Ч.БЯМБАХАЖИД

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг өөрийн нэр төрөө сэргээлгэх, хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр давж заалдах шатны шүүхэд хандах болсон талаараа хэвлэлийн хурал хийлээ.

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягийг бусдын биед халдсан гэм буруутайд тооцож мөнгөн торгууль оноосон байна. Энэ талаар “Ард санхүүгийн нэгдэл”ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг: “Хоёр жил чимээгүй явсны эцэст өнөөдөр хэвлэл мэдээлэлд хандахад хүрлээ. Нэгдүгээрт, би шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Ямар нэгэн гэмт буруутай зүйл хийж, эмэгтэй хүний биед гэмтэл учруулаагүй. Тухайн үед болсон зодооныг салгасан. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа явцуу үндэслэлээр, буруу баримт нотолгоо дээр тулгуурлан буруу шийдвэр гаргасан. Шүүх хурал болох гэж хоёр жил болсон. Энэ хугацаанд би өөрөө хохирогч гэдэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн энэ хугацаанд мөрдөгчийг хоёроос гурван удаа сольсон. Бас прокурорыг хоёр удаа сольсон. Шүүх хуралдаанаар тухайн прокурор хоёр талд тэгш хандах ёстой ч миний хохирлыг шууд хүчингүй болгож, яллах дүгнэлт гаргасан. Үүний цаана эдийн засгийн ашиг сонирхол байсан уу, сонгуультай холбоотой зүйл байсан уу гэдгийг мэдэхгүй. Мөн 400 гаруй мянган хүн өнөөдөр Ард койныг эзэмшдэг. Хувьцаа болон койн зэрэг нь аливаа мэдээлэлтэй холбоотойгоор хэлбэлздэг. Үүний цаана иргэд мөнгөөрөө хохирдог. Тиймээс иргэдэд үнэн зөв мэдээллийг өгөхөөр мэдээлэл хийж байна. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүхээр шийдэгдээгүй, тодорхой бус хэргийн талаар нийгэмд худал мэдээлэл түгээж, хүний нэр төрд халдахгүй байхыг анхааруулмаар байна” гэв.

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хууль, эрх зүй хариуцсан захирал С.Нямгэрэл:

-“Нотлох баримтууд болон хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтээс харахад  Ч.Ганхуяг захирлыг хохирогчоор тогтоосон байна. Гэтэл үүний дараа мөрдөгч, прокурор нь солигдож, иргэний нэхэмжлэгчээр буюу эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулах хэрэгтэй хэмээн эрх зүйн байдлыг нь өөрчилсөн. Ингээд эцэст нь эмэгтэй хүнийг гэмтээсэн хэмээн гэм буруутайд тооцсон. Нотлох баримт, материалуудаас харахад процессууд нь дандаа гадны нөлөөтэй эсвэл тодорхойгүй нөхцөл байдлаас үүдсэн үү гэмээр маш ойлгомжгүй зүйл олон байна. Мөн Ард санхүүгийн нэгдэл олон хувьцаа эзэмшигчтэй хариуцлагатай байгууллагын хувьд энэ талаар тодорхой мэдээллийг өгөх үүднээс өнөөдрийн хурлыг хийж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn