Б.БОЛОР

“Эрдэс боловсруулалт -2024” олон улосын эрдэм шинжилгээ, онол практикийн хурал өнгөрсөн баасан гаригт Новотел зочид буудалд боллоо. Тус хуралд уул уурхайн хөгжил сайтай Канад, Австрали, АНУ, БНХАУ-ын төлөөлөл, гадаад, дотоодын 300 гаруй судлаач, мэргэжилтэн оролцож, нийт 20 гаруй илтгэл тавин шинэ мэдлэг мэдээлэл солилцож, судалгааны үр дүн, туршлагаа хуваалцлаа. Энэ үеэр нүүрсээ баяжуулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх, зэсээ хайлуулах, газрын тосоо боловсруулах тухай ярьсан. Мөн үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагааны чигийг тодорхойлж, зарим нь бүтээн байгуулалт руу шилжсэн тухай оролцогчид хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, эрдэс баялгийг үнэ цэнтэй материал болгох нь экспортын орлого нэмэгдэхэд нөлөөлдөг ажээ.
Хурлын үеэр Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч, зөвлөх инженер Б.Чинзориг “Манайд эрдэс баялгийг нунтаглах, хүдэр баяжуулах зардал дунджаар 50-70 хувьтай байдаг. Тэгвэл шинэ техник, технологи, олон улсын боловсруулах салбарын аргыг нэвтүүлснээр зардлыг 5-10 хувиар бууруулна. Тэр хэмжээгээр ашгаа нэмэгдүүлж, уул уурхайн салбарын экспортын борлуулалтын орлого тогтмол, тогтвортой байх гарц нь энэ юм. Энэ бол баяжуулах салбарын инженер, судлаач, ажилчдын ажлын үндсэн зорилго, үр дүн” гэв.  Тэрээр мөн “Эрдэс баялгийг баяжуулж боловсруулах нь өндөр зардалтай байдаг. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, орлогыг багасгадаг. Тэгвэл эрдэс баялгийн боловсруулалт, баяжуулалтад шинэ техник, технологи, инновацыг нэвтрүүлснээр баяжуулж боловсруулах шат дамжлагыг нэгтгэж, үүгээр дамжуулан эрчим хүч хэмнэнэ” хэмээн онцоллоо. 

Эх сурвалж: www.zms.mn