Ц.МЯГМАРБАЯР
“Монголын эдийн засгийн форум” НҮТББ-ын тэргүүн Ч.Ганхуягтай ярилцав.
- Та зарим бизнесийн салбар 60 хүртэл хувиар татвар төлж байна гэлээ. Ер нь Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж та бодож байна вэ?
-Өнөөдөр бизнес эрхлэгчид орлогоосоо сар тутам НӨАТ-т 10 хувь, улирал тутамд нийслэл хотын албан татварт 0-2 хувь, хагас жил тутамд ашгаасаа 10 хувийг ААНОАТ- төвлөрүүлж байгаа бол цалингаасаа НДШ-д ажилтны төлөх 11.5 хувиас гадна 12 хувь гээд нийт 23.5 хувийг сар тутамд төлж байна. Мөн улирал тутамд ХХОАТ-т 10 хувь бусад 15.5 хувь гээд нэг ёсондоо 44.5-60 хүртэл хувиар татвар төлдөг. Тэгээд болоогүй та ямар салбарт бизнес эрхэлж байгаагаас хамааран төрөл бүрийн шимтгэл, хураамж төлдөг. Тухайлбал, виртуал хөрөнгийн бирж ажиллуулаа гэж бодоход дүрэм, журам, зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээний хөлсөнд 30-300 сая төгрөг, шимтгэлийн орлогоосоо 18 хувийг тус тус төлнө. Тэгсэн атлаа яг ижилхэн үйл ажиллагаа явуулдаг гадаадын виртуал хөрөнгийн бирж Монгол Улсад ямар ч шимтгэл, татвар төлдөггүй. Энэ нь шударгаар өрсөлдөх боломжийг хаадаг.
-Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварыг хэдэн хувиар бууруулбал бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, цаашлаад бидэнд ашигтай вэ?
-Манайх нийгмийн даатгалын шимтгэл нь хүрэлцэхгүй байна, тэтгэврээ тавьж дийлэхгүй байна гээд нэмээд байдаг. Миний ухамсар сууснаас хойш нийгмийн даатгалын шимтгэл дандаа нэмэгдсээр ирсэн. Энэ асуудал дуусах биш, эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байна. Нөгөө талдаа та анзаарсан байх. Эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас 55, эмэгтэйчүүдийнх 50 байсныг аажим аажмаар нэмж 60, 65 болгосон. Энэ бол урт хугацааны шийдэл биш байхгүй юу. Манай эрэгтэйчүүдийн дундаж наслалт хэд билээ. Хэдэн хувь нь тэр насаа үзэж, тэтгэвэртээ гарч, төлсөн мөнгөө авч байгаа билээ. Тэгэхээр энэ дээр арай өөр шийдэл хэрэгтэй.
-Таны бодлоор ямар шийдэл оновчтой вэ?
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан яаман дээрээ ажлын хэсэг ажиллуулж байна. Түүн дээр хуримтлалын систем рүү шилжээд, хүмүүс нийгмийн даатгалаар төлж хуримтлуулсан мөнгөө авах, өвлүүлэх боломжтой, хувийн тэтгэврийн тогтолцоо руу хэсэгчлээд шилжих алхмуудыг заавал хийх ёстой. Өнөөдөр Үндэсний баялгийн сангийн асуудлууд яригдаж байна. Үүн дээр төрийн өмчийн том том компаниудын хувьцаа болон орлогыг бидний ирээдүйн, Норвегийн сан гэдэг шиг Тэтгэврийн сан руу шилжүүлэх байдлаар бүтцийн өөрчлөлт хийгээд явах боломжтой гэж бодож байна.
-Та татварын байцаагчид данс хааж байна гэлээ. Тэд хувь хүн болох хуулийн этгээдийн данс хаах эрхгүй биз дээ?
-Татварын улсын байцаагчдын хүнд суртал, дураараа загнадаг байдал хэтэрсэн. Аж ахуйн нэгж дээр очоод, үйл ажиллагааг нь зогсоогоод, дансыг нь хаадаг. Дараа нь “Дансыг чинь нээгээд өгье, тэдийг өгчих” гэдэг байдал газар авчихсан. Үүнийг нуух шаардлагагүй. Нөгөө талдаа зөрчлийн хэрэг үүсгэдэг, акт тавьдаг. Прокурор орж ирдэг. “Энийг жаахан хөнгөлчихье. Чи тэдийг өгчхөөрэй” гэдэг. Энэ бол байж болшгүй, эвлэрч болохгүй зүйл. Аж ахуйн нэгж дээр чинь 50 хувийн торгууль тавьчихъя, хувь хүн дээр чинь 10-ыг тавьчихъя гэнгүүт нөгөөх нь бүлтгэнэж байгаад, ажлаа явуулахын тулд хувь хүн дээрээ 10 хувиараа торгууль тавиулчихъя гээд, “гэмт этгээд” болоод байгаа юм. Энэ байдлыг өөрчлөхгүй бол бид нөгөө хөрөнгө оруулагч үндэстэн, крипто үндэстэн биш, гэмт хэрэгтнүүдийн үндэстэн болчих гээд байна. Татвар авахдаа хуулиа дагамаар байна. Гэмгүй бизнес хийж байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэн, ялтан болтол нь Зөрчлийн хуулиар дууддаг, дансыг нь хаадаг. Дансаа хаалгасан хүн яаж цалингаа тавих юм бэ. Энэ шударга бус байдлыг цэгцлэх ёстой. Тухайлбал, татварын байцаагч нар дунд шатандаа нугалаа үүсгэхээ болих хэрэгтэй.
-Татварын албаныхан татварын байгууллага бүрэн цахимжсан, амьд харилцаа байхгүй учраас авлига, хээл хахууль байхгүй гэдэг?
--Цахимжуулах ёстой. Гэхдээ өнөөдөр данснууд хаагдсаар байна. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хамгийн хүнд асуудал бол дээр дурдсан, дурын байцаагч очоод, үйл ажиллагааг нь зогсоогоод, банкны дансыг нь хаачихдаг явдал. Бизнес эрхлэгч түрээсээ, цахилгааны төлбөрөө төлж чадахгүйд хүрдэг учраас байцаагчийг дагаж гүйгээд “Данс нээгээд өгөөч ээ. Би цалингаа тавих хэрэгтэй байна. Маргааш шинэ жил, цагаан сар болох гэж байна” гээд гуйдаг. Энэ асуудлыг тодорхой хувиар гаргаад, төлүүлээд явахад болно шүү дээ. Татварын дарамт бага байна гэдэг Монголд худлаа шүү. Монгол Улс татварын дарамт хамгийн өндөр улсуудын тоонд ордог.
-Сүүлийн үед бизнесийн байгууллагууд руу чиглэсэн улстөржилт их байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Цаанаа улс төрийн зорилго байна уу, үгүй юу мэдэхгүй. МҮХАҮТын даргын хэлсэн шиг бизнесүүд нь бизнесээ хийдэг, улстөрчид нь улс төрөө хийх нь зүйтэй. Төр нь төрийнхөө ажлыг хийгээд, бодлогоо гаргаж, бизнес эрхлэгчдээ дэмждэг, ямагт хамгаалдаг бодлоготой байх ёстой гэж бодож байна. Хууль зөрчсөн бол бизнесийнхэнд хуулийнх нь дагуу хариуцлага оногдуулах ёстой. Авлига өгч болохгүй, бусадтайгаа жигд зөв өрсөлдөх ёстой. Дарга нарыг аргалж байгаад том тендер, том төслүүд аваад байж болохгүй. Тэр хэм хэмжээгээ нэг талаасаа барьж явах ёстой.
-Зөвшөөрлийн тухай хуульд нийт 372 зөвшөөрөл байгаагаас 251 нь тусгай, 121 нь энгийн зөвшөөрөл байна гэлээ. Энэ олон зөвшөөрөл үйл ажиллагаа явуулахад маш их төвөг болдог гэж бизнес эрхлэгчид ярьж байна. Үүнийг хэрхэн өөрчлөх боломж байна вэ?
-Үнэн. Бизнес эрхлэх гэхээр хуулиасаа давсан зөвшөөрлүүдтэй. Эхнээсээ яамд зарим журмуудаа цуцалж байх шиг байна. Найман нэрийн дэлгүүрийн зөвшөөрөл авах гэж найман сар хүлээх явдал манайд бий. Хүүхдийн цэцэрлэг байгуулахын тулд 93, эмийн сан ажиллуулахын тулд 138 шат дамжлага дамжих хэрэгтэй болж байна. Бизнес эрхлэхэд төрөөс 331 гэрээ, 264 бүртгэл, 161 тодорхойлолт,132 гэрчилгээ,232 дүгнэлт шаарддаг. Зөвшөөрөл олгодог авч хяналт тавьдаггүй, хариуцлага хүлээдэггүй тогтолцоо хэнд хэрэгтэй юм. Эдгээрийг өгөхийн тулд төрийн албаны дунд шатны хурган дарга нарын гарын үсгийн наймаа цэцэглэх ёсгүй. Төрийн данхайсан бүтэц энд л байна. Үүнийг цомтгох хэрэгтэй. Харин бүх салбарт бизнес эрхлэх боломжийг нээлттэй, стандарттай болгох хэрэгтэй. Олон улсын зарчмаар нь стандарт, хариуцлагыг хатуу мөрдсөнөөр энэ бүгд цэгцэрнэ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл нэрийн дор гэрээ, батламж, магадлан итгэмжлэх гэх мэт олон журам мөрдөж, бичиг цаас бүрдүүлэх гэж төрийн албан хаагчийн үүд сахидаг, гарын үсэг зуруулдаг тогтолцоог халах ёстой.
-Тухайлбал ямар үр дүн гарсан бол?
-Бид хурал хийж, зөвшөөрлийг цуцаллаа. НӨАТ дээр өөрчлөлт гарна. Чуулга уулзалтын үеэр “Envision” компани 50 м/вт-ын хураагуур хийхээ зарласан. Өнөөдөр бид цахилгааны хязгаарлалтад нэг их олон орсонгүй. Өнгөрсөн өвлөөс ялгаатай нь бид энэ жил 2-3 удаа цахилгаанаа таслуулах шиг боллоо. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч хийсэн. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшил хамтарч ажиллаад, амжилтад хүрсэн нь маргах аргагүй. Практикийг нутагшуулах хэрэгтэй. Төр бүхнийг хийх биш, хувийн хэвшилтэйгээ хамтраад, хувийн хэвшлээ дэмжээд, бодлого зохицуулалтаа гаргаж, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгч байж цааш хөгжинө.
Эх сурвалж: zms.mn