтийг олборлон боловсруулж нефтийн бүтээгдэхүүнийг гарган авч  ашиглаж байсан түүх бий. Тэгвэл нефтийн ордуудын илрэл, нөөц болон олборлолт ямар байгаа вэ?

-Манай орны хувьд Дорноговийн сав газар орших Цагаан-Элс, Дорнод аймгийн Матадын сав газар Тамсагбулаг, Тосон-Уулын нефтийн орд газрууд бий. Анх 1940 онд ЗХУ, Монголын хамтарсан геологийн судалгааны баг Дорноговь, Тамсаг, Чойбалсан, Нялга, Өмнөговь, Их нууруудын тунамал хурдастай сав газруудад нефтийн эрэл, хайгуулын ажлыг явуулж, нийт 800 гаруй цооногийг өрөмдөж Дорноговь аймгийн Зүүнбаян, Цагаан элс, Дорнод аймгийн Тамсагбулагийн нефтийн ордыг нээсэн түүхтэй. Мөн Зүүнбаяны нефтийн түүхий эдэд тулгуурлан 1949 онд Дорноговь аймагт нефть боловсруулах бага оврын үйлдвэрийг барьж, 1949-1960-аад онуудад 10 гаруй жил өөрийн олборлолтын 0.55 сая, импортын 0.5 сая, нийт нэг сая гаруй тонн түүхий нефть нэрж, бензин, дизель түлш болон мазутыг гарган авч байсан. Энэ нь тухайн үеийн хэрэгцээний 20-30 хувь буюу говийн аймгуудын шатахууны хэрэгцээг хангаж байсан түүх бий. Одоогийн байдлаар Монгол Улсад хайгуулын 33 талбай байгаа бөгөөд үүнээс Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, БХГ-97 талбайд “Доншен Газрын тос (Монгол)” ХХК, Матад XX талбайд “Петроматад” ХХК тус тус нефтийн хайгуул, олборлолтын үйл ажиллагааг явуулж, Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ажиллаж байна. Сүүлийн үед нефть байж болох магадлал бүхий  хэд хэдэн талбай илэрсэн. Нефтийн нөөцийн хувьд Тамсагбулаг, Тосон-Уул, Цагаан-Элсний ордуудын баталгаат зэрэглэлийн нөөц 332.64 сая тонн, ашиглалтын баталгаат зэрэглэлийн нөөц 43.25 сая тонн гэж 2012 оны байдлаар тогтоож, Монгол улсын эрдэс баялгийн санд бүртгүүлсэн байдаг.

-Олборлогдож буй эдгээр ордуудын нефтийн судалгааны ажил танай хүрээлэн дээр хэр хийгдсэн бэ. Хийгдсэн судалгааны ажлын талаар товч танилцуулахгүй юу?

-ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн дээр манай орны Тамсагбулаг, Тосон-Уул, Цагаан-Элсний оруудын нефтийн судалгааны ажлууд нэлээд хийгдсэн. Үүнд дээрх ордуудын нийт 10 гаруй цооногийн янз бүрийн гүнээс олборлосон нефтийн физик-химийн шинж чанар, найрлага, нүүрс-ус төрөгчийн бүрэлдэхүүнийг судлан, химийн ба геохимийн ангиллыг тогтоож, улмаар хими- технологийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгааны дүнд эдгээр ордуудын нефть нь парафины агуулга өндөр, бензин, дизелийн түлшний фракцын гарц бага, хүнд үлдэгдлийн агуулга өндөртэй, хүхэр, азотын агуулга багатай нь тогтоогдсон. Парафины агуулга өндөртэй учир өтгөн, царцамтгай шинж чанартай нефть юм. Эдгээр нефть нь найрлагадаа 22-29 хувийн алканы нүүрс-устөрөгчид, 32-36 хувийн нафтен, 26-28  хувийн ароматик нүүрс-устөрөгчдийг агуулж байгаа бөгөөд парафин- нафтены нефтийн төрөлд хамаарагдаж байсан. Тамсагбулаг, Тосон-Уул, Цагаан- Элсний ордын нефтүүд хоорондоо найрлага, шинж чанараараа төстэй. Эдгээр нефтийг үлдэгдэлгүй гүн боловсруулах, бензин, дизелийн фракцын гарцыг нэмэгдүүлэх зорилгоор нефтийн анхдагч боловсруулалтын дараах үлдэгдлийг устөрөгчийн орчинд катализаторт боловсруулалтад оруулах судалгааг гүйцэтгэсэн. Судалгааны дүнд нефтийн үлдэгдлээс 65 хувь хүртэл гарцтай тунгалаг фракцыг гарган авсан бөгөөд энэ нь манай орны нефтийг гүн боловсруулан нефтийн бүтээгдэхүүнийг өндөр гарцтайгаар гарган авах боломжтойг тогтоосон. Мөн нефтийн вакум хүнд үлдэгдлийг исэлдүүлэн замын битум гаргах судалгааг амжилттай явуулж, технологийн зааврыг боловсруулсан. Эндээс харахад нефть нь хаягдалгүй 100 хувь ашиглагддаг түүхий эд. Тиймээс ч дэлхийд “Шингэн алт” гэж нэрлэгддэг. Уламжлалт бус газрын тос болох шатдаг занар, битумт элсний судалгаа нэлээдгүй хийгдсэн. Үүнд Монгол орны Шинэ худаг, Өвөржаргалантын ордуудын шатдаг занарыг шингэрүүлэн нефть төсөөт шингэн бүтээгдэхүүн гаргах, Баян-Эрхэтийн ордын битумт элсийг боловсруулан замын битумд ашиглах зэрэг судалгааны ажлууд хийгдсэн. Одоо хэрэгжиж буй төслийн хүрээнд манай судлаачдын баг Монгол орны Тосон-Уул, Тамсагбулаг болон Цагаан-Элсний ордуудын нефтийн шууд нэрлэгийн болон крекингийг дизелийн фракцыг гидро боловсруулалтад оруулан стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гарган авах судалгааг хийж гүйцэтгэж байна.

-Манай эрдэмтэн судлаачид эх орны нефтийн түүхий эдийг цогц байдлаар судалж, улмаар боловсруулах технологийн туршилтуудын нэлээд хийсэн байна. Одоо баригдаж буй газрын тосны үйлдвэртэй та бүхэн хэрхэн уялдаа холбоотой ажилладаг вэ. Мөн эдгээр судалгааны ажлын үр дүнг хэрхэн ашиглах боломжтой вэ?

-Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” нь Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг бөгөөд одоогоор ид бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Мэдээж үйлдвэрийн үндсэн түүхий эд нь бидний судалсан Тосон-Уул, Тамсагийн түүхий нефть юм. Тус үйлдвэр нь “4 EPC” хэсгээс бүрдэх бөгөөд гүн боловсруулах үндсэн хэсэг нь лицензтэй технологийн байгууламжууд. Энэ нь цааш ямар зарчмаар явахыг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар бидэнтэй хамтран ажилласан болон судалгааны үр дүнг ашигласан зүйл байхгүй. Мэдээж туршилт судалгаа, шинжилгээ хийлгэж судлаачидтай хамтран ажиллах бүрэн боломжтой. Ер нь эрдэмтэн судлаачид, төр, хувийн хэвшил хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаан дээр суурилан аливаа үйл ажиллагаа явуулах нь хамгийн зөв зам гэж боддог.

-Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод, үйл ажиллагаагаа явуулаад ирэхэд нефтийн нөөцийн хэр хангалттай гэж үзэж байна?

-Миний хувьд нефть боловсруулах үйлдвэрийн хамгийн том асуудал нь нөөц юм болов уу гэж харж байгаа. Манай орон 1996-2024 оны хооронд 10 гаруй сая.тонн нефть олборлон, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу БНХАУ-руу экспортолсон байна. Энэ дүнгээс харахад 2015 онд хамгийн оргил үе буюу 1.2 сая тонн нефтийг олборлосон байдаг. Сүүлийн жилүүдэд олборлолт буурсаар жилд дунджаар 0.4 сая тонн нефть олборлож байна. Энэ нь нефтийн нөөц буурч байгаатай холбоотой болов уу гэж харж байна. Бид жилд 1.5 сая тонн нефтийн түүхий эдтэй байж боловсруулах үйлдвэр хэвийн явна. Гэхдээ газрын тосны салбарт төрөөс баримталж буй бодлогын хүрээнд шинээр хайгуул хийх, өрөмдлөг явуулах, илрэлийг тогтоох замаар газрын тосны баталгаат нөөцийг өсгөж, олборлолтыг нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангана гэж заасан. Хэдийгээр Солонгос, Япон зэрэг хөгжингүй улс орнууд нефтийн нөөц, орд газаргүй ч гадаадаас импортолсон нефтийг байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи ашиглан дотооддоо боловсруулж, шатахуун, дизель түлш, керосин болон химийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Солонгос улс зөвхөн дотоодын хэрэглээнд зориулж нефть боловсруулах төдийгүй нефтийн бүтээгдэхүүнийг Азийн бусад орнууд руу экспортолдог.

-Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орноор манай улсын нийгэм эдийн засагт ямар үр өгөөж, ач холбогдолтой гэж үзэж байна?

-Газрын тосны нөөцтэй, олборлогч орны хувьд түүхий эдээ боловсруулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэгч орон болох шаардлагатай. Манай улс одоогоор жилд 1.0-1.2 сая тонн түүхий тос олборлож, БНХАУ-д экспортолж байгаа ч нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь ОХУ-аас импортоор авдаг. Орчин үед машин механизм, техник технологи эрчимтэй хөгжиж, улмаар нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрийн үр дүнг зөвхөн мөнгөөр хэмжих биш үр өгөөжийг нь харах хэрэгтэй. Ялангуяа манай орны хувьд нэмүү өртөг шингэсэн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ салбар бий болох, импортын хараат байдлаас тодорхой хэмжээгээр ангижрах, нефть бүтээгдэхүүний чанар, үнийн тогтвортой байдал зэрэг нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц эерэг нөлөө үзүүлнэ. Нөгөөтээгүүр газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулснаар дан ганц нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна химийн төрөл бүрийн бодис, угаагч бодис, полимер зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх химийн үйлдвэр хөгжих үндэс суурь тавигдах юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 35 (7531)