Б.БАЯРЖАВХЛАН

 
О.Мөнхтүшиг

Түүнийг О.Мөнхтүшиг гэдэг. Тэрээр АШУИС-ийн хүний их эмчийн гуравдугаар дамжааны оюутан. Эмч мэргэжлийг сонгох болсон тухайгаа “Ээж минь төрхийн хүндрэлээс болж бие өвддөг болсон. Эмч гэдэг мэргэжил ямар чухал гэдгийг ээж минь надад ойлгуулсан. Тиймээс би багаасаа л өвчтэй хүмүүсийг эмчлэх “Сайн” эмч болно гэж мөрөөдөж, энэ мэргэжлийг сонгосон” гэсэн юм. АШУИС-ийн сургалтын жилийн төлбөр нь тав орчим сая төгрөг байдаг. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт “Монгол Хьюндай” эмнэлгийн зүгээс АШУИС-ийн физиологийн тэнхимийн судалгаа шинжилгээний ажилд зориулж 20 мянган ам.долларын тэтгэлэг, 10 оюутанд 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 10 мянган ам.долларын тэтгэлэг гардуулж өгсөн юм. Тус 10 оюутны нэг нь О.Мөнхтүшиг юм. Тэрээр тэтгэлэгт хамрагдсанаар гэр бүлийнхээ санхүүгийн асуудалд дэм болж, цаашлаад хичээлдээ илүү анхаарах боломж бүрдэж буйгаа хэлж байлаа. Энэ тухайгаа “Анагаахын сургуульд суралцах нь бусад сургуулиас зардал өндөртэй. Тухайлбал, сурах бичиг, хувцас, хэрэглэл байнга худалдаж авдаг. Миний хувьд сургалтын төлбөр болон хэрэглээний мөнгө олохын тулд хичээлийн бус цагаараа ажил хийдэг. Энэ тэтгэлэгт хамрагдсанаар ажил хийх шаардлагагүй болж байна. Тиймээс цаашид хичээлдээ илүү шамдан суралцана. Мөн эрдэм шинжилгээний ажлууддаа анхаарна” гэсэн юм.

Монгол Хьюндай нэгдсэн эмнэлэг нь гэмтэл, дотор, мэдрэл, чих хамар хоолой, нүд, гоо сайхан, ерөнхий мэс засал гэмтлийн болон ерөнхий мэс заслын эмчилгээ, үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгон Монголд Улсад хийгддэггүй болон ховорхон хийгддэг мэс заслуудыг тогтмол хийдэг байна. Тэгвэл олсон ашгаасаа эмч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгож буй нь энэ юм. Энэ тухайгаа БНСУ-ын Жүнг-Анг их сургуулийн харьяа Хьюндай нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Ким бон сог “Би Монгол Улстай холбогдоод 15 жил болж байна. Ирсэн цагаасаа л эмч мэргэжлээр сурч буй оюутнуудад тэтгэлэг олгох талаар бодож байсан ч чадаагүй. Харин өнгөрсөн жилээс энэ ажлаа бодит болгохоор хичээж эхэлсэн. Энэ нь Монгол Улсын эмнэлгийн салбарт оруулж буй багахан хөрөнгө оруулалт гэж боддог. Миний хувьд оюутан байхдаа тэтгэлэг авч суралцдаг  байсан. Тиймээс цаашид жил бүрийн ашгаасаа оюутнуудад тэтгэлэг олгоно. Мөн манай эмнэлэгт дадлага хийх үүд хаалга нээлттэй” гэсэн юм.

Дээрх 10 оюутнууд хичээлийн бус цагаараа хэрэглээний мөнгө болон сургалтын төлбөртөө болохын тулд эмнэлгийн туслах ажилтан эсвэл CU, GS25 сүлжээ дэлгүүрүүдэд ажилладаг байна. Харин тэтгэлэгт хамрагдсанаар хичээлдээ анхаарах боломжтой болж буйгаа хэлж байсан юм. Тэдний байр суурийг хүргэж байна.

 

Ц.Маралгоо: Тэтгэлэгт хамрагдсанаар эрүүл мэндээ авч үлдэх боломжтой боллоо.

