(И.И.Сечиний Веронагийн Евразийн эдийн засгийн XVII форумд тавьсан  “ӨӨРИЙГӨӨ ХУУРАХАА БОЛЬЁ. Дэлхийн эрчим хүч Фукидидийн урхинд” илтгэлээс) (Арабын Нэгдсэн Эмират Улсын Рас аль-Хайма хот, 2024 оны 12-р сарын 5).

 

Өнөөдөр 2015 оны Парисын Уур амьсгалын хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэх болон дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд уур амьсгалд хүний гараар үүсгэгдсэн хүчин зүйлсийн нөлөөг дурдаж, газар доорх түлшнээс татгалзахыг бидэнд уриалж байна. Энэ онолыг дэмжигчид сүүлийн мөстлөгийн үе (“Бага мөстлөгийн үе” гэж нэрлэдэг) 200 орчим жилийн өмнө дууссан бөгөөд одоогийн дулаарлын үе нь байгалийн мөчлөгийн байдаг л нэг хэсэг гэдгийг анхаарлын гадуур орхиж байна. 
Энэхүү аргумент нь дэлхийн хоёр мянга орчим эрдэмтдийн гарын үсэг зурсан “Уур амьсгалын онцгой байдал байхгүй” гэсэн тунхаглалын үндэс болсон гэдгийг сануулъя. Тэдний дунд Нобелийн шагналт Жон Клаузер багтсан бөгөөд тэрээр уур амьсгалд антропоген буюу хүний байгальд нөлөөлөх нөлөөллийн дундаж хувь нь Дэлхийн байгалийн дулаарал зохицуулах механизмын нөлөөллийн 10/1 хувь л болохыг нотолсон юм.
Ийм механизмын нөлөөллийн дүн шинжилгээ нь хүн төрөлхтний аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад агаар мандалд нүүрсхүчлийн хийн агууламж 50%-иар нэмэгдсэн нь дундаж температурыг цельсийн ердөө л 0.15 хэмээр нэмэгдэхэд хүргэсэн гэж харуулж байна.
Түүнээс гадна Бээжингийн их сургуулийн судалгаагаар агаар мандалд нүүрсхүчлийн хийн хэмжээ ихсэх нь ургамалд эерэг нөлөө үзүүлдэг болохыг баталжээ. Бараг 30 жилийн ажиглалтын хугацаанд нүүрсхүчлийн хийн нөлөөгөөр манай гаригийн ургамлын бүрхэвчийн навчны гадаргуу 70%-иар нэмэгдсэн байна. 

 

Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь бага хэвээр байна


Сүүлийн хорин жилийн хугацаанд дэлхий даяар эрчим хүчний шилжилтийн ажилд ойролцоогоор 10 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн ч бусад эрчим хүчний эх үүсвэрүүд уламжлалт түлшийг орлож чадаагүй л байна. Өнөөдөр дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 5% хүрэхгүй хувийг салхи, нарны эрчим хүч эзэлдэг бол цахилгаан автомашин нийт тээврийн хэрэгслийн 3-хан хувийг эзэлж байна.

 

“Цэвэр тэг” хүрэхийн тулд 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг 10 дахин нэмэгдүүлэх ёстой. Энэ бодит уу?

Үгүй байх, учир нь 2050 он гэхэд зорилгодоо хүрэхийн тулд нүүрстөрөгч багатай цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлыг 10 дахин нэмэгдүүлж 35 тераваттад хүргэх шаардлагатай байгаа бөгөөд энэ нь одоогийн байдлаар дэлхийн эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадлаас дөрөв дахин их байгаа юм.
Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийн тулд эрчим хүчний сүлжээг тогтвортой ажиллуулах, цахилгаан эрчим хүчийг хадгалах багтаамжийг нэмэгдүүлэх, хэрэглээний оргил үеийг саармагжуулах зэрэг асуудлуудыг урьдчилан шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ шалтгааны улмаас болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн өндөр өртөгтэй холбоотойгоор өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс нүүрсний эрчим хүчний ашиглалтаар ч дээд амжилтыг тогтоож байна. Салхи, нарны эрчим хүчээр тэргүүлэгч тус улс сүүлийн 10 жилийн хугацаанд нүүрс үйлдвэрлэх хүчин чадлаа 350 гаруй гигаватт буюу 45%-иар нэмэгдүүлээд байна. 
Хашир туршлагатай хөрөнгө оруулагчид нүүрс рүү буцаад орж байна. Нүүрсний шинэ эрин ирж байгааг бид харж байна. Шишээлбэл дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч компаниудын нэг болох “Гленкор” сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааны орлогынхоо тал хувийг нүүрсний бизнесээсээ бүрдүүлсэн байна.

 

Цахилгаан машин үйлдвэрлэх явцад ялгарах хорт утаа дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхээс 35-50% их байна

Дэлхийн эрчим хүчний системээс ялгарах нийт нүүрсхүчлийн хийн 20 гаруй хувийг тээврийн хэрэгсэл эзэлдэг тул түүнийг цахилгаанжуулах нь уур амьсгалын өөрчлөлтийг мэдэгдэхүйц удаашруулж чадна гэж бүх нийтээр үздэг. Гэсэн хэдий ч шинжээчдийн үзэж байгаагаар өнөөдөр цахилгаан машин үйлдвэрлэх явцад ялгарах хорт утааны хэмжээ нь дотоод хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх явцад ялгарах утаанаас 35-50% их байна. Гол ялгаа нь цахилгаан хураагуур, мөн ган, хөнгөн цагааны үйлдвэрлэлээс үүсдэг байна. Парисын хэлэлцээрийн нүүрстөрөгчийн зорилтод хэмжээнд хүрэхийн тулд 2032 он гэхэд цахилгаан автомашины үйлдвэрлэлийн явцаас ялгарах хорт ялгарлыг 81%-иар бууруулах шаардлагатай бөгөөд энэ нь ямарч боломжгүй юм.

 

Худалдан авагчид цахилгаан машинд сэтгэл дундуур болоод байна 

Нүүрстөрөгчийн хийн зорилтод хүрэхийн тулд 2050 он гэхэд дэлхийн цахилгаан автомашины тоо 30 саяас нэг тэрбум хүртэл 30 дахин өсөх шаардлагатай болно. Үүний зэрэгцээ Барууны орнуудад цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт хэрэгцээ эрс буурснаас шалтгаалж тэргүүлэх үйлдвэрлэгчид алдагдалтай зарахаас өөр аргагүйд хүрч байгаа нь тодорхой болж байна. Мөн АНУ-д хэрэглэж байсан цахилгаан машины үнэ хоёр жил хүрэхгүй хугацаанд 25 хувиар буурсан байна.
Үүн дээр ачааны, агаарын болон усан тээврийг цахилгаанд шилжүүлэх нь нэмэлт томоохон сорилт үүсгэх болно. 2050 он гэхэд эрчим хүчний шилжилтийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ачааны цахилгаан автомашины тоог 100 гаруй дахин нэмэгдүүлж, 40 сая гаруй болгох шаардлагатай. Энэ нь бараг бүтэх боломжгүй юм.

 

Ногоон доллар “ногоон хөтөлбөр”-өөс гал үзсэн мэт зугтаж байна

Сүүлийн гурван жилийн хугацаанд Барууны хөрөнгийн зах зээлийн сэргээгдэх эрчим хүчний салбарт үзүүлэх сонирхол үндсэндээ үгүй болжээ. “Цэвэр” түлш үйлдвэрлэдэг компаниудын хувьцаа хоёр жилийн хугацаанд хэд дахин унаад байна. 
“Chevron”, “BP”, “Shell” зэрэг газрын тосны том компаниуд ч өөр бусад түлш үйлдвэрлэх төслүүдээ зогсоож байна. Тэр дундаа ашигласан хүнсний тосноос нисэх онгоцны түлш үйлдвэрлэхээс татгалзаж байгаад би баяртай байна.

 

Шинэ Маршалын төлөвлөгөө бол хөгжиж буй орнуудад зориулсан “ногоон ташуур ба чихэр” 

Уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийг тойрон зохиомол эрүүл бус шуугиан дэгдээж байгаа нь сүүлдээ сэдвийг мушгин гуйвуулахад хүргэж байна. Жишээ нь олон улсын “Оксфам” байгууллагаас саяхан хийсэн шалгалтын дагуу Дэлхийн банк уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төслүүдэд зарцуулсан 41 тэрбум орчим ам.долларын тайланг гаргаж өгөөгүй байна.
Хэд хэдэн улс орнууд эрчим хүчний шилжилтийн сэдвийг ашиглан орлого олохыг зорьж байна. Ийнхүү саяхан АНУ-ын гадаад бодлогын гол дуу хоолойны нэг болох «Форин афферс» хэвлэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг Америкийн эдийн засгийн ашиг сонирхолтой нэгтгэхийг санал болгосон байна. Уг хэвлэл нь Маршаллын төлөвлөгөөний нэгэн адил хөгжиж буй орнуудад “ногоон” технологийг дэмжих санал дэвшүүлжээ.
Маршаллын шинэ төлөвлөгөөний дагуу АНУ дэлхийн манлайллаа сэргээж, технологийн бүрэн эрхт байдлыг олж авахын тулд хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламжийнхаа оронд Америкийн ногоон шилжилтийн технологи, тоног төхөөрөмж худалдан авахыг үүрэг болгоно.  
АНУ түншүүдийнхээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүслийг маш хүчтэй хөшүүргээр өдөөх бодолтой байна: өөрийн орондоо америк төвтэй “ногоон” хөтөлбөрийг дэмжихээс татгалзсан улс орнууд импортын татвар төлөх шаардлагатай болох юм. Энэ нь зарлаад буй эрчим хүчний шилжилтийн хөтөлбөр бол үндсэндээ “алтан тэрбум”-ын нэг хэсэг биш дэлхийн хүн амын 88 хувийн хувьд хүчтэй хориг арга хэмжээний саад тотгор болж байна гэсэн бидний хэлж буй зүйлийг баталж байна.
Гэсэн хэдий ч Трумэний үеийн Америкаас ялгаатай нь одоогийн АНУ хэд хэдэн шалтгааны улмаас ийм хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй юм. Тус улс технологийн салбарт ч, дэлхийн худалдаанд ч тэргүүлэгч байхаа больсон. Мөн доллар нь хориг арга хэмжээний дайны хэрэгсэл болон хувираад удаж байна.

 

Дэлхийн “ногоон эрчим хүч”-ний 70% нь Хятадад байдаг

АНУ “цэвэр” эрчим хүчний салбарын шинжлэх ухааны хөгжлөөр 15 жилээр хоцорч байна. Өнөөдөр дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хүчин чадлын 70 гаруй хувь нь АНУ-д бус Хятадад байрладаг.
Сүүлийн 25 жилийн хугацаанд АНУ дэлхийн худалдаанд ч тэргүүлэх байр сууриа алдсан. 2000 онд АНУ дэлхийн улс орнуудын 80%-ийн хувьд худалдааны хамгийн том түнш нь байсан гэдгийг энд сануулъя. Өнөөдөр байдал эрс өөрчлөгдсөн бөгөөд улс орнуудын гуравны хоёр орчимд нь Хятадтай хийсэн худалдааны эргэлт нь АНУ-тай хийсэн худалдааны эргэлтээс нь илүү их байна.
Дэлхийн худалдаанд АНУ-ын нөлөө багассан нь америк доллар олон улсын төлбөрийн хэрэгсэл байх байр сууриа аажмаар алдаж байна. Үүнд АНУ-ын хориг арга хэмжээ багагүй үүрэг гүйцэтгэж байгаа юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд АНУ хориг арга хэмжээг улам бүр идэвхтэй ашиглаж байгааг бид харж байна: хориг арга хэмжээний тоо аль хэдийн 15 мянга давсан байна. Хориг арга хэмжээ авахын тулд буруутгах, гэм бурууг нотлох шаардлагагүй болсон зэрэг нь олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудтай зөрчилдөж байна.

