Рагчаагийн Оюун
Энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа Хилийн цэргийн 0218 дугаар ангийн ахлах шалгагч, ахмад Ганболдын Энхгэрэлийг урьж, ярилцлаа. Тэрээр удам дамжсан хилчин юм.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хил хамгаалах байгууллагатай хэрхэн холбогдсон талаар яриагаа эхэлье гэж бодлоо?
-Би хил хамгаалах байгууллагад 2004 онд ажилд ороод 21 дэх жилдээ Хилийн цэргийн 0218 дугаар ангидаа тасралтгүй ажиллаж байна. Аав маань хилийн цэргийн хүн. Тиймээс хилийн цэргийн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Тэр үед хилийн цэргийн сургуульд эмэгтэй хүүхэд авдаггүй байсан учраас Орхон их сургуульд элсэж герман хэлний багш, орчуулагчаар төгссөн. Сургуулиа төгсөөд аавдаа “Би ерөөсөө хилийн хүн болъё. Та ямар ч гэсэн намайг энд оруулаад өг” гэснээр ааваараа хөтлүүлээд энэ ангидаа анх хилчин шалгагчаар орж байлаа.
-Танай албаны онцлог юу вэ?
-Шалгагч хүн бичиг баримт дээр юу байх ёстой тэр болгоныг шалгана. Тухайлбал, Монгол Улсын хилээр энэ хүнийг оруулах уу, үгүй юу, бичиг баримтын зөрчил байна уу, хуурамчаар үйлдэж үү, гадаадын иргэн харьяатад олгодог Монгол Улсад орохыг зөвшөөрсөн виз хуурамч байна уу гээд. Дан ганц бичиг баримт шалгахаас гадна тухайн хүний биеэ авч явж байгаа байдал, нүдээр нь мэдэж болно. Хэрэв зөрчилтэй хүн бол сандарсан, нүдний харц тогтворгүй, паспортоо өгөхдөө гар нь чичирч байна уу гэдгийг сайн ажиглана. Мөн шалгаж байгаа хүнээ харахдаа дараагийнх нь хүнийг ч давхар ажигладаг. Энэ нь олон жилийн туршлага юм уу. Бичиг баримтыг нь барьж үзээд нимгэн, зузааныг нь мэдэж болдог. Бидэнд нэг хүнийг шалгахад тогтоосон хугацаатай, онгоцны цагийн хуваарьт баригддаг учраас удаан шалгах боломжгүй. Тиймээс хурдан шуурхай, түвэг учруулахгүйгээр шалгалтыг хийдэг.
-21 жил шалгагч хийхдээ хил зөрчигч илрүүлж байсан байх. Анх ямар зөрчил илрүүлж байв?
-2004-2006 онд монголчууд хилээр гарах нөхцөл ховор байсан учраас хуурамч бичиг баримт бүрдүүлнэ. Виз нь гарсан паспорт дээр өөрийнхөө зургийг наана эсвэл тухайн улсын визийг хуурамчаар үйлдэх зөрчил их гардаг байсан. Хүмүүс гадагшаа гарч амьдралаа сайжруулъя гэсэн бодолтой байсан үе. Энэ бүхэн миний ажлын гарааны туршлага болсон. Ажиллах хугацаанд 30 гаруй хилийн зөрчил илрүүлсэн. Мөн гадаадад олон жил болсон монгол иргэд бичиг баримтгүй, тухайн газраа харласан, өөрийнхөө бичиг баримтаар орж ирэх боломжгүй болохоор өөр хүний нэр, зургаар орж ирэх зөрчил их гарна.
Манай "Гэрэгэ-24" программ шинэчлэгдсэн. Энэ нь хүний царай, хурууны хээгээр танина. Тухайлбал, өмнө нь хил нэвтэрч байсан бол хүний бичиг баримтыг ашиглах боломжгүй. Хурууны хээгээр та энэ хүн мөн байна гээд гарч ирнэ. Та хэдэн жилийн дараа явсан ч харьцуулагдаад гарч ирнэ. Тиймээс хилийн зөрчил ч багасна. Зөрчил гаргахгүйн тулд техник, технологиуд шинэчлэгдэж байгаа.
