Т.БАТСАЙХАН
Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилготой Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулганыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулав. “Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцож нэгдсэн болон салбар хуралдаан, бүс бүрийн онцлогийг харуулсан үзэсгэлэн зохион байгууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэл танилцуулав.
Л.Оюун-Эрдэнэ:
Хиймэл оюун ухаан, хүний нөөц, ногоон эдийн засгийг дэмжинэ
-Монгол Улс ирэх жилүүдэд уламжлалт эдийн засгаа 41 их наядаас 132 их наяд хүртэл тэлнэ. Цаашид түүнээс илүү тэлэхийн тулд гурван шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай. Үүнийг “Шинэ эдийн засаг-Шинэ шилжилт 2.0” гэж нэрлэж байгаа юм. Гурван шилжилтэд нэгдүгээрт, AI болон өндөр технологийн шилжилт, хоёрдугаарт, ногоон шилжилт. Нүүрсийг боловсруулах болон нүүдлийн мал аж ахуйн инновац энд багтана. Гуравдугаарт, HR буюу хүний нөөцийн шилжилт багтаж байна. Шинэ эдийн засгийг дэмжихийн тулд бид 2025 оны төсөвт хатуу дэд бүтэцдээ томоохон хөрөнгө оруулалтыг тусгасан бол 2026 оноос зөөлөн дэд бүтэцдээ илүү анхаарна” гэв. Энэ талаар эдийн засгийн шинжээчид “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийж байгаа эдийн засгийн шилжилтэд мэдээж хугацаа орно. Гэхдээ үүнийг хийж байж бүх салбарт бүтээмж өснө. ДНБ 10 мянган ам.долларт хүрэх үед ийм болж эхлэхгүй бол “эдийн засгийн хордлого”-д орно” гэж тайлбарлаж байлаа. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илтгэлд, “Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсөв бол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв. Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлдэг, нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлэхээр Засгийн газар тусгасан. Ингэснээрээ төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гаргаж салах болно” гэлээ.
Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга:
Бүсчилсэн бодлого хэрэгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг хурдасгах ач холбогдолтой
- Бүсчилсэн хөгжлийн бодлогыг 2024 онд парламент баталсан. Одоо бүс болгоны зорилт, онцлогийг тодорхойлох үйл явц өрнөж байна. Монголчууд бүгдээрээ бүсчилсэн хөгжлийн талаар нэг ойлголттой, нэг зорилттой болчихвол энэ зорилго маань үр дүнд хүрнэ. Өнгөрсөн 30 жилд 21 аймагт хуваагдаж, улсаараа нэг төсөвтэй, нэг эрх зүйн орчинтой явж ирсэн. Энэ нь цаг хугацааны хувьд удаан зарим газар таарч байгаа эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин нөгөө хэсэг газар таардаггүй гэдэг ч юм уу онцлогоосоо болоод янз бүр явж ирсэн. Тэгэхээр үүний ялгаа заагийг гаргаж, бүсчилсэн байдлаар төлөвлөх нь эдийн засгийг хурдасгах ач холбогдолтой. Боомтын сэргэлтийн бодлого мөн бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо уялдаад явна. Улаанбаатараас гадна Монгол Улсын үндсэн зургаан том бүс байна. Энэ зургаан бүсээ хөрш орнуудтайгаа боомтоор шууд холбох бодлогыг хэрэгжүүлнэ. Боомтгүй байгаа зарим бүс нутгийн боомтын үйл ажиллагааг буцааж сэргээнэ. Зүүн бүсэд зөвхөн Дорнод аймаг гэхэд долоон боомт байна. Боомтуудыг хөгжүүлж, Монгол Улсын далайд гарцтай болох хоёр дахь том гарцыг бий болгоно гэсэн төсөөлөлтэй байна. Баруун бүсэд ОХУ-ын БНХАУ гэсэн чиглэлийн транзит тээврийг хөгжүүлэхээр онцгой анхаарал хандуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 208 (7452)