Т.САЙХАН

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Баянгол дүүргийн 22 дугаар хорооны зургаан иргэн энэ сарын 23-24-нд шилжих шөнө угаартаж нас барсан болон тэдний хувийн мэдээллийг задруулсан асуудлаар мэдээлэл хийлээ.

Амиа алдсан гэр бүлийн хувийн мэдээлэлд худал ташаа зүйл байсан. Нас барсан иргэн О тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй, согтууруулах ундааны хамааралгүй байсан аж. Мөн тус хэрэгтэй холбоотойгоор өчигдөр орой ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд хохирогчтой биечлэн уулзах, хамгаалалтад авах, санал хүсэлтийг нь сонгох хүсэлт тавьжээ. Хэрэг гарах үед амь хохирогчийн хүү О.Одбаяр цэргийн алба хааж байсан учраас хохирогчоор тогтоогоогүй байна. Тиймээс тухайн үед хамгийн ойр дотнын хүмүүсийг хохирогчоор тогтоожээ. Одоо О.Одбаярыг хохирогчоор тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Эмгэнэлтэй үйл явдлын хохирогч О.Одбаяр нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн байлдагч байсан бөгөөд албаа үлгэр жишээ, хариуцлагатай хааж байсан. Ангийнхаа сайн үлгэр жишээ, бахархал болсон байлдагч. Тиймээс Хууль зүй,дотоод хэргийн сайдын хувьд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллага, АТГ-аас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа.

Цагдаагийн байгууллага Тавантолгой түлш компанийн үе үеийн удирдлагууд, 2012-2024 оны хооронд удирдлагаар ажиллаж байсан болон ТУЗ-д ажиллаж байсан хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Тавантолгой түлш компанийн 29 нэр төрлийн түүхий эдүүдэд шинжилгээ хийж байгаа. Түлшний барьцалдуулагчтай холбоотой асуудал гарвал хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөвхөн нэгдүгээр сарын 24-ний үйл явдал бус олон хүн нас барж байгаа учраас энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

Мөн өчигдөр хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад Цагдаагийн байгууллагын илтгэх хуудас мэтээр бичигдсэн мэдээлэл 21.00 цаг орчимд цахим орчинд тарсан. Энэ бол хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал. Мөн Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг. Хэрвээ хувь хүний нууцад халдсан, задруулсан бол тав хүртэлх жилийн хорих ялтай. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд байгаа, зовлон туулж байгаа хүү, ах дүү, хамаатан саданд хүнд тусах мэдээллийг албаны журмаар олж аваад тараасан бол Эрүүгийн хуулиар 5 хүртэлх жилийн хорих ял авах гэмт хэрэг.

Өчигдөр орой ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзулаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулсан. Цахим орчинд тарсан мэдээлэл дунд Цагдаагийн байгууллагад огт байхгүй, мөн худал мэдээлэл байсан. Тиймээс зориуд тараасан худалд мэдээлэл гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллага бүх хүчээрээ энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

Мэдээлэл хийсэн байлдагчтай холбоотой олон нийтийн санаа зовнил байна. Иргэн О.Одбаярыг хууль сахиулах байгууллагынхан хамгаална. Шаардлагатай бүхий л тусламж дэмжлэгийг үзүүлнэ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тэр хүний эрхэнд халдсан ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

-Цагдаа өөрөө оролцоотой байж энэ мэдээллийг цацсан гэж харагдаж байгаа. Жирийн иргэнд олдохгүй мэдээллүүд байсан?

-Тухайн мэдээлэлд байгаа зарим мэдээлэл Цагдаагийн байгууллагад хадгалагдаж байгаа мэдээлэл байсан. Тухайлбал, Гэмт хэргийн сангаас жирийн иргэн мэдээлэл авах ямар ч боломжгүй. Гэтэл халамжтай холбоотой фото зураг, мэдээлэл Цагдаагийн байгууллагад байхгүй мэдээлэл. Ямар зорилгоор ингэж гаргав. Яагаад хохирогчийг эмзэг үед олон нийтийн сүлжээд тавив. Энэ дунд ташаа мэдээлэл байгаа. Тухайлбал, хохирогчид согтууруулах ундаа хэрэглэсэн, хамааралтай зүйл тогтоогдоогүй. Гэтэл гүтгэж мэдээлсэн байгаа юм. Мөн зөвхөн Цагдаагийн байгууллагад хадгалагддаг мэдээллүүд тэнд байгаа. Монгол Улсын иргэн бүрийн мэдээлэл холбогдох байгууллагуудад хадгалагдаж байгаа. Гэтэл энэ мэдээллийг олж аваад олон нийтэд цацаж болохгүй. Тиймээс энэ мэдээллийг цацсан хүнийг заавал олж, эрүүгийн хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Цагдаагийн байгууллага энэ мэдээллийг задруулсан бол та Хууль зүйн сайдын хувьд хариуцлага хүлээх үү?

-Хэрвээ Цагдаагийн байгууллага энэ мэдээллийг задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно. Цаашилбал, эрүүгийн хариуцлага хүлээнэ. Энэ бол зөвхөн нэг алба хаагчийн асуудал биш. Хувь хүний эрх чөлөөг хамгаалах, хувийн мэдээллийг хамгаалахад дарга удирдлага чиглүүлж ажиллах үүрэгтэй. 

Эх сурвалж:www.polit.mn