З.БАТЦЭЦЭГ

Чидун жимсний тосны хомсдол, үнэ хурдацтай өсч байгаа нь залилан мэхлэх таатай нөхцлийг бүрдүүлсэн. Хэрэв та ресторанд оливын тос захиалсан бол шошгыг сайтар шалгаж үзэх нь дээр. Хуурамч оливын тосыг худалдаалах нь “нийтлэг практик” болсон гэж Европол мэдэгдэв. Арваннэгдүгээр сард эрх баригчид Итали, Испанид зохион байгуулсан хяналт шалгалтаар 260,000 литр хуурамч бүтээгдэхүүн хураасны дараа ийм сэрэмжлүүлэг гаргажээ. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Римд яг ийм шалтгаанаар тавь орчим зоогийн газар мөрдөн байцаалтад өртөж, шинэ асуудал үүсгэв.
Зарим луйварчид үнэт “шингэн алтыг” хамаагүй хямд ургамлын тосоор сольдог. Ердийн ургамлын тос нь тунгалаг байдаг тул ногоон өнгөтэй болгохын тулд хлорофиллоор, шар өнгөтэй болгохын тулд каротиноидоор буддаг. Үр дүнд нь оливын тостой төстэй өнгө гаргах юм. Гэхдээ гаднаас нь хархад адилхан ч ялгаа нь асар их. 
Хүнсний шинжлэх ухааны профессор Маурицио Сервили Евроньюс агентлагт өгсөн ярилцлагадаа “Хямд үнэтэй ургамлын тос нь амт, үнэргүй, харин чидун жимсний тос хэзээ ч амтгүй байдаггүй. Энэ нь чихэрлэг, гашуун эсвэл халуун ногоотой байж болно, гэхдээ хэзээ ч амтгүй байхгүй. Чидун жимсний тосыг хэрэглэж үзсэн хэн бүхэн ялгааг мэдрэх болно. Полифенол нь түүнд онцгой амтыг өгдөг” гэжээ. 
Ургамлын үрийн тосыг жинхэнэ чидуны тостой хольсон бол хуурамч гэдгийг нь илрүүлэхэд арай хэцүү. “Ийм тохиолдолд энгийн шинжилгээгээр луйврыг илчлэх боломжтой. Жишээлбэл, өөх тосны хүчил эсвэл стеролын найрлага, спектрофотометрийн шинжилгээ” гэж профессор Сервили хэлэв. Зарим оронд ийм хольцыг зарахыг зөвшөөрдөг боловч лонхонд агуулагдах чидуны тосны хэмжээг шошгон дээр тодорхой бичсэн байх ёстой бөгөөд бүтээгдэхүүнийг “чидун жимсний тос” гэж нэрлэх боломжгүй юм.
Оливын тос худалдаж авах эсвэл захиалахдаа лонхон дээрх мэдээллийг үргэлж шалгаарай. Ургац хураах огноо, газрыг оруулсан эсэх, QR кодыг сканнердаж үйлдвэрлэлийн гинжин хэлхээг хянах боломжтой эсэхийг шалгаж, DOP эсвэл IGP зэрэг гуравдагч талын баталгаажуулагч, шалгагч эсвэл консорциумын лацыг хайж олоорой. Италийн оливын тос үйлдвэрлэгч Сабина Петруччи хэлэхдээ “Хамгийн дэвшилтэт тосны консорциумууд блокчэйн системийг хянах зорилгоор ашигладаг” Гэхдээ тэр нэмж хэлэхдээ “хяналт илүүдэхгүй” бөгөөд хэрэглэгчид ийм хяналтын хэрэгсэл байгаа талаар “илүү их мэдлэгтэй байх” хэрэгтэй” гэв. 
Дэлхий дахинд тосны хомсдолын улмаас хуурамч тосны схем хурдацтай тархаж байна. “Сүүлийн хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэл уналтад орсон. Зөвхөн 2023 онд бид дэлхий даяар 20-25% алдсан” гэж Сервили хэлэв. 
Үүний гол буруутан нь Газар дундын тэнгис дэх хэт ган гачиг бөгөөд дэлхийн оливын тосны үйлдвэрлэлийн бараг 90 хувийг бүрдүүлдэг бүс нутаг юм. “Испани, Грек, Итали, Тунис - тэд бүгд хохирсон. Энэ жил үүнээс ч дор байж магадгүй. Усны нөөц шавхагдаж байна. Энэ нь үнэ огцом өсөхөд хүргэсэн. Оливын тос өмнө нь супермаркетад нэг литр нь 3-5 еврогийн үнэтэй байсан бол одоо 10-12 еврогийн үнэтэй байна”. 

Эх сурвалж: www.zms.mn