З.БАТЦЭЦЭГ
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хил хамгаалах алба болон Техасын Олон нийтийн аюулгүй байдлын албаны ажилтнууд Мексикээс АНУ-ын муж руу харгалзах хүнгүй 100 гаруй хүүхэд нэвтэрч байсныг илрүүлжээ. Энэ тухай NewsNation телевизийн суваг Техасын хилийн албаныхны иш татан мэдээлэв.
Тэдний мэдээлснээр олдсон хүүхдүүд 2-17 насныхан бөгөөд тэднийг Техас мужийн Маверик, Вал Верде мужид үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийнхнийхээ хөлсөлсөн хууль бус наймаачид АНУ руу зөөвөрлөсөн байна.
Мексикээс Америкийн нутаг дэвсгэрт нэвтрэх хүүхдийн тоо нэмэгдэнэ гэж Техасын Олон нийтийн аюулгүй байдлын хэлтэс үзэж байна гэж телевизийн суваг тэмдэглэв.
Цагаачлалын хямрал нь АНУ-ын сонгуулийн өрсөлдөөний гол асуудлуудын нэг болж, Бүгд найрамдахчууд Жо Байдены засаг захиргааг, Ардчилсан намынхныг энэ байдал огцом муудсанд буруутгаж байна. АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөснийхөө дараа Америкийн түүхэн дэх хууль бус цагаачдыг албадан гаргах хамгийн том ажиллагааг явуулах бодолтой байгаагаа удаа дараа хэлж байсан.
Эх сурвалж: www.polit.mn