-Би АШУИС-ийн хүний их эмчийн тавдугаар дамжааны оюутан. Манай хичээлийн хуваарь нэлээн шахуу байдаг. Энэ нь өдрийн цагаар ажил хийхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс би GS25 сүлжээ дэлгүүрт 00:00 цагаас үүрийн 05:00 цаг хүртэл тооллогын ажил хийдэг. Энэ тэтгэлэгт хамрагдсанаар ажил хийх шаардлагагүй болж байна. Энэ нь надад маш том хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, ажил хийх шаардлагагүй болсноор эрүүл мэндээ авч үлдэх боломжтой болж байна. Тиймээс “Монгол Хьюндай” эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна. Цаашид би сэргээн засах чиглэлээр суралцах бодолтой байгаа. Учир нь би бодибилдингийн спортын тамирчин учраас илүү давуу талтай хэмээн бодож байна.

 

Хүний их эмчийн тавдугаар дамжааны оюутан О.Үржинханд: Эх орныхоо эрүүл мэндийн манаанд сайн эмч болон зогсох болно

-Аливаа зүйлийг үр дүнтэй, эцсийг нь үзэж чаддаг тууштай зан маань энэ тэтгэлэгт хамрагдахад нөлөөлсөн байх гэж бодож байна. Би долоо хоногийн гурван өдөр CU сүлжээ дэлгүүрт ажилладаг байсан. Ингэснээр өөрийгөө хөгжүүлэх болон чөлөөт цаг маш бага гардаг. Харин тэтгэлэгт хамрагдсанаар өөрийгөө хөгжүүлэх цаг гарах боломжтой болж байна. Сургуулиа төгсөөд зүрх судасны нарийн мэргэжлээр мэргэших төлөвлөгөөтэй байгаа. Яагаад гэхээр Монгол Улсад зүрх судасны шалтгаант нас баралтаар гурван хүн тутмын нэг нь нас барж байна. Тиймээс чанартай боловсон хүчин болж эх орныхоо эрүүл мэндийн манаанд зогсоно.

 

Хүний их эмчийн тавдугаар дамжааны оюутан Б.Цэрэннинжин: Шалгалт болон дипломын ажилдаа анхаарахад тусалж байна

-Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар гэр бүлийнхээ санхүүд дэмжлэг үзүүлэх боломж олдож байна. Мөн илүү хичээнгүйлэн суралцах урам зориг өгч байна. Би зун төлбөрийнхөө тодорхой хувийг олохын тулд ажил хийдэг. Мөн хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг. Төгсөх дөхөж энэ үед тэтгэлэгт хамрагдсанаар шалгалт болон дипломын ажилдаа анхаарахад тусалж байна. Тиймээс тэтгэлэг олгосон “Монгол Хьюндай” эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байна.

 

Хүний их эмчийн гуравдугаар дамжааны оюутан Я.Хүслэн: Аав, ээжийнхээ ачийг хариулж байгаа юм шиг санагдаж байна

-Бага байхдаа ахынхаа эмнэлэг дээр очдог байсан. Энэ нь эмч гэдэг мэргэжлийн сайхныг мэдрүүлж, хүний их эмч мэргэжлийг сонгоход хүргэсэн.  Хүссэн сургуулиа авсан боловч санхүүгийн асуудлаас болж Дархан хотод хоёр жил суралцаж, энэ намраас Улаанбаатарт суралцаж байна. Миний сургалтын төлбөрийг төлөхийн тулд аав, ээж хоёрын аль нэг нь жил бүр цалингийн зээл авч төлдөг. Энэ удаа тэтгэлэгт хамрагдсанаар аав, ээжийнхээ ачийг хариулж байгаа юм шиг санагдаж байна.

 

Эрүүл мэндийн нийгмийн ажилтны дөрөвдүгээр дамжааны оюутан Д.Номуундарь: Улаан дипломтой төгсөх мөрөөдлөө бодит болгоход ганц алхам үлдлээ

-Миний голч дүн 3.7. Өөрөөр хэлбэл, хичээл чармайлт маань энэ тэтгэлэгт хамрагдахад нөлөөлсөн гэж бодож байна. Тухайлбал, нэгдүгээр курсээсээ эхлэн Улаан загалмайн нийгэмлэгт хүмүүнлэгийн ажил хийдэг байсан. Ингэхдээ зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг байсан. Тэтгэлэгт хамрагдсанаар судалгааны ажил хийх боломж нээгдэж, төгсөлтийн үйл ажиллагаандаа анхаарахад бодит дэмжлэг болж чадаж байна. Тиймээс сургуулиа улаан дипломтой төгсөх мөрөөдлөө бодит болгоход ганцхан алхам үлдлээ.

 

Хүний их эмчийн гуравдугаар дамжааны оюутан Б.Ариунбилэг: Ирээдүйд би урологийн эмч болно

-Анх тэтгэлэгт хамрагдах болсноо хараад маш их баярласан. Энэ тэтгэлэг нь өмнө нь ямар ч тэтгэлэг авч байгаагүй хүүхдүүдэд олгож буй нь бусад тэтгэлгээс онцлогтой юм шиг санагдсан. Мөн сонгон шалгаруулалт хийхдээ тухайн оюутны нийгмийн оролцоог харсан нь намайг тэтгэлэгт хамрагдахад нөлөөлсөн. Миний хувьд зүүн Азийн залуучуудын олон улсын наадам, ДЭМБ-ийн эрүүл мэндийн сайн дурын ажилд оролцдог. Сургалтын төлбөрөө олохын тулд арван хоёрдугаар анги төгссөн зунаас эхлэн CU, GS25 сүлжээ дэлгүүр, Сайн электроникст ажилладаг байсан. Энэ удаагийн тэтгэлэгт хамрагдсанаар гадаад хэлээ хөгжүүлэх боломжтой болсон. Ирээдүйд би урологийн эмч болно.

 

Хүний их эмчийн хоёрдугаар дамжааны оюутан Ш.Жамсранжамц: Өнөөдрийн тэтгэлэг авсан 10 оюутны хамгийн залуу нь би байсан

 

-Багаасаа л би эмч болох мөрөөдөлтэй байсан. Өнөөдрийн тэтгэлэг авсан 10 оюутны хамгийн залуу нь би байсан. Миний нийгмийн оролцоо, сурлага хөдөлмөрийн үнэлж тэтгэлэг олгосон нь цаашдын урам зориг өглөө. Өнгөрсөн жил анагаахын биологийн улсын олимпиадад хоёрдугаар байрт орсон. Мөн олон улсын олимпиадад хоёрдугаар байрт орсон. Мөн сагсан бөмбөгийн тамирчдын судалгаа зэргийг хийдэг. Тиймээс энэ судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа идэвхжүүлж, хүмүүсийн итгэлийг алдалгүй чадварлаг эмч болно.

 

Хүний их эмчийн дөрөвдүгээр дамжааны оюутан Пүрэвдулам: Монгол Хьюндай эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байна

-Би энэ жил сургалтын төлбөрт 4.4 сая төгрөг төлөх ёстой байсан. Тэгвэл өөрийнхөө ур чадвараар тэтгэлэг авсан маань аав, ээждээ тусалж буйгаараа бахархаж байна. Энэ тэтгэлэгт хамрагдсанаар хичээлээ хийх боломжтой болж байна. Тиймээс Монгол Хьюндай эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байна.

 

НАС тавдугаар дамжааны оюутан Ө.Батдолгор: Энэ жил хичээлдээ илүү анхаарч төвлөрөх боломж үүсэж байна

-Хүний эзэмшиж буй мэргэжил гэдэг насан туршдаа хийх ажил байдаг. Тэгвэл миний ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа тус эмнэлгийн хамт олонд талархаж байна. Би тэтгэлэг авснаар бусдадаа үлгэр дуурайлал болж, боломж байдаг гэдгийг харуулна гэж бодож байна. Манай Нүүр ам судлалын ангийн оюутнууд шүдний эмнэлэгт эмчийн туслах хийдэг. Харин энэ жил хичээлдээ илүү анхаарч төвлөрөх боломж үүсэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 6 (7502)