-Монгол Улсын хилээр хүнийг шалгаж оруулна гэдэг шалгагч хүнээс их чадвар шаарддаг байх нь ээ?
-Тийм шүү. Бичиг баримт шалгахдаа гол нь биш. Энэ хүн ямар бичиг баримттай, яах гэж орж ирэв гэдгийг нь сайн шалгах юм. Түүнээс бид хүн бүртгээд гаргаж, оруулахдаа биш. Шалгагч гэдэг үгний гол утга учир нь бичиг баримтаа, тухайн хүнээ сайн шалгах ёстой. Бүртгэгч хийх юм бол тэнд шалгагчийн хэрэггүй. Компьютерийн хэдэн товч дарж бүртгээд л болоо. Тэгэхгүйгээр хамгийн гол нь шалгалтаа сайн хийх ёстой учраас бид шалгагч гэдэг албан тушаал дээр үүрэг гүйцэтгэж байгаа.
-Та цахим гарцын талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?
-Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр анх Бүгд найрамдах Солонгос Улсын тоног төхөөрөмж суурилуулж байхад манай улс цахим паспортгүй байсан. Тиймээс өөрсдөө бүртгээд цахим гарцаар нэвтрэхийн тулд гадаад паспорт дээр нь стикер наана. Ийм наалт наалгасан хүн л цахим гарцаар нэвтэрдэг байлаа. Сая Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд нүүж ирээд Франц Улсын төхөөрөмжийг Хууль зүйн дотоод хэргийн яамны захилагаа суурилуулсан. Манайх ч цахим паспорттой болсон учраас бүртгүүлэх шаардлагагүй. Харин цахим паспорттой хүн төхөөрөмжинд бичиг баримтаа уншуулаад нэвтэрч ороод зурагаа таниулна. Энэ нь тухайн паспорт, иргэний үнэмлэх, одоо яг байгаа зургийг харьцуулаад энэ хүн мөн, биш гэдгийг таниад нэвтрүүлнэ гэсэн үг.
-Тэгвэл цахим паспорттой хүн заавал штамп даруулах шаардлагагүй юм байна?
-Тийм ээ. Манайд гарах чиглэлд дөрөв, ороход дөрвөн төхөөрөмжийн аль нэгээр нь уншуулах боломжтой. Цахим гарцтай болсноор ачаалал багасч тухайн хүнд хүндрэл учруулахгүй. Олон цаг ниссэн хүмүүс хурдан орохыг бодно. Энэ манай дэвшилтэт давуу тал. Аль ч улсын нисэхийн онгоцны буудлууд цахим гарцыг нэвтрүүлээд удаж байна. Манайд 2023 оноос хэрэгжиж эхэлсэн.
-Манайд цахим паспорт хэзээнээс гарч эхэлсэн юм бэ?
-Үндэсний энгийн гадаад паспорт нь хоёр төрөлтөй. Нэг нь чипгүй, цахим гарцаар нэвтрэх боломжгүй. Нөгөө дэх нь чиптэй, хоёр янзын энгийн паспорттай. Дипломат, албан паспорт нь хоёулаа чиптэй. Энгийн паспортын чиптэй нь л цахим гарцаар уншуулж орно. Сүүлийн үеийн гадаад паспорт ер нь чиптэй гарч байгаа. Чипгүй нь хүүхдүүдэд таван жилийн хугацаатай гарч байгаа. Цахим гарцаар хүүхэд нэвтрэх боломжгүй. Заавал эцэг эхийн хамт зорчих ёстой. Аав нь цахим паспарттай байсан ч энэ гарцаар гарах боломжгүй. 16 насыг эрх зүйн чадамжтай, 18 нас хүрэнгүүт эрх зүйн бүрэн чадамжтай гэж үзэж байгаа учраас 18-аас доош насны хүүхдүүдийг эцэг эхээс өөр хүмүүстэй харгалзан дэмжигчтэй явж байгаа тохиолдолд заавал итгэмжлэх авч явна. Бид энэ хүүхдийг ямар учраас авч явж байгаа, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой учраас эцэг эх нь зөвшөөрсний үндсэн дээрээс энэ хүүхдийг авч явж байгаа болохоор итгэмжлэх байх ёстой.
