Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

 

Амьдрал гэх их далайн гүнд хүн бүр өөрийн өвөрмөц ертөнцөөр өнгө нэмэн баялаг түүхийг бүтээдэг. Тэрхүү баялаг түүх дурсамжтай, дуулиантай, дахин давтагдашгүй өнгө төрхөөр амилдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Байгаль орчны гавьяат ажилтан, хөдөө аж ахуйн ухааны доктор Ц.Балдандоржийг урьсан юм.

 

Өсөхөөсөө өрх толгойлсон нь

 

Хун шувуун гаралтай, хус модон цэрэгтэй Хори буриадын Хуасай овогт их хэлмэгдүүлэлтэй дараа нэгэн хөвүүн мэндэлжээ. Энэрэх эцэг, элбэх өвөө, халамжлах ах үгүй тэрээр ухаан орсон цагаасаа айл гэр толгойлох хэрсүү ухаанаар хүмүүжив.  Малын захад хүн болж, хөлд орсон түүнийг Ц.Балдандорж гэнэ. Нагац эмээ нь хүүгээ багаас нь амьдралын ухаанд сургаж, гярхай хянуур нэгэн болгожээ. Түүнийг долоон нас хүрсэн жил идэшний шүдлэн үхэр хажуу айлтайгаа сольж идэхээр болж, эмээ нь хүүгээ явуулав. Гэтэл хүү “Тэр үхэртэй солиод хэрэггүй байх. Манайх үхэр хамаагүй том юм байна” гэж хэлсэн гэдэг. Холыг харж, хоёрыг тунгаагч түүний бага нас Хэнтий аймгийн Дадал суманд ийнхүү өрнөсөн юм. Есөн настай сургуульд орж, сурлагаараа толгой цохив. Ирээдүйд Москвад сурах хүртэл. Хөдөөгийн хүүхдүүдийн адил амралтаараа гэртээ ирж, хадлангаа хадна. Цаашлаад 13 нас хүрээд өрх төлөөлж чонын үргээлэгт явна. Өрхийн тэргүүн эр хүн үгүй тэр л хатуу үед өндөр настай эмээгийнхээ асрамжид олон өвлийг туулжээ.

 

Москвад сурсан таван жил

 

Сумын бага сургуулиа төгсөөд тавдугаар ангиасаа найм төгстлөө Дорнод аймагт нагац өвөөгийнхөө хамаатныд сурав. Зуны амралтаар Хөдөлмөрийн баатар Чойдорж хүүхдүүдийг хонь угааж, ноослохоос эхлээд үүрэгт ажил өгнө. Энэ үеэр Дадал сумынх нь найзууд сургуулийн дотуур байранд суухыг зөвлөж, Ц.Балдандорж хүү Өндөрхааны арван жилийн сургуульд хоёр жил сурчээ. Тооны ухаан, орос хэл хоёртоо гоц сайн байсан түүнийг төгссөн даруйд нь Москва хотод усны барилгын инженер мэргэжил эзэмшүүлэхээр илгээв. Угтаа тэрээр мал аж ахуйгаа гэсэн сэтгэлтэй зоо техникч болохыг битүүхэн хүсдэг байж. “Хэрэв эх нутагт эмээ минь намайг хүлээгээгүй байсан бол Орост суурьшсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ тэртээ алсад тээсэн бодол” хэмээсэн юм. Усны сургуульд 18 аймгийн 25 оюутан илгээхэд хагас жилийн шалгалтаар түүний хамт дөрөв нь тэнцэж, бусад нь бэлтгэл ангид орсон гэдэг. Ц.Балдандорж гуай “Шууд үргэлжлүүлж сурсан хүүхдийн хоёр нь буриад байсан юм. Магадгүй буриад аялга орос хэлний дуудлагад давуу тал болсон байх” гэв. Зарим багш нь түүнийг хаана орос хэл сурсан бэ гэж хүртэл асууна. Хэл сайтай учир хүмүүстэй сайн ойлголцож, нөхөрлөнө. Түүний хажуугаар орос охидын шулуухан зан эх нутгийн цэвэр ичимтгий танил төрхөөс өвөрмөц. Гэвч залуу хархүү элдэв зүйлд сатааралгүй, эрдэм өвөртөлж эх орондоо ирэв. 

 

Басгантайгаа учирсан нь

Таван жил дээд боловсрол эзэмшээд тэрээр Ховд, Говь-Алтай, Дорнод гурван аймгийн аль нэгт усны аж ахуйн ерөнхий инженерээр ажиллах үүрэг хүлээв. Багадаа сурч байсан болохоор таних хүн байж магадгүй гэж тунгаан зүүн бүсийн төв Дорнод аймгаас ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. Намын төв хороо, Засгийн газрын хамтарсан тогтоолд усны аж ахуйн ажилтныг цэрэгт татдаггүй тогтоолтой. Ажил нь хүнд учир ажиллах хүн ховор. Тиймээс хоригдлуудыг хүртэл ажиллуулна. Дээд боловсролтой, орос хэлтэй, техникийн мэдлэгтэй хүн цэрэгт татагдсан бол академид сурч, магадгүй одоо генерал явах байсан болов уу гэж ярьдаг аж. Түүний өндөр нуруу, шулуун шударга зан тэр албанд мөн тохирмоор санагдана. Ийнхүү түүний ажил  жигдэрч 26 насандаа зүүн бүсийн Усны аж ахуйн дарга болж, удалгүй амьдралынхаа ханьтай учирсан юм. Х.Шинэсүрэн гэх 20 настай хөөрхөн охин сургуулиа төгсөөд хоёр жил хүнсний комбинатад ажиллаж байв. Түүний дуу цөөтэй бүрэг ичимхий зан, тохитой томоотой байдал  Ц.Балдандоржийн сэтгэлийг татаж, айл гэр болох сэтгэлийн очийг бадраасан гэдэг. “Өдгөө бид 57 жилийг хамтдаа туулж, хоёр биедээ ээнэгшин дасжээ. Харцаараа ярилцаж, дохиогоор ойлголцох хэмжээнд. Хань минь намайг хүнтэй удаан ярьдаг. Ярихдаа гол шугамаасаа халиад явчихдаг гэнэ. Харин миний хань эсрэгээрээ нэг зүйлдээ төвлөрдөг. 57 жил гэдэг урт хугацаа. Том охин 56, бага охин 50 хүрэх гэж байна. Бид найр хурим хийгээгүй ч сэтгэл нийлээд амьдарсан нь үнэн. Энэ амьдралдаа би сэтгэл хангалуун явдаг” гэх зүрхнээс ундрах дулаахан үгийг нийтлэлийн баатар маань хэлсэн юм.

 

Нууц шалгалтын ард орлогч сайд болов

 

Дорнод аймагт томилогдсоноос долоон жилийн дараа Намын төв хорооноос явна гэх үл таних нэгэн эрхэм түүнийг зорьж ирэв. Гэвч түүний ажлыг шалгахаас урьтаж цагдаа сэргийлэх, ажилчидтай уулзаад явах нь жигтэй. Гэнэтийн зочин Чойжил гэх тэр эрхмийн цаад санааг тунгааж амжаагүй байтал Ц.Балдандоржийн  гэрт нь оройн зоог барихыг хүсэв. Үүний учир нь гэр бүлтэй нь танилцаж, хувь хүнийг нь судалсан явдал байж. Гэрт нь зочилсон тэр оройгоо Чойжил “Би яамны даалгавраар чамайг хөдөө аж ахуйн орлогч сайд болгохоор судалж явна” гэсэн мэдээг дуулгаж, 1972 онд Улс төрийн товчооны хурлаар оруулав. Хойморт нь Ю.Цэдэнбал дарга, наашаа цуварсан ширээнд Ж.Самбуу тэргүүтэй сайд нар суусан нь 30 настай залуугийн хар хөлсийг цувуулж байв. Гэтэл тэд олон юм асуусангүй. Ю.Цэдэнбал дарга “Хэдэн настай вэ?”, Ж.Самбуу сайд “Чи худаг гаргаад хэнд хүлээлгэж өгдөг вэ? гэжээ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон түүнийг хөдөө аж ахуйн яамны орлогч сайд ийнхүү болгосон юм. Энэ явдалд хэн хүнээс илүүтэй эмээ нь их баярлаж, хүүгээрээ бахархсан гэдэг. Мөн тэр хурлаар П.Очирбат эрчим хүчний яамны орлогч сайд болж, тэдэнд тус бүр 19-р хороололд гурван өрөө байр өгөв. 1976 онд эмээ нь насан өөд болж, тэр цаг мөч хүртэл хамт амьдарчээ. Эмээ нь хүүдээ “Өглөө их унтаж хойрго байж болохгүй. Ажлаа сэтгэлээсээ сайн хий. Ажилтай яв” гэдэг байж. Харин үнэн шударга яв гэж хэлдэггүй. Учир нь тэр аль эртний цэгц шударга нэгэн болж төлөвшсөн байв.

 

“Бетон хашлагатай 30 метрийн уурхайн худгийг анх гаргаж байв”

Гурван жилийн дараа буйраа сэлгэж  “Усны хүрээлэн”-гийн захирлаар томилогдож, 160 гаруй хүнийг удирдаж 15 жил ажиллажээ. Энэ хугацаанд Москва  хот дахь Усны аж ахуйн дээд сургуульдаа “Монгол орны нөхцөлд усалгаатай тариалан эрхлэх ажлын эдийн засгийн үнэлгээ” сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна.  Хоёр жил сурахдаа гурван удаа Москва оржээ. “Энд ажилтай хүн чинь албаа орхиод явж болохгүй. Тиймээс би эндхээ зохицуулж, удирдагч багш тэндхийг номхотгоно. Номоо уншиж, судалгаагаа сайн хийсэн байхад тун гайгүй ажил” хэмээн дурсан суусан юм. Тэрээр судалгаа шинжилгээний ажлынхаа хүрээнд шинэ бүтээл хоёр, оновчтой саналын дөрвөн гэрчилгээ авч, олон улсын болон дотоодод эрдэм шинжилгээний томоохон хуралд 30 гаруй илтгэл хэлэлцүүлсэн юм. Үүнээс гадна гурван ном, олон арван өгүүлэл бичиж олны хүртээл болгосон. Түүнийг ажиллаж байх хугацаанд Монгол Улс 30 мянга гаруй инженерийн хийцтэй, 20 мянга гаруй гар худагтай байжээ. Энэ ажлын 60 хувьд нь гар бие оролцсон гэдэг.  Мөн бэлчээр бүхий нутагт тогтмол худаг нэмж гаргадаг байв. Харин 1990 онд мал аж ахуйг хувьчилснаар бэлчээр усжуулалт огцом багассан байна. Энэ амьдралаа зориулсан салбарынхаа ирээдүйд тэрээр ихэд санаа чилээж суудаг бололтой харагдав. “Намайг амьд сэрүүн харсаар суутал усны аж ахуй гэдэг үгүй болж байна. Энэ ажил эргээд сэргэлээ гэхэд боловсон хүчин, тоног төхөөрөмж алга. Тиймээс гадаадаас мэргэжилтэн хөлслөх болов уу. Монгол оронд бэлчээрийн даац хэтрээгүй. Харин ашиглаж чадахгүй байна. Ус дагаж амьдрал өрнөдөг. Булаг шанд, нуур цөөрөм, элбэгхэн устай худаг дээрээ бөөнөөрөө овоорч бэлчээрээ талхлаад байна. Худаг гаргаад ашиглавал эзгүй сайхан нутаг их байна” хэмээв. Амьд бүхнийг ундаалагч чандмань эрдэнэ ус гаргадаг буянтай ажил ажээ. Энэ хугацаанд түүний очиж үзээгүй сум гэж Монголд үгүй. Ялангуяа говь, тал хээрийн бүс нутгаар их явна. Амьдрал бэлэглэнэ. “Байгаа юм аа арчилж тордохгүй юм. Дорнодын мах комбинатад асар өндөр өртгөөр гаргасан есөн худаг айлын хашаанд хувьчлагдаад хүмүүс нь тэрийг худаг гэж ч мэдэхгүй байна. Хэдэн жилийн өмнө аяллаар явахдаа Мэнэнгийн талд хоорондоо 15 км зайтай гаргасан таван худгийнхаа нэгийг хайж олтол шороогоор дүүргээд хаячихсан байна. Бетон хашлагатай 30 метрийн уурхайн худгийг тэнд анх гаргасан юм. Өмнөх үеийнхээ юмыг арчилж тордохгүй байж шинэ юм руу хошуурдаг муу зан бас бидэнд байна” хэмээх сургаал хайрлана. Түүний хөдөө аж ахуйн салбарт хийж, бүтээсэн ажил үйлсийг төр засаг үнэлж Байгаль орчны гавьяат ажилтан цолоор шагнасан байдаг. Бахархалтай энэ сайхан мөчид буурал гавьяатад эх орон, нутаг ус, эцэг өвгөд, гэр бүл гээд сайхан бүхэн нь бодогдсон гэдэг.

 

“Хэнтийгүй улсын наадам бүтэн биш”

 

Тэрээр залуудаа волейболын спортоор хичээллэдэг байсан бол хожим хурдан моринд дуртай болов. Гал шарын өлгий Хэнтий аймгийн эрчүүд адуу сонирхохгүй насыг барах нь ховор. Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор Х.Сүрэнхорын Босоо хээр азарга түмэн олноо баясгаж тод манлай өргөөд нутаг буцах замдаа тэнгэрийн хүлэг болсон золгүй явдал тохиосон билээ. Үүнээс хойш хэдэн жил Хэнтийн уяачид улсын наадмыг зориогүй юм. Энэ үед буюу 1992-1996 онд тэрээр Хэнтий аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэж байв. Ц.Балдандорж гуай “Хэнтийгүй улсын наадам бүтэн биш” гэж уриалан 1995 оны цагаан сараар гурваас доошгүй сум, таваас доошгүй уяач улсын наадамд явбал зардлыг нь даахаа амлав. Гэтэл таван сумын найман уяач 30 гаруй морь улсын наадамд тоосоо өргөхөөр болж, тэрээр галаа зохион байгуулж, гэр барьж олны хөлд дарагдсан байна. Ийнхүү Монгол төрийн наадам бүтэн болсон юм. Зорин ирсэн 30 гаруй морьдоос дээд тал нь ес, доошоо хорь гарч хурдлан дараа жил нь н.Дугарсүрэнгийн саарал даага, шүдлэндээ дараалан түрүүлжээ. Үүнээс хойш Хэнтий нутгийн айраг тасраагүй юм. Мөн тэр улсын наадмаар түүний бүтээсэн хоёр дахь ажил бол Баянхутаг сумын домогт босоо аварга Г.Самданы аваргын тэмдэг, үнэмлэхийг нөхөн авах байв. Төв цэнгэлдэхэд зарлаад төрсөн сумынх нь Тамгын газарт гардуулж өгсөн юм. Гэтэл гурван жилийн өмнө Баянхутаг суманд очтол хананд залсан Г.Самдан аваргын үнэмлэх, тэмдэг алга. Яасныг мэдэх хүн үгүй. Тэгэхээр нь Б.Бат-Эрдэнэ аваргатай уулзаж, түүгээр дахин өгүүлжээ. Тэрээр “Уяачид дунд байхаар өөрийн эрхгүй моринд дуртай болдог юм билээ. У.Дамдинжав гээд том уяачаас шүдлэн үрээ авч, хүнээр уяа сойлгыг нь тааруулсан. Дэлгэрхаан сумандаа сайхан нааддаг байлаа. Харин өвөл уралдахгүй хууль гарснаас хойш морь уяхаа больсон. Нас ч өндөр гарлаа. Хэдэн адуугаа гурван хүргэндээ хуваагаад өгсөн. Залуу хүмүүс уявал сайхан байх. Гэхдээ өөрсдөө мэднэ биз” гэнэ. Тэрээр мөн өнгөрсөн оны босгон дээр гурван жил бичсэн Монголын төрд үнэнчээр зүтгэж, гавьяа байгуулсан алдар суут 300 гаруй буриад эрхмийн намтрыг өгүүлэх “ХХ зууны Монголын төр нийгмийн зүтгэлтэн буриадуудын товч намтар” номоо сэтгэл нэгт багийнхантайгаа өлгийдөн аваад байна. Өөрийн хөрөнгө, санаачилгаар хойч үедээ өвлүүлэн үлдээх оюуны их баялгийг туурвижээ.