 

Хөгжиж буй орнууд долларын ноёрхлын золиос болж байна

Алтаар баталгаажаагүй мөнгөний хэрэглээнд суурилсан дэлхийн мөнгөний систем дэх АНУ-ын ноёрхол нь хэд хэдэн хөгжиж буй орнуудыг өр, санхүүгийн хямралд хүргэж, хэдэн арван жилийг алдуулжээ. Эдгээр хямралын шалтгаан нь хөгжиж буй орнууд ам.доллараар их хэмжээний зээл авч, улмаар эдгээр улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулсан явдал юм. 
Хямралд хүргэсэн шийдвэрүүдийг Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан зэрэг АНУ-ын хяналтад байдаг олон улсын санхүүгийн байгууллагууд, эдийн засагч нарын идэвхтэй оролцоо, шахалтаар гаргасан байдаг юм.
Шинжээчдийн дүгнэж буйгаар сүүлийн 45 жилийн хугацаанд хөгжиж буй орнуудын баялгийг дахин хуваарилснаар тэнцвэр нь өндөр хөгжилтэй орнуудын талд 16 их наяд ам.долларын ашигтай гарсан байна. Үүний тод жишээнүүдийн нэг бол ОУВС, Дэлхийн банкны ивээл дор Украинд хийгдэж буй “бүтцийн шинэчлэл” гэж үзэж болно.
Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэх нь Украинд санхүүгийн тусламж үзүүлэх зайлшгүй нөхцөл бөгөөд энэ нь эргээд стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө, тэр дундаа хөдөө аж ахуйн тариалангийн газрыг барьцаалан өгч байна. Хэдэн жилийн өмнө Барууны хяналтад байдаг олон улсын байгууллагуудын хатуу шахалтаар, хүн амын томоохон эсэргүүцлийг үл харгалзан Украин улс хөдөө аж ахуйн газрыг худалдахыг хориглосон хоригоо цуцлахыг зөвшөөрсөн юм. Өнөөгийн байдлаар нийт газар тариалангийн талбайных нь гуравны нэг орчим нь хувийн мэдэлд байна. Түүгээр ч зогсохгүй хамгийн том газар эзэмшигчдийн эхний аравт орж буй компаниудын нэг нь л Украины компани байгаа бөгөөд бусад ес нь гадаадад бүртгэлтэй компаниуд байдаг юм. Украины тариалангийн талбай, засгийн газрын өрийг эзэмшиж буй Барууны хамгийн том эзэмшигчдийн дотор Blackrock, Vanguard, NCH Capital, Copernik Global Investors, BNP Paribas Asset Management зэрэг Америкийн алдартай санхүүгийн том компаниуд байна. 

 

Орос бол Евразийн эрчим хүчний аюулгүй байдлын баталгаа бөгөөд  дэлхийн баялгийн нөөц юм

Долларыг хориг арга хэмжээ болгон ашиглаж байгаатай адил алдаа бол Оросыг эрчим хүчний зах зээлээс шахан зайлуулах бодлого бөгөөд энэ нь дэлхийн эдийн засгийг сүйрэлд хүргэх нь гарцаагүй.
Асар их хэмжээний, олон төрлийн байгалийн нөөцтэй Орос улс дэлхийд онцгой байр суурь эзэлдэг юм. Манай улсын байгалийн баялгийн нийт үнэлгээ 100 их наяд ам.доллар буюу АНУ-ын ижил үзүүлэлтээс бараг хоёр дахин их юм. Энэ бүхэн нь манай улсад асар их үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа юм. Чухамхүү энэхүү байгалийн нөөцийн өвөрмөц бааз нь гадаад түншүүдэд урт хугацаанд хийх найдвартай нийлүүлэлтийн баталгаа болж байгаа юм.

РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