Т.САЙХАН

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар өнөөдөр хорих 461 дүгээр ангид очиж П.Батчулуун эмчтэй уулзжээ.  Энэ талаар Ж.Чинбүрэн гишүүн өөрийн албан ёсны цахим хуудастаа мэдээлсэн байна.  Тэрээр "Цагдан хорих 461 дүгээр ангид П.Батчулуун эмчтэйгээ очиж уулзлаа. Үүссэн нөхцөл байдлыг өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Харин биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ. Зүрхэндээ долоон стэндтэй хүний эрүүл мэндэд үүсэж болох хүндрэлээс сэргийлэх нэн шаардлагатай юм. Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж тусалж ажиллах болно. Бидний эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй юм. Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барьж ажиллана" гэжээ. 

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 20-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүх хэлэлцэж, түүнд 2.6 жилийн хорих ял оноосон билээ.

Эх сурвалж:www.polit.mn