Ч.БЯМБАХАЖИД

Иргэдэд нэг га газар олгож, баялагтай амьдрах боломжийг олгох талаар Үндсэн хууль тогтоогчдын холбооноос хэвлэлийн хурал хийлээ

Энэ талаар Үндсэн хууль тогтоогчдын холбооны орлогч дарга С.Билэгсайхан:

-“Би Монголыг хөгжүүлэх концепцийг бичин Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар ажилласан. Гэсэн хэдий ч энэ санал маань аудитаар ороод хасагдсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт мөн өөрийнхөө саналуудыг тусгуулахаар явж байгаа. Иргэн бүртээ нэг га газар өгөхийг хүсэж байна. Ингэснээр мөнгө, хөрөнгө зарцуулахгүйгээр иргэдээ газартай болгох юм. Газрын нэгдмэл сангийн 2023 оны Улсын нэгдсэн тайлангаас харахад гадаадын 251 ААН 3.2 сая га газар эзэмшиж байна. 3.5 сая иргэнтэй учир иргэн бүрд нэг га газар эзэмшүүлснээр Монгол Улс 3.5 сая га газартай болох юм. Сонгуулийн үеэр Хүн нам “өрх бүрд нэг га газар” өгөх тухай ярьж байсан. Монголд 800 гаруй мянган өрх байна. Тэгэхээр 800 мянган га газар гэсэн үг юм. Иргэдээ баяжуулах нэг арга бол ямар нэгэн төсөв хөрөнгө шаардалгүйгээр иргэн бүрд газар олгох юм. Монголын төрийн өмчит компаниудад 123 га газар байдаг. Үүнээс 21 нь ашиггүй ажилладаг. Эдгээр компаниудын газрыг дуудлага худалдаагаар зарж, улсын төсөвтөө мөнгө хуримтлуулах боломжтой. Газар хувьчилсан зарим улсын жишээг дурдвал, Катар улс 3.8 сая хүн амтай. Энэ улс газраа хувьчилж эхэлснээр одоо хөгжингүй орнуудын тоонд орж байна. Өнөөдөр Катар улсын нэг хүнд ногдох ДНБ нь 55 мянган ам. доллар болсон. Бид байгалийн баялагтаа эзэн болж амьдармаар байна. Хуульд өөрчлөлт оруулж 0.07 га-г нэг га болгоход л хангалттай” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn