Д.ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонины “Start-Up” булангийн энэ удаагийн зочноор “Крийд студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбажаргалыг урилаа.
-Танай компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Бид VR технологид суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг үл хөдлөх хөрөнгийн салбарт зориулж хийдэг. Ер нь бол программ хангамж гаргаж байгаа гэсэн үг.
-Үл хөдлөх хөрөнгийн салбарт VR технологи ашиглан ямар бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж байгаа вэ?
-Ерөнхийдөө виртуал загварыг ашиглан захиалагчид сэтгэл ханамжийг мэдрүүлэх загварыг бодит мэтээр харуулдаг. Өөрөөр хэлбэл, барилга баригдахаас өмнө тухайн орон сууц яг ямар байх вэ гэдгийг бодитоор харуулдаг гэж ойлгож болно.
-Тэгвэл барилгын зураг төсөл гаргадаг гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болохгүй. Бид батлагдсан зураг төслийн дагуу тухайн барилга бодитоор хэрхэн харагдах вэ гэдгийг харилцагчдад харуулж сэтгэл ханамжийг бэлэглэдэг. Бүр тодруулбал, зураг төслийн үе шатанд хийгддэг.
-Танай компанийн үйлчилгээний онцлог юу вэ?
-Бид VR технологийн тусламжтайгаар хямд өртөгтэй үзүүлэн гаргахыг зорьж байгаа юм. Үүний тулд программ хангамж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжүүлэлт хийж байгаа гэж болно. Учир нь орон сууц худалдаж авахаар зорьж яваа хүн дөнгөж суурь нь цутгасан барилгын компанид захиалга өгдөг. Ингэхдээ тэндээс гаргасан рендер зураг эсвэл анимэйшнээр үзүүлдэг шүү дээ. Тэгвэл энэ мэдрэмжийг виртуал технологиор бодит мэт харж болно гэсэн үг. Энэ бол үл хөдлөхийн салбарт нэг шат ахисан түвшний мэдээлэл юм. Хүн өөрийнхөө авах гэж байгаа зүйлийг ямар нэг байдлаар төсөөлж, мэдрэхийг хүсдэг учраас бид технологийн дэвшлийг ахисан түвшинд ашиглаж бодит мэтээр харуулахаар зорьж байгаа юм.