М.АРИУНЖАРГАЛ
Өглөө бүрийг кофегоор эхлүүлдэг хэн бүхэнд зориулан энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.
Б.Эрдэнэболд кофе шоптоо ажиллах өдрөө хоног тоолон хүлээнэ. Түүний ажиллах ээлж ирэхэд ээжийгээ дагуулан догдлол дүүрэн очдог гэдгээ хэлж байлаа. Учир нь энэ кофе шопыг тавуулаа ажиллуулдаг бөгөөд ажлын тав хоногийн нэг өдөр ээлжээр ажилладаг байна. Харин ажиллаж буй өдрөө өөрийн бүх хүч чадал, хайр энэрлийг харамгүй түгээж ажиллаж буй нь энэ билээ. Б.Эрдэнэболд зочин орж ирвэл хүндлэн тавагтай чихэр барьж угтана. Суух хүртэл нь замчилж, хүссэн ширээнд нь суулгана. Харин дараа нь захиалгыг нь авч, ээждээ дамжуулна. Түүний ээж захиалгын дагуу бүтээгдэхүүнийг нь бэлтгэнэ. Ийм л энгийн хэр нь эгэл биш газар Улаанбаатар хотын төв цэгт буюу “Зориг сан” дотор “SMILE CAFE” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Энэ тухайгаа Б.Эрдэнэболд “Би 31 настай. Монголын Дауны холбооны гишүүн. Ээж бид хоёр “Smile cafe”-даа ажиллаад зургаан жил болж байна. Энэ ажилдаа дуртай. Мөн энэ ажлынхаа хажуугаар “Энэрэл мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-д тогооч мэргэжлээр сурдаг. Хоол хийхийг сурч байгаа. Будаатай хуурга хийж чадна. Бас саяхан сургуулийнхаа шинэ жилийг хөтөлсөн. Энэ нь надад маш их таалагдсан” гэсэн юм.
Энд бүх төрлийн кофе, халуун сүү, чацаргана, эклер, торт гарч байлаа. Түүнээс гадна бүх зүйл нь эмх цэгцтэй байх нь цаанаа л тайван мэдрэмжийг төрүүлнэ. Тэгвэл тус кофе шопын дотоод заслыг дауны холбоонд гишүүнчлэлтэй охины аав нь тохижуулж өгчээ. Даунтай хүүхдүүдийн мөн чанар нь байгалиараа, юмыг шууд утгаар нь хүлээн авдаг буюу илэрхийлдэг, ямар нэгэн “баггүй” байдаг. Тиймээс хүүхдүүдийнхээ мөн чанарыг илэрхийлэхийн тулд дотоод тохижилтыг нь аль болох байгалийн гаралтай материалаар хийхийг зорьсон тухайгаа Б.Эрдэнэболдын ээж хэлж байлаа.
Ажиллах тохиромжтой орчинг нь бүрдүүлээд өгвөл дауны синдромтой залуус эелдэг зөөлөн, харилцах ур чадвар сайтай учир үйлчилгээний салбарт илүү амжилттай ажиллаж чаддаг байна. Даунтай хүмүүсийн нэг илүү хромосом нь мартаж санах, тархины удаашралд оруулдаг шинж чанартай тул нийгмийн ажил тасалдаад идэвхгүй болоход тэр нь даамжирдаг. Тиймээс харилцааны салбарт ажиллах нь илүү давуу талтай байдаг аж. Тийм ч учраас Монголын Дауны Холбоо Хөдөлмөр сургалтын төвд Дауны холбоонд харьяалалтай дауны синдромтой хүүхдүүдийг сурган ажиллуулж буй нь энэ.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 32 (7528)