-Танайхыг бас зөөврийн цахим систем хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар тайлбарлаж өгөөч?
-Зөөврийн цахим систем гэдэг нь зөөврийн шалгалтын төхөөрөмж юм. Үүн дээр шууд паспортоо уншуулна. Энэ нь нисэх онгоцны буудалгүй газарт зайлшгүй буусан тохиолдолд эсвэл гадаа талбай дээр шалгах үед зөөврийн шалгалтын төхөөрөмж авч очоод паспортыг нь уншуулаад бүртгэлдээ оруулна. Төмөр замын боомтуудтай газрууд үүнийг ашиглавал цаг хэмнэнэ. Өмнө нь 36 хүний паспортыг хурааж аваад өрөөндөө очиж компьютертээ уншуулаад, штампаа дараад авчирч өгөөд тулгалт хийж тараадаг байсан бол энэ төхөөрөмж нэвтэрснээр шууд галт тэргэнд нь шалгахад цаг хугацаа хэмнэж байгаа юм. Энэ нь шалгагч, зорчигч нартаа ч амар. Ийм дэвшилтэт технологийг туршиж байна.
-Сүүлийн үед хүмүүс гоо сайхны мэс засалд их орж байна. Энэ хүмүүс хилээр гарахад хэр хүндрэл учруулж байна вэ?
-Гоо сайхны мэс засалд ороод удаагүй хүмүүс тухайн эмнэлгээсээ хагалгаанд орохын өмнөх болон дараах зураг, энэ хүн манай эмнэлэгт тэдэн сарын тэдэнд мэс засалд орсон гэсэн бичгийг нь үзнэ. Тухайн хүн энэ бичгийг байнга авч явахгүй, хавдар нь бууна. Тиймээс шалгагч нар ижилсүүлэлт хийхэд юуг анхаарах вэ гэхээр нүд, чих, хамрыг сайн харна. Хүний нүд барагтай өөрчлөгддөггүй. Ер нь таваас дээш жил ажилласан шалгагч энэ чадварыг эзэмшээд явдаг. Бид байнга сургалтад хамрагдаж, ном уншиж, сар бүр, хагас болон бүтэн жилээр шалгалт өгнө. Байнга уншиж, судалж өөрсдийгөө хөгжүүлдэг.
-Танай ангийн тоног төхөөрөмжүүд ч цаг үеэ дагаад шинэчлэгдэж сайжирсан байх?
-Анх ажилд ороход ямар ч программ байхгүй, нүдэндээ найдаад хүн шалгадаг байсан. 21 жилийн хугацаанд дэвшилтэт технологиуд сайн хөгжсөн. Шинээр ажилд орж байгаа хүмүүс ажиллахад ачаалал нь бага болсон. Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист хүний хүрээгүй газарт хилчид хамгийн түрүүнд очдог. Үндэсний аюулгүй байдал, эх орны амгалан тайван байдал, ард түмний амгалан тайван байдлын төлөө бид ажиллаж байгаадаа бахархдаг. Олон жил гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирж байгаа иргэддээ “Эх орондоо тавтай морил” гэхэд нөгөө хүмүүсийн нүдэнд нулимс цийлэгнээд, инээгээд орж ирдэг. Янз бүрийн араншинтай хүмүүс бий. Тэгэхээр тухайн хүний аашинд тохируулж харилцах ёстой. Зовлонтой хүн орж ирэхэд нь учиргүй инээгээд харьцвал тэр хүнд ч эвгүй. Тиймээс тухайн хүнийхээ байдалд тааруулаад юу гэж хэлж оруулах вэ. Юу гэж хэлбэл энэ хүний сэтгэл санаа тайван, эх орондоо орж ирэх вэ. Юу гэж хэлбэл баяртайгаар явах вэ гэдгийг тухайн хүний байгаа байдалд харьцуулж хэлдэг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (7510)