Ч.БЯМБАХАЖИД
Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг хорьсонтой холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын эхнэр н.Ундрахтуул “Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар боловсролын сайдын гаргасан 45 хоногийн хугацаатай багшлах эрхийн сургалтыг эсэргүүцэн байр сууриа илэрхийлж, өндөг шидсэн. Үүнтэй холбогдуулан долоон хоног хорих шийдвэр гаргачихлаа. Төрийн тусгай хамгаалалттай газар бусдын биед халдсан Хүн намын Отгонбаатарт ямар шийтгэл оноов. Түүний энэ үйлдэл нь олон нийтийн сүлжээгээр ил тод байсаар байтал зодсон нь төрийн ордонд, зодуулсан нь шоронд ордог нийгэм бий болоод байна. Мөн цагдаагийн албан хаагч үүргээ биелүүлж байна гэх нэрийн дор хүний биед халдаж, ёс зүйн алдаа гаргасан. Энэ цагдаад ямар арга хэмжээ авах вэ” гэв.
Энэ үеэр Үнэн ба зөв намын дэд дарга П.Шинжээравдан “Үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцсэн нь баригдаж, хоригддог тогтолцоо цаагуураа бий боллоо. Үнэн ба зөв нам олон жил шударга үнэний төлөө явсан. Энэ хэргийг цаагуураа улс төрийн оролцоотой хэмээн хардахад хүрлээ. Хэдий бид суудал авч чадаагүй ч эрх баригчдын гаргаж буй буруу шийдвэр бүхэнтэй гаднаас нь тэмцэж байна. Цаашлаад үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаж буй төрийн байгууллагуудтай тэмцсээр байх болно. Шударга шүүх гэж байдаг бол энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn