Т.САЙХАН

Гандантэгчэнлин хийдээс цагаан сартай холбоотой асуудлаар өнөөдөр /01.21/ мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаас Монгол төрийн түүхэн тэмдэглэлт томоохон үйл явдлын болон төр, нийгмийн зүтгэлтний мэндэлсэн өдрийг өнөөгийн цаг тоололд шилжүүлэн тогтоох асуудал байнга гарч байгааг харгалзан Монгол Улсын цаг тооны цаглабар бий болгох талаар холбогдох байгууллага, эрдэмтдийн санал. монгол зурхайн уламжлалт аргад тулгуурласан төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Боловсролын сайдад даалгасан байна.Энэхүү даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн эрдэмтэд, зурхайчдыг оролцуулан зурхайн тооллын асуудлаар онолын бага хурал зохион байгуулж, Монгол Улсын цаг тооны бичгийг зохиохдоо Монгол орны газар нутагт тохирсон. Монгол зурхайчдын хамтын бүтээл болох Төгсбуянт шинэ зурхайн ёсыг баримтлах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, гавьяат багш Л.Бямбажаргал:

-Монголын цагаан сар гэдэг үг 1911 оноос хойш гарсан юм. Цагаан сарын шинийн нэгэн 2025 оны гуравдугаар сарын 1-нд тохионо.

ШУА-ийн доктор, профессор, гавьяат багш Х.Цоохүү: -Монголын зурхайчид, эрдэмтэн судлаачид зөвшилцөлд хүрч, Төгсбуянтын зурхай нь үндэслэлтэй юм байна гэдэг дээр тохиролцсон. Энэ зурхай Монгол орны газар зүйн байршил, нар болон сарны хөдөлгөөн нарийн таардаг. Нэг хэсэг 20 гаруй жил ямар нэгэн хэл амгүйгээр Төгсбуянтын зурхайгаар явж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд сар шинийн өдөр тасрах талаар ярьж байна. Тийм учраас 20 жилийн өмнө боловсруулсан судалгааг шинэчлэх шаардлагатай.

 

МБШТГТХ-ийн Дэд хамба, гавж С.Гантөмөр:

-Азийн олон оронд сарны тооллыг ашигладаг. Монголчууд Төгсбуянтын зурхайгаар ондоошиж, тусгаар тогтнолын бэлгэдлээ болгож байна. Сарны хоногийг тооцдог зурхайн ухаан 100 мянганы нэг хувьтай зөрдөг. Өөрөөр хэлбэл, 15 хоногийн нарийвчлалтай тооцоолдог. Заримдаа сар маш хурдан өнгөрдөг учраас сарны хоног тасарч, давхацлаа гэж ярьдаг. Үүнийг эрдэмтэн судлаачид судалгаагаараа баталж байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn