Ч.БЯМБАХАЖИД

Нийслэлийн авто замын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотод олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар тогтоох шийдвэр энэ сарын 8-аас хэрэгжиж эхэлсэн. Тус шийдвэрийн хүрээнд импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгоход хязгаарлалт хийсэн. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Эко авто машин импортлогчдын холбоо ТББ, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо ГҮТББ-аас өчигдөр мэдээлэл хийлээ.

Эко автомашин импортлогчдын холбоо ТББ-ын тэргүүн Т.Лхагважав: - “Энэ асуудал Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын яаралтай горимоор батлагдсан нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиас улбаатай юм. Уг хуулиар нийслэлд олгох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоох эрхийг НИТХ-д олгож, НИТХ-ын төлөөлөгчид энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр хуралдаж түгжрэлтэй холбоотойгоор автомашины дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Уг тогтоолоор Нийслэлийн Засаг даргад 730 мянгад багтаан дугаар олгох шалгуур үзүүлэлтийг баталж ажилла гэх үүрэг өгсөн байдаг. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар аравдугаар сарын 23-ны өдөр найман шалгуур үзүүлэлт бүхий захирамж гаргаж, энэ сарын 8-ны өдрөөс эхэлж Улаанбаатар хотод автомашины дугаар олгох үйл ажиллагааг зогсоосон. Одоогоор автомашины худалдаа эрхэлдэг төлөөллийн байгууллагууд, бизнес эрхлэгч бид өнөөдрийг хүртэл уг тогтоомжийг хэрхэн шийдэхийг харж, хүлээсэн байдалтай байсан. Гэвч “бодит байдал дээр энэ шийдвэр хэрэгжхэд хэцүү, хувь хүний өмчлөх эрхэд халдсан” байна гэж үзэн хэсэг иргэд Үндсэн Хуулийн Цэцэд хандсан. Мөн хотын даргын гаргасан захирамж “хүний эрхийн зөрчилтэй, холбогдох хуульд нийцээгүй” гэсэн үндэслэлээр хууль зүйн яамнаас буцсан байна. Улсаас өмчтэй байх гээд машин худалдаж авч, бүртгэлжүүлье гээд л дугаар олгодог. Гэтэл бүртгэлийн системээр олгодог дугаар нь үнэтэй болоод гадуур хамгийн багадаа хоёр сая төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Энэ байдал нь автомашины бизнес эрхэлж байгаа хүмүүст болон иргэдэд маш хүндрэлтэй байна. Онцлон хэлэхэд түгжрэлийг бууруулах зорилгоор арга хэмжээ авч байгаа нь зөв ч эдгээр хууль, тогтоомжууд нь амьдрал дээр бууж, бодитоор хэрэгжих эсэхийг эргэн хараасай хэмээн хүсч байна” гэлээ.

Эко автомашин импортлогчдын холбооны ТУЗ-ын гишүүн Н. Шагдар: “Хотын дарга олон нийтэд автомашины бизнес эрхлэгчдийг санаатайгаар гүтгэсэн мэдээлэл өгсөн. Хот удирдаж байгаа хүн Монгол Улсын гаалиар орж ирж байгаа автомашин ямар төрлийн татвар төлдгийг мэдэж байх ёстой. Гэвч нэг ч төгрөгийн татвар төлдөггүй гэж хэлсэн. Жишээ нь нэг автомашин Монгол Улсын хилээр орж ирэхдээ үйлдвэрлэсэн он, моторын багтаамжаасаа хамаарч дунджаар 10-15 сая төгрөгийн НӨАТ, гаалийн татвар, онцгой албан татвар төлдөг. Арван машин оруулж ирэхэд л 100-150 сая төгрөгийн татвар төлж байна гэсэн үг юм. Хамгийн тодорхой татвар төлдөг бизнес. Хэзээ зарагдах нь мэдэгдэхгүй бараа нь дээр урьдчилаад татвар төлчхөөд эрсдэлээ үүрээд сууж байдаг” гэв.

Авто худалдаа, автомашины бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн П.Ганцоож:  -“Улсдаа татвараа төлөөд бизнес хийгээд явж буй хүмүүсийг нэг ч төгрөгийн татвар төлдөггүй гэж хэлсэн нь шударга бус байна. Бидний бизнес эрхлээд олж байгаа мөнгийг “Халтар төгрөг” гэдэг юм уу? Нийслэлийн зүгээс бидэнд “асуудлыг чинь сонслоо, дөрөв дэх өдөр хариу өгнө” гэж хэлсэн ч биднийг нийгэмд буруугаар ойлгуулж, “Чадвал жагс, тэмц” гэж хотын дарга хүн хэлж болдог юм уу?” гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn