Ц.МЯГМАРБАЯР
Азийн Хөгжлийн Банк (АХБ) Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа хөгжлийн нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор одоогийн хөрөнгийн баазаа ашиглан ирэх арван жилд үйл ажиллагаагаа 50 хувиар өргөжүүлэх төлөвлөгөө баталлаа. Нэг жилд батлагдах санхүүжилтийн дүнг 2024- 2034 онд 24- 36 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэх юм. Энэхүү өргөтгөсөн санхүүжилт нь бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн нэн тэргүүний асуудлуудыг шийдвэрлэх АХБ-ны хөгжиж буй гишүүн орнууд (ХБГО)-ын хүчин чармайлтыг дэмжинэ.
"Энэхүү эрчимтэй төлөвлөгөө нь бүс нутгийн хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээнд нийцэхийн зэрэгцээ иргэдийн амьдралыг сайжруулж, эх дэлхийгээ хамгаалахад чиглэсэн АХБ-ны үйл ажиллагааны үр нөлөөг бэхжүүлэх юм." гэж АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава хэлээд "Өсөн нэмэгдсэн зээлийн хүчин чадлаа ашиглан энэхүү Хөрөнгө ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлснээр бид бүс нутаг даяарх үйл ажиллагааныхаа чанар, үр дүнг дээшлүүлж, нарийн түвэгтэй асуудлуудыг шийдвэрлэх стратегийн хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байна" хэмээн тодотгов.
Хөрөнгө ашиглалтын төлөвлөгөө нь АХБ-ны одоо үргэлжилж буй өөрчлөлтийн дараагийн алхам юм. Энэ нь AХБ-ны санхүүжилтийн хүчин чадлыг нэлээдгүй нэмэгдүүлсэн аж. 2023 оны хөрөнгийн удирдлагын шинэчлэл болон өнгөрсөн жил таван үндсэн чиглэлд томоохон зорилтуудыг тодорхойлсон стратегийн шинэчлэлд тулгуурлаж байна. Мөн АХБ нь хамгийн ядуу, эмзэг гишүүн орнууддаа зориулсан хамгийн том тэтгэлгийн эх үүсвэр болох Азийн хөгжлийн сангаа нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаагаа бэхжүүлсэн аж.
АХБ хөрөнгийн зах зээлээр дамжуулан стратегийн хөрөнгө оруулалт хийнэ
АХБ нь энэ орлогынхоо тодорхой хэсгийг хөгжиж буй гишүүн орнууддаа өндөр чанартай, ашигтай төсөл хөтөлбөр боловсруулахад нь дэмжлэг үзүүлж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан тогтвортой санхүүжилт босгоход нь стратегийн хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна. Тодорхой зорилт бүхий шинэ санаачилгуудын хүрээнд тэсвэртэй, тогтвортой байдлыг дэмжих хөрөнгө оруулалт хийх санхүүгийн болон санхүүгийн бус урамшуулал бүхий зээлийн хөтөлбөр, төслийн бэлтгэлийг сайжруулах уян хатан арга хэрэгслүүд багтах юм. Мөн хувийн хэвшлийн хөгжил, дижитал шилжилт, бүс нутгийн хамтын ажиллагаа болон нийтийн ашиг сонирхлын чиглэлээр цаашид хэрэгжүүлэхээр байна. Эдгээр санаачилгууд нь АХБ-нд 2030 он хүртэлх стратегийн зорилтуудаа биелүүлэхэд нь түлхэц болох зорилготой. Үүнд уур амьсгалын санхүүжилтийг нийт батлагдсан зээлийн 50 хувьд хүргэх, 2030 онд өөрийн хөрөнгийн болон татан төвлөрүүлсэн санхүүжилтээс нийт 13 тэрбум ам.долларыг хувийн хэвшлийн санхүүжилтэнд зарцуулах зэрэг зорилтууд дэвшүүлжээ.
Эх сурвалж: zms.mn