Д.НАДМИД
Японы мэргэжлийн сүмогийн оны сүүлчийн тэмцээн буюу Кюүшюү башё тун сонирхолтойхон өндөрлөв.
Монголчуудад бүр сайхан сэтгэгдэл төрүүлсэн явцтайгаар сүүлчийн өдөртэй нь золгосон. Гэтэл юу болов. 28 жилийн өмнө яг ийм хоёр озеки түрүүлэхийн төлөө барилдсан энэ өдөр давтагдсан гэж болно. Тэр хүчтэн нь хэн байв гэвэл Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү озези Хоошёорюү С.Бямбасүрэн нөгөө нь өдрөөс өдөрт амжилт нь ахиж яваа япон сүмоч, озеки Китозакура нар байлаа. Тэр хоёр адилхан 14 даваа нэг унаатай барилдлаа. Барьц авахын агшинд Хоошёорюү сөхөрчихөв. Ингээд озеки Китозакүра 27 насандаа анхны түрүүгээ авч эзэн хааны цом гардлаа. Харин монголчууд Хоошёорюүд барих гэж байсан хадаг юугаа далд хийсэн байх. Олон хүн дахиад ийм завшаан олдоо ч уу, үгүй ч үү гэж бодсон доо лав. Уг нь ганц Хоошёорюү биш монголын бусад сүмочид тун дажгүй барилдсан юм шүү дээ. Дөчин настай “төмөр хүн” гэж нэрлэгдэж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил тавин хувиа хийсэн бол магаширагийн 14-өөс боссон Чёошома Г.Мөнхсайхан тун гарамгай барилдаж 11 даваа авсан нь түүний хувьд цоо шинэ амжилт байв. мөн Онокацү Х.Чойжилсүрэн дээд зиндаанд анх барилдаад есөн даваа авлаа. Түүний барилдаан сүмогийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байх шиг байна лээ шүү.
Тэгвэл тааруухан барилдсан бөхийн тоонд Ошима П.Дэлгэрбаяр гурав, секиваке цолтойгоор боссон Киришима Б.Лхагвасүрэн нэр бичигдэв. Даангүй озеки цолоо буцааж авах зорилготой барилдсан Киришима Б.Лхагвасүрэн бас л цол буурахаар болов. Бас ёкозүна цол горилж байсан япон сүмоч залуу шинэ озеки Оносато олныхоо итгэлийг энэ удаа алдаж дөнгөж найм давж “амь гарав”. Энэ удаагийн башёгийн гол гурван шагналыг Аби, Вататагаге, Такиношо нар хүртлээ. Тэр шагнал нь 50 мянган доллар байдаг гэнэлээ.
Эх сурвалж: www.zms.mn