П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа ой тогтоолтын спортын тамирчин Э.Үүрийнцолмонг онцолж байна.

 

-Оюун ухааны спортоор багаасаа хичээллэсэн үү?

-Анх манай цэцэрлэгийн ангийнхан спорт өрөлтийн төрлөөр хичээллэдэг байлаа. Бидний дундаас спорт өрөлтдөө сайн хэдэн хүүхдийг шалгаруулахад миний бие багтаж, тэмцээнд орохоор хотод ирсэн юм. Ингэж л анх Монголын оюун ухааны академитай танилцсан. Академийн уур амьсгал, багш нар нь их таалагдаж билээ. Харин 2022 оноос оюун ухааны академийн бүх төрлөөр хичээллэж, ой тогтоолтын спортын тамирчин болсон.

-Энэ спорт амьдралынх нь нэг хэсэг болсноор хувь хүнд өөрчлөлт гарсан уу?

-Энэ спорт миний хүмүүжилд их нөлөөлсөн санагддаг. Багш нар маань “Оюуны спортын хүн ухамсаргүй үйлдэл гаргаж болохгүй” гэж хэлдэг. Тиймдээ ч энэ нь бидэнд баруун гарын дүрэм шиг санагддаг. Харилцаанаас харилцаа үүсдэг учир аливаад соёлтой хандахыг хичээдэг. Багш маань үргэлж зөв зүйлийг үлгэрлэн захидаг учраас тэр бүр нь далд ухамсарт суучихсан байна. Тэмцээн эхлэхийн өмнө бодлын хүчиндээ төвлөрч, амжилттай гүйцэтгэж байгаагаар төсөөлдөг. Ер нь сэтгэхүй тал дээр их өөрчлөлт гарчээ. Би анх бусад клубийн тамирчидтайгаа харилцаж чаддаггүй, бүрэг ичимхий хүүхэд байлаа. Харин өнгөрсөн жилээс арай нээлттэй болсон.

-Амжилтын үндсээ юу гэж хардаг вэ. Талархдаг хүн бий юу?

-Энэ бүхэн эмээгээс минь эхлэлтэй. Намайг төрснөөс эхлээд оюун ухаанд минь хөрөнгө оруулж, шинэ содон зүйлсийг зааж, багаас сэтгэхүйг минь тэлж өгчээ. Тиймээс би багаасаа гүйлгээ ухаан сайтай болсон. Бүх зүйл нэгдэж амжилт бүтдэг. Зааж зөвлөдөг багш, дасгалжуулагч, сэтгэл зүйг минь тайван байлгадаг гэр бүл, ивээн тэтгэгчдээ талархаж байна. Олон улсын хоёр тэмцээний зардлыг “Сантранс” компани ивээн тэтгэсэн. Энэ бүх хүмүүсийн итгэл сэтгэлийг даахыг хичээдэг. Оюун ухааны спорт нь арга барилаа шинэчлэх тусам сайжирдаг онцлогтой. Дээд үеийн тамирчид болон багш нар маань энэ төгс арга барилыг бүтээсэн. Тиймээс би хамгийн залуу гэх цолуудыг хүртсэн болов уу.

-Ой тогтоолын тамирчид сурлага сайтай байх. Тэмцээнтэй үед хичээлээ хэрхэн зохицуулдаг вэ?

-Дархан салбарын клуб маань жилийн дөрвөн улирал бэлтгэлтэй байдаг. Том тэмцээний өмнө нэгдсэн бэлтгэлд гарна. Улсын аварга 15 минут хүртэлх богино төрөлтэй. Харин Ази, дэлхийн аварга 30 минут, нэг цаг гэсэн төрөлтэй болохоор тэмцээний өмнө олон цагийн бэлтгэлд гардаг. Дэлхийн аваргад оролцох тамирчид тусгай баазад нэгдсэн бэлтгэлд гарна.  Өглөө 06:00 цагаас орой 22:00 цаг хүртэл шахуу хуваарьтай. Хоёроос гурван сар урт хугацааны бэлтгэлд гардаг учир тэмцээн эхэлчихээр хичээлээсээ чөлөө авах шаардлагатай болдог. Гэхдээ өвлийн амралтаар ой тогтоолтын аргаараа хичээлээ хурдан цээжилчихдэг. Тэмцээний дараа сургууль дээрээ очиход багш, найз нөхөд маань их хүндэтгэлтэй хандаж, бахархаж байгаагаа илэрхийлдэг.

-Хамгийн залуу гэсэн тодотголтой олон амжилтыг эзэмшиж байна. Ямар мэдрэмж төрдөг вэ?

-Сайхан санагддаг. Гэхдээ үүндээ бардаж болохгүй. 2021 онд тамирчин болохоор бэлтгэгдэж байхдаа кампт гарсан хүүхдүүдийн бичлэг үзээд “Т.Тэнүүн эгч шиг амжилт гаргаад өөрөөрөө бахархана даа” гэж ээжтэйгээ ярьж байсан. Нэг л мэдэхэд зорилгодоо хүрчихсэн байна. Би бүх тэмцээндээ өөрийнхөө хамгийн сайнаараа хичээдэг. Тиймээс шилдэг нь биш байсан ч сэтгэл хангалуун буцдаг. Хэрэв зорьсондоо хүрч чадвал хүнд бэлтгэл, хэцүү цаг мөчөө дурсаж өөрөөрөө бахархдаг. Өөртөө дарамт учруулахгүй тухайн цаг мөчдөө амьдрахыг хичээдэг гэж болно. Өнгөрсөн цаг хугацаанд ярьж, төлөвлөж байсан бүхэн биелж, ахиж дэвшсэн байгаагаа харж урам зориг авдаг.

-Сэтгэлд тод үлдсэн тэмцээнээ дурсвал? 

-Тэмцээн бүр дурсамж болон үлддэг. Өнгөрсөн жилийн Турк улсын тэмцээн хамгийн сэтгэлд хүрчээ. Огт сандраагүй. Мөн 2023 оны дэлхийн аварга зохиогдсон Хятадын Хайнань арал их таалагдсан.  

-Дараагийн зорилгоо хуваалцаж болох уу. Оюун ухааны спортоос өөр зүйл сонирхож байна уу? 

-Ой тогтоолтын спортын хурдны хөзөр гээд өндөр оноотой төрөл байдаг. Монголын  тамирчны 52 хөзрийг 12 секундэд цээжилсэн дэлхийн дээд амжилт эвдэгдээгүй долоон жил болж байгаа. Харин би энэ амжилтыг шинэчлэн тогтоох зорилготой байна. Би чөлөөт цагаараа бүжиглэх дуртай. Тиймээс энэ авьяасаа хөгжүүлнэ. Мөн биеэ хамгаалж сурахаар боксын спортыг давхар сонирхож байгаа.

 

АМЖИЛТ:

- 2022 оны бага насны улсын болон дэлхийн аварга

- 2023 оны хамгийн залуу өсвөрийн дэлхийн аварга

- 2024 оны өсвөр, насанд хүрэгчдийн улсын болон дэлхийн аварга

- Хамгийн залуу олимпын аварга

- Хамгийн залуу олимпын рекорд эзэмшигч

- Дэлхийн зургаан рекорд эзэмшигч

- Гиннесийн рекорд эзэмшигч

- 2023, 2024 оны “Онцлох хүүхэд”

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (7505)