Ч.БЯМБАХАЖИД

Дэлхийн жорлонгийн өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-аас хэвлэлийн хурал хийлээ. Уг өдрийг “Жорлон бол амар тайван орчин” уриан дор тэмдэглэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламж нь эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байгааг онцоллоо. Энэ өдрийг дэлхийн 3.5 тэрбум гаруй хүн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй байгааг сануулах зорилгоор улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн Жорлонгийн өдрийг 2013 оноос хойш НҮБ-ын албан ёсны өдөрлөг болгон зохион байгуулж байна.

Монгол Усны түншлэл ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Басандорж:  -“Нүхэн жорлон, ус, хөрсний бохирдлын асуудал агаарын бохирдлоос илүү гамшгийн хэмжээнд хүрсэн байдалтай байна. Жилд 5.5 сая тонн шингэн хаягдал, 1.6 сая тонн өтгөн хаягдал байгаль орчинд хаягдаж байгаа юм. Цаашид энэ хэвээр явбал ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрэх асуудал байгаа. Жорлонгийн асуудал ганц Монголд ч бус дэлхийн хэмжээнд асуудал дагуулж байна. Монгол улсын хувьд 911 мянга гаруй өрхтэй. Үүнээс 780 гаруй мянга нь нүхэн жорлонг ашигладаг гэсэн судалгаа байна. Тиймээс энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Өнгөрсөн жил БНХАУ-д Жорлонгийн ОУ-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Хятад улс жорлонгийн хувьслыг сайн хийж байгаа нэг жишээ юм. Хүний ялгадас өдөрт 200-400 грамм гардаг гэж үзэж байгаа юм. Энэ ялгадсанд асар их вирус, шимэгч хорхой агуулагддаг. Нүхэн жорлонгийн асуудал бол зөвхөн хөрс, усны бохирдлоос гадна хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг үгүй хийж, гамшгийн хэмжээнд хүрэх хандлагатай байгаа юм. Монгол улсын хэмжээнд шаардлага хангасан ариун цэврийн байгууламж 300 мянга гаруй байна. Шаарлага хангаагүй нь 400 мянга гаруй байна. Сая гаруй хүний нүхэн жорлонгийн асуудал шийдэгдээгүй байна” гэв.

Усны газрын дарга З.Батбаяр: -  “Улаанбаатар хот 680 мянган нүхэн жорлонтой, 17 мянган худагтай. Нэг худгийг тойроод 40 жорлон байхад та цэвэр ус уух боломжтой юу?. Хүний амар амгалан байх орчин бол жорлон юм. Нүхэн жорлонд хүн амар амгалан байж чадах уу, хасах 25 градуст хөлдсөн мөсөн жорлонд халтирахгүйн тулд сууж байгаа хүн амар амгалан байх уу. Энэ бол бидний бодох асуудал юм. Энэ жил наймдугаар сард Усны газраас Улаанбаатар хотын гадаргын усанд орохыг хориглосон. Өөрөөр хэлбэл Туул, Сэлбэ голд сэлэхгүй байхыг зөвлөмж болгосон. Үүний шалтгаан жорлонтой холбоотой. Бидний уух устай жорлон хамааралгүй хэмээн бодож байж магадгүй. Гэтэл хөрс бохирдсоноос шалтгаалан голууд бохирдож байна. Улмаар гүний усанд нөлөө үзүүлж болзошгүй нөхцөл байдал үүсэн. Энэ цикл бүгдэд ойлгомжтой байх. Таны бие махбод эрүүл, үр хүүхэд тань өвдөхгүй байх уу, үгүй юу гэдэг нь жорлонгоос шууд хамааралтай. Улаанбаатар хотод 1.5 сая хүн амьдардаг. Хүн амаа 680 мянган жорлондоо хуваах юм бол хоёр хүн тутамд нэг жорлон ногдож байна. Бүх жорлонг жигд тараагаад тавих юм бол Сүхбаатарын талбай 4-6 нүхэн жорлонтой тэнцэнэ. Ийм байхад бүх зүйл хэвийн мэт сууж болох уу. Энэ жилийн хувьд “Хүний амар амгалан байх орчин бол жорлон юм” гэж тодорхойлсон” гэлээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал С.Өнөрсайхан: -“ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-ын 2023 онд хамтран хэрэгжүүлсэн үнэлгээгээр эрүүл мэндийн байгууллагын 40 хувь нь ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээтэй, 46 хувь нь хязгаарлагдмал үйлчилгээтэй, 15 хувь нь үйлчилгээгүй буюу сайжруулаагүй ариун цэврийн байгууламжтай байна. ТХЗ-ын 3.9.2-д Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Эрүүл Мэндийн Үзүүлэлт 2023-д Монгол улсын хүн амын дундах баталгаагүй ундны ус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжаас шалтгаалсан нас баралтын түвшин 100 мянган хүн амд 2019 оны ДЭМБ-ын статистик тооцооллоор 3.2 байгаа нь дэлхийн дундаж 18.3-аас 15.1, Номхон далайн баруун эргийн бүсийн дундаж 4.3-аас 1.1-р тус тус доогуур байна.

Цаашид анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвүүдийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдлыг сайжруулах, Нүхэн жорлон хэрэглэж байгаа эрүүл мэндийн байгууллагуудыг төвлөрсөн ариутгах татуургын системтэй холбогдсон, ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn