Б.ЖАВХЛАН
“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр “Сант” сургуулийн барилгын ажилтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
2013 онд “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгыг хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг хийхээр болжээ. Барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байхад буюу 2013 оны аравдугаар сарын 25-ны өдөр “Сант” сургуулийн удирдлагуудын зүгээс гэрээгээ цуцлан, талбайгаас хөөжээ. Тухайн үед “Бүрэн цутгамал ХХК” 1.7 тэрбум төгрөгийг барилгын ажилд зарцуулснаас 1.2 тэрбум төгрөгийг нь гаргуулан авсан байна. Үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгийг өгөлгүй 11 жил болж Улсын дээд шүүхээс 200 сая төгрөгийн нөхөн олговор олгохоо шийдсэнд гомдолтой байгаагаа хэлж байлаа.
Энэ тухайгаа иргэн Б.Батдэлгэр “Сант сургуулийн зүгээс ажлын хөлс, барилгын материалын зардлын үлдэгдэл мөнгийг өгөхгүйн тулд намайг гурван эрүүгийн хэрэгт үндэслэлгүй гүтгэж 2014-2018 оны тавдугаар сарын 21-ны өдрийг хүртэл хууль хяналтын байгууллагаар шалгуулж, сэтгэл санаа, эд материалаар хохироосон. Тухайлбал, 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ЭХТА-ийн 111.1 “Хүний нэр төр гутаах, зүйл ангиар 413 хоног, 2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ЭХТА-ийн 174.1 “Чанаргүй барилга барьсан” гэх зүйл ангиар шалгуулж, яллагдагчаар татагдан нийт 1186 хоног шалгуулан, хэлмэгдэж, 2018 оны тавдугаар сарын 21-ний өдөр МУДШ-ээс цагаатгасан. Гэвч Анхны шүүх хуралдааны үеэр “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин тус өргөтгөлийн барилгыг чанаргүй муу барилга хэмээн ашиглаж чадахгүй гэж байсан ч зургаан хоногийн дараа улсын комисс тус барилгыг “Чанартай сайн барилга болсон байна” гэж хүлээн авсан байдаг. Ингэхдээ тус өргөтгөлийн барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөхдөө “Голомт констракшн” ХХК-тай хуурамч бичиг баримт үйлдэн гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин нь намайг эрүүгийн гурван хэрэгт зохиомлоор гүтгэж, хууль хяналтын байгууллагаар 2365 хоног яллагдагч, шүүгдэгч нэртэй шалгуулж үлдэгдэл мөнгө болох 500 сая төгрөгийг өгөхгүй байх бодолтой байсан. Тэгвэл өнөөдөр “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжингээс авч чадаагүй ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 451.120.693 төгрөгийг өгөхгүй 11 жил болсны дараа 208 сая төгрөгийг манай компанид өгч байгаад гомдолтой байна. Тиймээс энэ асуудлыг шударгаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн юм.