Б.Нандин
БНСУ-д осолдсон онгоцны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 179 болж, хөлгийн багийн хоёр гишүүнээс бусад зорчигч амиа алдсаныг Ёнхап агентлаг мэдээллээ. Тиймээс улс төрийн шалтгааны улмаас Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа тус улсын Сангийн сайд Чой Сан Мог амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, улс орон даяар долоо хоногийн гашуудал зарлалаа. Мөн тэрээр Муан хотын нисэх буудалд очиж, газар дээр нь ажиллаж байна. Сөүл хотоос 200 км орчим зайд байрлах Муан нисэх буудалд газардах байсан онгоц яагаад дэлбэрсэн шалтгааныг тодруулах, амиа алдагсдыг таньж ар гэрт нь мэдэгдэх, эрэн хайх арга хэмжээг авсаар байгааг тус улсын албаныхан мэдээлж байна.
Нийт 181 зорчигтой явсан онгоцноос нисэх багийн хоёр гишүүн л амьд үлдсэн байна. Зорчигчдын хамгийн бага нь гурван настай байсан бөгөөд нийт 15 хүүхэд тус онгоцонд зорчиж явжээ. Мөн энэхүү харамсалт үйл явдал болохоос өмнө ар гэрийнхэнтэйгээ холбогдож сүүлчийн үгсээ хэлж, бичиж үлдээсэн зорчигчдын зурвасууд ил болж, дэлхий нийтээр энэхүү зурвасуудыг хуваалцан эмгэнэлээ илэрхийлсээр байна. Нэгэн охины ээждээ бичсэн зурваст “Шувуу онгоцны эд ангид тээглэсэн учир бид газардаж чадахгүй байна. Гэрийнхэндээ захидал, зурвас бичээрэй гэж бидэнд хэллээ. Таныг утсаа аваагүй учир зурвас үлдээлээ, ээжээ. Хайртай шүү” гэсэн бол өөр нэг нь “Бид газардаж чадахгүй байна. Магадгүй би гэрээслэлээ үлдээх ёстой юм шиг байна” хэмээн бичжээ.