 

Хүмүүнлэг зан хүн байхын утга учир

Тэрээр гурван охин, долоон зээтэй. Мөн дөрөв дэх үе нь алс хол нутагт бойжиж байна. Том охин эдийн засагч, дунд охин олон улсын харилцааны мэргэжилтэн, бага охин мөн эдийн засагч юм. Тэд ээжийнхээ адил эрх зүйчээр дахин сурсан. Гэвч давхар мэргэжил эзэмших явдалд Ц.Балдандорж гуай шүүмжлэлтэй хандана. Нэг мэргэжлээрээ гүнзгийрч, ихийг бүтээхийг зөвлөнө. Мэргэжлийн хөрвөх чадвар нь нам дагаж намба алдах явдал болох вий гэж эмээсэндээ тэр ажээ. Түүний хувьд  хөрөнгө хураах дургүй. Байгаа хэдийгээ албан ёсоор бичиг баримттай нь үр хүүхдүүддээ хуваагаад өгсөн. 18 жилийн өмнө өөрийн хөрөнгөөр Дадал сумандаа нэг дүнзэн байшин барьжээ. Зун зургаадугаар сар гээд эмгэнтэйгээ машинаа барьж очин зусна. Намар орой сэрүүн орохоор хот бараадна. Нас өндөр болохын хэрээр ч юм уу нутгаа их санадаг бололтой. Түүний эхнэр Х.Шинэсүрэн халх хүн. Гэхдээ эр нөхрөө дагаж буриад ахуйд суралцжээ. Буриад аялгаар тун сайн ярина. Хотод суурьшсан дараагаа эрх зүйчээр суралцаж, тэтгэвэрт гартлаа нотариат хийжээ. Ц.Балдандорж гуай “Охин хүүхэд хүмүүжүүлэх, захих юм нь өөр. Хүйсийн  ялгаатай тул хамаагүй юм ярьж болохгүй. Шударга, дээд доод хүнийг ялгалгүй харилцаж, ялангуяа ядарсан хүнд халамжтай бай гэдэг. Би зөвлөгөө өгөхөөр очдог газрынхаа цэвэрлэгч нартай мэндэлдэг. Тэгэхэд цочиж харах нь бий. Дарга боллоо гээд хүн зарцалж үзээгүй. Хар бор амьдралд өссөн болоод тэр юм болов уу. Миний охид гэр бүлдээ тогтвортой, хөрөнгө мөнгөндөө гамтай, энэрэнгүй үзэлтэй болж хүмүүжсэн. Хүмүүнлэг зан хүн байхын утга учир. Дийлсэн нь аваад дийлдсэн нь хохироод байдаг нийгэм бол адгуусных” гэв. Харин зээ хөвгүүддээ өөрийн итгэл үнэмшилтэй, хажуудахдаа халамжтай, аахар шаахар юманд буруу ойлголцож болохгүй гэж захидаг аж. Хүүхдүүдийнх нь ихэнх нь гадаадад боловсрол эзэмшиж байна. 

Ц.Балдандорж гуай гэртээ хүн урьж, хууч хөөрөх дуртай. Өчигдөрхөн түүний багын найзууд ирээд явжээ. Мөнх бусын амьдралд мөнхөд дурсагдах гавьяатай нэгэн гэж түүнийг хэлэх болов уу. Амьд бүхнийг ундаалах чандмань эрдэнийг  эзгүй талд оргилуулж, ертөнцийн хамгийн том бэлэг амьдрал цэцэглүүлж явсан түүний түүх энэ хорвоод дахин давтагдашгүй. Буянаа эдэлсэн буурал өвгөдийн минь үргэлжлэл тэр ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 11 (7507)